Тусламжийн цуваа орон нутгийг зорив
Манай орны нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтож 18 аймгийн 91 суманд зудын аюул нүүрлэж, ихэнх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газарт 60-130 см-т хүрчээ. Улсын онцгой комиссоос малчдын ахуй амьдрал, эрүүл мэнд, гэр бүлийн амьжиргааны нөхцөл хүндрэхээс сэргийлж тусламжийн цувааг өнгөрсөн бямба гаригт үдлээ. Орон нутагт тусламжийн цувааг үдэх ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, аймгуудын Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцов. Аймаг дундын отрын долоон бүс нутагт 10 аймгийн 31 сум, нийслэлийн хоёр дүүргийн 437 малчин өрхийн 313 мянга гаруй мал өвөлжиж буй аж. Малчдад улсын нөөцөд 2010 онд бүрдүүлсэн 5.6 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 11.9 мянган тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан олгохоор болжээ. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Завхан аймгийн улсын нөөцийн цэг, салбарт 1600 тн өвс, 1250 тн тэжээлийг нэмж байршуулах юм байна. Мөн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгийн сум дундын хүн эмнэлэг, Онцгой байдлын газар, хэлтэс, цагдаагийн газарт 16 автомашиныг олгосон байна. Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймагт малын өвс, тэжээл, хүн, малын эм биобэлдмэл, тээврийн болон бензин шатахуун, бусад арга хэмжээний зардалд шаардагдах аймаг тус бүрт 50-262 сая төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Улсын чанартай автозам, давааны 42 цэгт автозам, засвар арчлалтын үйл ажиллагаа эрхэлдэг 23 компанийн нийт 205 замчин, 139 нэгж автомашин механизмыг бэлэн байдалд ажиллаж буй аж.
URL:




