Ял сонсоод байгаа Э.ГҮР-АРАНЗ “SAN MARINO” банкинд10 сая ам доллар, Л.Уланбаяр “Banka Partner”-д 3.5 сая евро хадгалуулж байжээ
Д.Энхтөр захирлын дотроо усан басстейнтай байшин Э.Гүр-Аранзын нууц өрөөтэй хаус 850 саяар үнэлэгдэж байна
Шил шилээ даран дампуурал зарласан банкуудын хэрэг нэг мөр шийдэгдэлгүй хэдэн жилийн нүүр үзлээ. “Зоос” банкыг Төрийн банк болгон өнгө зүсийг нь хувиргаж, харин “Анод” банкны хэргийг шалгах гэж цагдаагийнхан хоёр жил тархиа гашилгаж сууна. Одоогоор тус банк 2908 харилцагчаас 122.1 тэрбум төгрөгийн авлагатай байна. Гэвч их хэмжээний өр зээлтэй эдгээр харилцагчид мөнгөө төлөхөөс үргэлж зайлсхийж байгаа юм. Цагтаа валютын ченж хийж байсан арван жилийн нэг ангийн гурван найз гэнэтхэн “Анод” хэмээх банкийг байгуулж, дараа нь өөрсдөө дампууруулсан хэрэгт унаад багагүй хугацааг элээж байгаа ч олон хүнийг хохироосон энэ хэрэг нэг тийш шийдэгдсэнгүй. Өөрөө өөрийнхөө банкыг дампууруулж, өр тавьсан банкны эздийн нэрсийн жагсаалт Д.Энхтөрөөр үргэлжилж байна. Түүний төрсөн дүү Д.Ганзориг “Жи энд Юу Голд” ХХК-ийг үүсгэн байгуулагч. Тэрээр “Анод” банкнаас ёстой л дур зоргоороо мөнгө гаргаж авдаг байсан бололтой. “Жи энд Юу Голд” ХХК-ийг нэр дээр “Анод” нийтдээ 9 удаа зээл өгч. Өнөөдөр тус компанийн өрийн хэмжээ 3,8 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Үүнээс гадна Д.Ганзориг захирал “Шивээ говь флюрит” ХХК-ныг мөн л үүсгэн байгуулж, дөрвөн удаагийн үйлдлээр 3,2 тэрбум төгрөгийн зээлийг “Анод”-аас гаргуулжээ. Д.Ганзориг захирал 2006 оны 12 сарын 26-ны өдөр 362 сая төгрөг зээлэхдээ хоёр ширхэг трактор барьцаалсан ч энэ нь барьцааны шаардлага хангахгүй эд байж. “Анод”-ын зээлдэгч нараас хамгийн их барьцаа хөрөнгө тавьсан нь Д.Ганзориг. Тэрээр найман нэр төрлийн машин механизм, “Нарлаг” хотхонд байрлах нэг давхар үйлчилгээний барилгыг зээлийн барьцаанд тавьсан гэж ярьж байгаа ч уг эд хөрөнгө хаана байгаа нь бас л тодорхой бус гэнэ. Д.Ганзоригийн “Шивээ говь флюрит” ХХК-ийг нэр дээр өнөөдөр 2,3 тэрбум төгрөгийн өр байна. Нийт өрийн хэмжээ нь 6,1 тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Тэгвэл “Анод” банкны захирлаар ажиллаж байсан Д.Энхтөр “Интерпей” компанийн нэрээр 530 сая төгрөг, “Коуль дизель” ХХК-ийг нэрээр 610 сая төгрөг зээлж авсан байх юм. “Коуль дизель” ХХК-нд “Анод” банк зээл олгохдоо ямар ч барьцаа хөрөнгө авсангүй, зээлийн барьцаанд “Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл” нэртэй хэдхэн хуудас цаас өгч. Гэвч энэ төсөл нь 610 сая төгрөг хүрнэ гэдэгт банкны өр барагдуулагчид итгэж чадахгүй сууна. Асар их зээл гаргаж байсан Д.Энхтөр захирал бусад захирлуудаасаа илүү тансаг хангалуун амьдардаг байжээ. Тэрбээр Зайсанд, Дархан цаазат богд уулын хормойд 600 мкв талбайтай тансаг хаус бариулсан байх юм. Дотроо усан бассейнтай, манайханы кинон дээрээс л үзсэн энэ тансаг хаусыг зарахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ажиллаж байна. Тэгвэл тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз ч бас Зайсанд, Д.Энхтөрийн хажууд тансаг хаус бариулжээ. Шил толь болсон том то өрөө тасалгаатай, бас 600 мкв талбайтай энэ байшин Д.Энтөр захирлынхаас нэг зүйлээрээ давуу. Далд хаалга бүхий нууц өрөөтэй энэ байшинг мөн л 850 саяаар үнэлж дуудлага худалдаанд оруулахаар бэлтгэж байна. 2008 оны сонгуульд Завханд нэр дэвшиж, онгоц хөлслөн тансаглаж, Завханчуудын толгой дээр чихрээр бороо оруулж явсан Э.Гүр-Аранз захирал “San Marino” банкинд 10 сая ам доллар, Л.Уламбаяр “Banka Partner”-д 3.5 сая евро хадгалуулсан гэдэг баримт байгаа юм. Гэвч энэ их мөнгө хаашаа орсон нь өнөөдөр тодорхойгүй байна. Энэ хэргийг мөрдөн байцаагчид “Анод”-ын нэрээр цугласан олон арван тэрбум төгрөг хаашаа урсаж орсныг шалгахаар олон сар хөөцөлдөж байгаа ч нэг мөр хариу олж чадахгүй байгаа гэнэ. Тус банкны зээлдэгчдийн нэрийг гаргаж, зээлсэн мөнгөний хэмжээг тогтоохын тулд тэд багагүй хугацааг зарцуулжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 122.1 тэрбум төгрөгийг зээл нэрээр банкнаас гаргачихсан нь тогтоогдоод байгаа юм. Үүний 48.7 тэрбум төгрөгийг банкны эзэд, хувь нийлүүлэгч нар ах дүүтэйгээ нийлж хувааж авсан, эргэн төлөгдөх найдвар тун муутай гэж шинжээч нар үзэж байна. Тэгвэл энэ 48.7 тэрбум төгрөгөн дээр 55.3 тэрбум төгрөгийн гадаад валютын асуудал нэмэгдэж, “Анод”-ын захирлууд нийдээ 100 гаруй тэрбум төгрөгөөр гараа угаачихсан байж магадгүй хэмээн мөрдөн байцаагчид болгоомжилж байгаа бололтой. Учир нь гадагшаа гаргасан их хэмжээний мөнгийг нааш цааш нь дамжуулж, шилжүүлсээр, хаашаа орсныг нь тогтоох боломжгүй болчихоод байгаа аж. Монголбанк анх шалгалт хийж “Анод” банкны удирдлдагууд 55.3 тэрбум төгрөгийг гадагшаа гаргасныг тогтоосон аж. Гэвч энэ мөнгийг ямар эх үүсвэрээр бий болгосон хэн хэзээ, хааш нь шилжүүлснийг мөрдөн байцаагчид тогтоохын тулд Монголбанкны шинжээчдэд хандсан байна.
Э.Гүр-Аранз захирлын 10 сая ам доллар хаашаа оров
Энэ асуултын хариуг олох гэж Монголбанкны шинжээчид багагүй цаг хугацаа заржээ. “Анод” банкны гүйцэтгэх захирал Э.Гүр-Аранз 2007 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр 1285 тоот тушаал гаргаж, 10 сая ам долларын хадгаламжийг нэг жилийн хугацаатайгаар “San Marinonese Di Inverstmento” банкинд байршуулжээ. Гэвч мөнгө шилжүүлээд есхөн хоносны дараа тэрбээр хадгаламжаа барьцаалан “San Marino” банкнаас 8,5 сая ам долларын зээл авч, Германы “Dresdner” банкны дансруу шилжүүлжээ. “San Marino” банкны хадгаламжийн үлдэгдэл 1.5 сая ам доллар байх ёстой ч Э.Гүр-Аранз захирал найман долларын үлдэгдэлтэй хэмээн тайлан балансанд бүртгээд л өнгөрчихөж. Э.Гүр-Аранз захирлын гараар орсон 10 сая ам доллар хаашаа алга болсон нь тун бүрхэг. 2008 оны долдугаар сард үлдэгдэл 1.5 сая ам доллароо “Wachovia” банкруу шилжүүлсэн гэдэг л мэдээлэл байна. Германы “Dresdner” банк руу шилжүүлсэн 8.5 сая ам доллар ч хаана байгаа нь тодорхойгүй. 10 сая ам доллар гэдэг тухайн үеийн ханшаар 15 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгө Э.Гүр-Аранз захирлын нэр дээр аль нэг банкинд хадгалагдаж байж магадгүй хэмээн зарим хүн ярьж байна.
Банкнаас банк руу дамжсан 3.5 сая евро
Тус банкны гүйцэтгэх захирал Л.Уламбаяр 2008 оны зургадугаар сарын 12-ны өдөр “Banka Partner” банкинд хоёр жилийн хугацаатай, гурван сарын жигнэсэн дундаж EUROBOR хүүтэй 3.5 сая евро байршуулах гэрээ байгуулжээ. Гэвч мөнгө шилжүүлээд удаагүй байхдаа бас л 3.5 сая еврогоо барьцаалан 3.15 сая еврогийн зээлийг хоёр жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээлж авсан байх юм. Тэрээр зээлсэн мөнгөө Шинхайн банкруу шилжүүлжээ.Гэвч удалгүй Шинхайн банкнаас “HSBC” банкруу шилжүүлж, дараа нь “Banka Partner”-ын дансруу хийж, эцэст нь Германы “Dresdner” банк руу энэ мөнгө шилжээд л алга болж. Тэрээр гадаадын банкруу мөнгө шилжүүлэх тоолондоо Монгол дахь “Анод” банкны тэнцлийг хий өсгөж тайлан балансанд тусгаж байсан бололтой. “Анод” банкны удирдлагууд хувьцаа гаргахын тулд “Түшиг” ХХК-ийн стратегийн түнш хэмээн Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулж, тус компани таван тэрбум төгрөгийн үнэ бүхий 4.898.770 ширхэг хувьцааг худалдаж авсан тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ таван тэрбум төгрөгийг “Түшиг” ХХК-ны дансруу Л.Уламбаяр захирал Германы “Dresdner” банкнаас шилжүүлсэн байх юм. Гэхдээ “Анод” банкнаас гаргасан 3.5 сая евро “Анод”-ын хувьцааг худалдаж авахад зарцуулагдсан уу, аль эвсэл өөр банкруу шилжиж алга болсон уу гэдэг нь бас л тодорхойгүй байна.
shudarga.mn
URL:






