Нямбуугийн Нямдоржийн үлдээсэн “брэнд” буюу Галсаагийн танхайрал

NOM72572572725Энэ онд Хэнтий аймгийн 90 жилийн ой тохиож буй. 1923 оноос тоолсон он жилүүд   90-ээр хэмжигдэж байгаа болохоос биш Их эзэн Чингисээс  өмнө ч байж л байсан нутаг. 1921 оны хувьсгалын дараа засаг захиргааны  бүтцийг Богд хаант улсынхаас  арай  өөрөөр зохион байгуулж, тэр цагаас  түүхт ой хэмээн нэрийдэн тэмдэглэж ирж л дээ.

Ой гэдэг бол уг нь үүх түүхээ эргэн санах мөч юм.  Энэ утгаараа  Хэнтийчүүдэд 90 жил гэдэг үнэндээ юу ч биш. Чингисийн дээд өвөг нутаглаж  асан он жилүүдийн урсгалыг өөрийн эрхгүй эргэцүүлмээр. Тэгээд  өнөөгийн хүмүүсийнхээ оюуны  чанд руу өнгийж хармаар тийм нэгэн гэгээн тунгалаг мөчлөг баймаар санадана.

Хэнтийчүүдээс олон сайхан авъяас билэгтнүүд төрөн гарсан даа. Сэнгийн Эрдэнэ баавайн бүүвэйн аялгуу мэт хар яандаа сэтгэлийн гүн  тийш  урсах  уянга тансаг аялгуут өгүүллэгүүд хийгээд, түүний дэлхийд  таниулсан  сүрлэг хангай  Сэрүүн Галттайг дурсахгүй өнгөрвөл нүгэл хураах мэт уйтай явдал  болох биз.  Нэрт түүхч, шүлэгч, археологич хөдөөгийн Пэрлээ, Дорнын их найрагч Нямбуугийн Нямдоржийгоо бид амьд сэрүүнд нь хэр зэрэг баярлуулсан билээ дээ.  Батын Нямаагийнхан Монголын утга зохиол,  шатрын ертөнцөд тодоос  тод мөрөө  үлдээжээ.  Аа, тийм, бас тэднээс өмнө  Богд хаантан эзэн богд Чингисийн төрж  өссөн  нутаг, Ононгийн бэлчирээс  эхнэрээ  ёсолж  авсан, удалгүй хэлмэгдүүлэлтийн  хар салхинд  тэд цөмөөрөө  туугдан бурханы орондоо одсон гашуун амьдрал одоо ч нүднээ харагдах мэт.  Их хүмүүсээ ийн тоочоод байвал  дэндүү урт  түүх хүүрнэж таарна. Харин энэ удаа Нямбуугийн Нямдорж, түүний гарын шавь Ломбын Нямаа, тэдний өлмий дороос  боссон  Баатарын Галсансүхийнхээ тухай  хэдэн мөр хэлхэж  санаа бодлоо хуваалцмаар санагдлаа.

Танхай, бүр адал балмад гэмээр, тэгснээ эд бүгдийгээ утгын цалмаар зангидах, бүр цаашлаад зөөлөн нургих амьдралын  философи аялгуу нь бусдыг огт дуурайхгүйгээр, зүгээр л өөрийнхөөрөө хэлэгдэж, тэр нь тэгээд өнөөгийн яруу найргийн шинэчлэл  өөд хөтөлсөн, ерөөсөө  нэг  л ондоо, өвөрмөц шүлгүүдтэй юм гээч, энэ Б.Галсансүх. Баабар тэр жил түүнийг анзаараад  “Б.Галсансүхийн шүлгүүд арай өөр юмаа” хэмээн уулга алдаж байсансан. Пунцагийн Бадарч мөн нэгэнтээ “Галсансүхийг  уншиж  суухад аргагүй л шинэ амьсгал мэдрэгдэж байна” гэж билээ. Эдний  хэлээд байгааг  хайхрахгүй байх аргагүй л дээ. Баабар бол улс төр, түүх соёл, яруу найраг, биохими, техник гээд судлаагүй юм гэж бараг үгүй нөхөр. Тиймээс ч зарим нь шинэ үеийн оюун санааны хөтөч хэмээнэ. Ийм хэмжээний хүн баргийн юманд тэгтэл магтаалын үг унагахгүй.

Б.Галсансүхийн хамгийн сүүлд хэвлүүлсэн “Бурханд хэлэх зөвлөлгөө” ном худалдаанд гараад нэлээд хэдэн сар болж буй ч энэ тухай судлаач шүүмжлэгчид нь дуугүйхэн л харж суугаа бололтой. Гэхдээ өмнөх номуудад нь орсон шүлгүүдийг Д.Галбаатар, Г.Бямбажав, Л.Өлзийтөгс, Б.Энхбат, Г.Аюурзана зэрэг олон судлаач, билэг авъяастангууд тал бүрээр  шинжиж, Монгол дахь модернизмийн “эцэг” биш юмаа гэхэд өлгийдөж авалцсан ариун гартан мөнөөс мөн гэдгийг нь  нотолсон юм.  Тухайлбал, Г.Аюурзанаас лут лут үнэлэмжүүд  Б.Галсансүх рүү хүмүүсийн сонорыг дэлсэн хальжээ. Ман хүн “Москва-Хамгийн яруу найрагч хот. Горькийн сургууль-Хамгийн гоё сургууль. Евгений Рейний шавь болов. Бродскийн найз, Ахматовагийн шавь нөгөө Рейн шүү дээ. Тэгэхээр Галсансүх одоо Анна Ахматовагийн grand-pupil” гэсэн байна. Тийм ээ. Галсансүх Нямбуугийн Нямдорж багшийнхаа сурч байсан Горькийн сургуулиас  ийм том багш, найргийн найзуудаа  олоод авчээ.

Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй түүний шүлгүүдэд  ажиглалт хийхдээ, “Галсансүхийн шүлгүүдэд танхай зүйрлэлийн нэгэн адил танхай дүрслэл  багагүй хувийг эзэлж, амин сүнс нь болж явдаг юм байна. Угаас дүрслэл хэмээгч нь яруу найргийн цөөхөн эд эсүүдийн нэг. Тэр тусмаа модернист  урсгалд бол элэг зүрх нь байдаг. Галсансүх өөрийнхөө шүлгүүдэд зүйрлэл, дүрслэл хоёрыг бараг ялгагдамгүй  нарийнаар сүлжээд хийчихжээ” гэжээ. Магадгүй, Галсаагийн  энэ чанар нь  Нямбуугийн Нямдорж агсны шавьдаа үлдээсэн “брэнд” буюу урлахуйн агуу ухааны “дусал” ч байж мэднэ.

Нямбуугийн Нямдоржийн нэгэн гайхамшигт дөрвөн мөрт бий, хүмүүс санах байх. Яагаав, хурууны өндөг, хуруу, алганы хээгээр дүрсэлсэн амьдралын философи гаргалгаа шүү дээ. Тэрбээр,

Өндөгний минь хээ  өөрчлөгдөшгүй,

Хурууны минь хээ хувиршгүй,

Алганы минь хээ арилшгүй

Миний хээ минийх ээ   гэсэн байдаг.  Энэ мөрүүд нь түүнийг Р.Чойномын хэргээр нутаг заагдаж, ад шоо үзэгдэж явсаар Ардчилсан хувьсгалтай золгосных нь дараахан олгосон төрийн соёрхолын гол “тодорхойлолт” болсон юм.  Тэгвэл отгон шавь Б.Галсансүх нь өдгөө  иймэрхүү дүрслэлээр, тэгэхдээ багшаасаа улам өргөн цартай сэтгэж ийнхүү бичсэн байх юм, хараач. Түүний “Миний метафизик” шүлэг энд байна.

Гэв

Гэнэтхэн

Гэрэлтэнэ

Удахгүй

Унтарна

Хашгираа минь

Хадгалагдана

Нулимс минь

Нуугдана

Дүрс минь

Давтагдана

Үндэс минь

Үргэлжилнэ

Үг минь үлдэнэ

Гэв

Гэнэтхэн

Энэ бол яахын аргагүй өөрийнх нь галзууртлаа тачаадан дурлаж,  зорьж тэмцсэн яруу найргийн шинэчлэлийнх  нь постпанк шүлэг гэгч биз ээ. Судлаачид түүнийг бүрэн нээтэл цаг хугацаа урсан өнгөрсөөр байх юм шиг байна, өнөөгийн Монголд. Юутай ч тэр   Хэнтийнхээ 90 жилийн ойд “Үнээдэй нутаг дахь хавар цагийн импрейссионист аялгуу” болоод бусад “танхай” шүлгүүдээрээ  улам хөг нэмэх  байх, яг л өнөөх бурханд “зөвлөлгөө” өгч танхайрсан шиг ээ.

Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих