Үндсэн орон тооноосоо 50 хувиар дутуу эмч, сувилагчтай “Өвгөн” эмнэлэг

Утаан дотор умбасан нийслэлд жирэмсэн эхчүүдийн 82 хувь нь ямар нэгэн хүндрэлтэй төрж байна. Бас өвчтөнөө хүлээж авсан эмнэлэг нь стандартаасаа 30, 50, 80 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна. Амаржсан эхчүүд ихэдлээ гэхэд төрөх эмнэлэгтээ хоёр хонодог. Харин төрөлтийн ямар нэгэн хүндрэлгүй бол ердөө 24 цаг болоод эмнэлгээс гаргаж орхино. Ээжүүд эмнэлгээс хурдан гарсаар байтал өнөөх ачаалал нь аль ч улиралд буураагүй улам нэмэгдсээр ирэв.  Гэтэл социа­лизмын үед шинээр мэндэлсэн эх амаржсан эмнэлэгтээ бараг сар хэвтээд гардаг байсныг тэр үеийн хүмүүс бүгдээрээ мэдэх биз.

Бид нийслэлийн хоёрдугаар амаржих газар буюу олны нэрлэж заншсанаар хоёрдугаар төрхөөс энэхүү сурвалжлагаа хийлээ. Өнгөр­сөн долоо хоногийн ням гарагийн өглөөний 07:00 цагийн үед тус амаржих газарт хүүхдээ хөхөөрөө дарж амьсгалыг нь бүтээсэн харамсалтай явдал болсон. Түүнчлэн уг төрөх эмнэлгийн ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусаж байнга мэргэжлийн хянал­тынхнаар торгуульдаг, нөгөөтэй­гүүр мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ дутмаг, мөн ачаалал гээд олон асуудал энэ эмнэлгийг бүчдэг. Тиймээс эдгээр асуудлдаар сурвалжиллаа.

 

75 ОРТОЙ АМАРЖИХ ГАЗАР 130 ХҮНД НЭГ ДОР ҮЙЛЧИЛЖ БАЙНА

 

Нийслэлийн хоёрдугаар амаржих газар хэмээх эл төрөх эмнэлэгт өнгөрсөн шөнө /уржигдар/ нийт 30 эх төржээ. Харин шинэ он гарсанаас хойш 300 гаруй хүүхэд эх барьж авсан байна. Эмнэлгийн хашаагаар машин дүүрч, эргэлтийн цонхон дээр нүүрэндээ баясалтай аавууд багтаж ядан зогсоцгооно.

Энэ үеэр тус амаржих газрын статистикч их эмч Р.Лхагвасүрэнгээс дараах хэдэн асуултад хариулт авлаа.

-Танай амаржих газар өнөөд­рийн байдлаар хэр зэрэг ачаалалтай байна бэ?

-Манай эмнэлэг бусад эмнэл­гүүдтэй адил мөн л ачаалалтай ажиллаж байна. Хувиар илэрхийлвэл 50 хувиар илүү ачаалалтай байгаа. Бидний нэг онцлог юу вэ гэхээр хоёр хүний амь нас зэрэг хариуцдаг болохоор илүү их хариуцлага, мэргэжлийн ур дүй, мэдлэгийг шаардаж байдаг. Үндсэндээ жилээс жилд ачаалал нэмэгдэж байна уу гэхээс буурахгүй шүү дээ. Тухайлбал 2011 онд манай амаржих газар 5850 эх төрүүлсэн бол өнгөрсөн онд 6415 эх мэндэлсэн. 2005 онд манайх 3000 эх төрүүлдэг байснаас одоо энэ тоо бараг хоёр дахин нэмэгдчихлээ.

- Тэгэхээр танай амаржих газар хэчнээн ортойгоос ачаалал нь 50 хувиар ихэссэн байна вэ?

-Уг нь 75 хүний ортой. Гэтэл бид төрөх гээд ирсэн эмэгтэйг ямар хөөлтэй нь биш. Яаж ингэж байгаад багтаагаад мэндлүүлдэг. Нөгөөтэйгүүр төрөх гэж байгаа эхийг шалан дээр хэвтүүлэхгүйн тулд бид эмнэлгээсээ санхүүжилт хийж тасагт нь ор нэмсээр одоо 130 хүнийг нэг дор хүлээн авч байна. Мэдээж хэрэг тасгийн ор нь байх ёстой стандартаасаа хэтэрчихээр өрөөний орчин нөхцөл ямар болох нь ойлгомжтой. Наад зах нь эмнэлгийн дотоод халдвар ихсэн шүү дээ. Харин төрсөн эхчүүд маань бие нь гайгүй бол 24 цагийн дотор гарчихдаг болохоор бие организмд нь нэг их муугаар нөлөөлсөн юм мэдэгдээгүй.

-Ер нь танай амаржих газрын барилга нэлээд удаж байгаа гэж дуулсан?

-Тиймээ. Манай эмнэлгийн байр бүр 1959 оных. Мэргэжлийн хяналтынхны шалгалтаар барилгын стандарт, шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт хүртэл гарсан.

-Түүнчлэн эх барих эмч, сувилагчдын хүрэлцээ их муу байдгийг салбарынхан байнга хэлдэг. Танай эмнэлгийн хувьд мэргэжлийн болов­сон хүчний хүрэлцээ хэр байна вэ?

-Манайх нийт 137 ажилтантай. Гэтэл яг эх барих мэргэжлийн эмч, сувалагчдын хүрэлцээ үнэхээр дутмаг байна. Эх барих эмч гэхэд 26 байхаас 17, эх барих сувилагч 16-8, нярайн сувилагч 30-11, эх баригч 36 байхаас 28 л байна. Өөрөөр хэлбэл үндсэн орон тооны дөнгөж 50 хувь нь л ажиллаж байгаа.

 

ХҮҮХДЭЭ ХӨХӨӨРӨӨ ДАРЖ АМЬСГАЛЫГ НЬ ХААСАН ЭЭЖИЙН ТАЛААР ИЙМ ХАРИУЛТ ӨГӨВ

 

Өнгөрсөн ням гарагийн өглөөний 07:00 цагийн үед тус эмнэлэгт нэгэн золгүй явдал болсон. Тодруулбал хүүхдээ хөхүүлж байгаад ээж нь унтчихжээ. Харамсалтай нь шинээр мэндэлсэн хүү амьсгал нь бүтэж хорвоог орхив. Чухам энэ асуудлыг эмч нарын буруугаас болсон талаар олны чихэнд хүрсэн. Тухайн үед яг юунаас болов гэдгийг тус амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунхандаас тодрууллаа.

Тэрбээр “Мэдээж хэрэг одоо хүүгээ алдсан ээж, аав нь хүнд байдалтай байгаа нь тодорхой. Харин нэг зүйл хэлэхэд ээж нь өмнө нь гурван удаа төрсөн. Дөрөв дэх хүүхэд нь байсан. Манай ээлжийн эмч, сувилагчаас хүүхдээ хөхүүлмээр байна гээд авсан байна лээ. Гэтэл ээж нь хүүхдээ хөхүүлж байгаад унтсанаас болж ийм харамсалтай явдал болчихлоо. Уг нь эмч, сувилагчдын ямар ч буруу байхгүй. Мэдээж хэрэг бяцхан амьтны амьсгал тэр даруйдаа бүтнэ шүү дээ. Ээлжийн сувилагч ч гэсэн ээжид нь хөхүүлэх цаг нь дуустал бусад тасгуудаараа явж байгаад очтол өмнө нь тийм золгүй зүйл болчихсон гэж байсан. Гай, барцад, гэнэтийн юм гэдэг чинь заавал хүнээр хянуулах шаардлагагүй шүү дээ. Миний хувьд ч гэсэн бас харамсч байна” гэлээ.

Хорвоо гэдэг хатуу хойно баян, ядуу, сайхан, муухай хэнийг ч үл  хайхарна. Тиймээс хэнд ч хэзээ ч зовлон, жаргал тохиолдож болно. Харин золгүй явдал шинэ он гарсанаар ганц тохиолдсон бол эл амаржих газарт агаар, орчны бохирдлоос болж хэчнээн эх, хүүхэд эндэж байгааг үзье. Өнгөрсөн 2011 оны байдлаар гэхэд дутуу төрсөн эмэгтэй 87 байсан бол өнгөрсөн онд 134 болтлоо өссөн байна. Энэ тоо бараг 30-40 хувиар нэг жилийн дотор өснө гэдэг нь шийдвэр гаргагчид зүгээр хараад суух хэрэг мөн үү гэх асуулт гарч ирнэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай өрх дийлэнхийг эзэлдэг талаар судалгаа бий. Тэгвэл бас нэг харамсалтай нь амьдралын боломжгүй эхчүүд эмнэлэгт хүүхдээ орхиод явчихдаг талаар эмнэлгийн ерөнхий эмч хэлж байв. Өнгөрсөн онд гэхэд л ийм дөрвөн тохиолдол гарч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч төдийлөн авч хэлэлцдэггүй аж. Түүнчлэн өрхийн орлогогүй, халдварт өвчтэй, сүрьеэтэй эмэгтэйчүүд төрхийг хориглосон байтал хүүхэд гаргадаг гэнэ. Учир нь тэд “Хүүхэд гаргаж гурил авах мөнгөтэй болмоор байна” гэж эмч нарын өмнөөс хэлдэг байна.

Энэ бүхэн өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын том эмгэнэл болжээ. Түүнээс гадна эх баригч эмч, сувилагч, орны хүрэлцээ, барилгын шинэчлэл зэргийг нийслэлийн хоёрдугаар амаржих газар хийх болсныг салбарын удирдлагуудад дуулгая.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих