Ж.Энхбаяр гишүүн нам дагасан эрх ашгийн сүлжээг илчлэв

1_1359594767УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг намынх нь нөхдүүд, тэр дундаа залуу үе “Биднийг төлөөлж чадах нэгэн” хэмээн үнэлэх нь бий. Яагаад тийм үнэлгээ аваад байдгийг нь мэдэхгүй ч “Итгэх үндэслэл байдаг бололтой” гэсэн бодол төрөх нь бий. Учир нь түүнээс зарим нэгэн улс­төрчид байдаггүй шазруун, өөрийнхөөрөө, зоримог араншин илрэх талтай. Гэх­дээ байнга биш. Хаяахан гэж болно. Тэгвэл түүний Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр өрнүүлсэн мэтгэлцээн дээрх итгэл найдварт тодорхой нэгэн хариулт өгсөн байж болох юм.

 

“Тэр чадах нь” гэж. Гэхдээ чадлаа гээд хаана хүрэх вэ. Түүний асуулга зоригтой байж чадсан шигээ, хэлсэн ярьсан шигээ тэр тийм шударга байж чадах уу. Энэ бол Ж.Энхбаяр гишүүнийг ойрын хугацаанд тойрч эргэлдэх ёстой асуултууд.

Тэрбээр хотын дарга Э.Бат-Үүлийн өөдөөс “Та нар Улаанбаатар хотын бүх газрыг Ардын намынхан аваад дууссан гээд байсан. Гэтэл судлаад үзсэн чинь “А” зэрэглэлийн хамаг газрыг Ардчилсан намын 10 хүн хуваагаад авчихсан байна. На­дад баримт нь байна. Би үүнийг дэл­гэнэ” гэж баахан агсарсан. Арга ч үгүй. Алийн болгон Ардчилсан намд элдвээрээ хэлүүлэх вэ дээ. За­луу улстөрчийн хувьд энэ зэргийн асуултаар эсрэг хүчнийхээ хор шарыг малтаж, сонгогч олны тархинд эр­гэлзээ төрүүлэх арга ухааныг бодож олох нь түүний зөв. Түүний энэ үг ч байгаа зөв олсон бололтой. Аливаа асуудалд мэгдэж сандраад байдаггүй Э.Бат-Үүл дар­гийг цухалдуулж, төрийн ордонд барьцалдан бантахад хүргэсэн.

Гэхдээ тэр цаашид өөрийнхөө үгэнд эзэн байж чадах уу гэдэгт эргэлзээ төрөх аж. Яаж ч бодсон уг “А” зэрэглэлийн газрыг олгосон дарга нар нь бүгд Ардын намынх байсан нь хөдлөшгүй үнэн. Өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн НИТХ-аар л Ардчилсан нам сүүлийн 20 жилд анх удаа ялалт байгуулж, улсынхаа нийслэлийг удирдах эрхтэй болсныг эс тооцвол шийдвэр гаргах эрх тэдэнд байгаагүй. Нэг ёсны нийслэлийн үе, үеийн дарга нар бүгд Ардын намынх. Дүүргийн удирдлага ч мөн адил. Тэр дундаа нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар бүгд Улаанбаатар хотын захирагчийн ар тал буюу ашиг сонирхлынх нь нөмөр нөөлөг байсан нь ч үнэн. Ийм байхад тэр хариуцлагыг “А” зэрэглэлийн газрыг цуглуулж чадсан Ардчилсан намынхнаас эрэх үү. Аль эсвэл “А” зэрэглэлийн газрыг аравхан олигархид хуваагаад өгчихсөн Ар­дын намын ах нартаа хариуцлага тооцох уу. Энэ бол асуудал.

Ядаж л тэр залуу хүний ёсоор зоригтой, тууштай улстөрчийн жур­мыг сахиж дээрх мэдээллийг ил болголоо гэхэд авсан, өгснийг нь адилхан зарлах ёстой. Үүнд нь нөгөө л газрын наймаачин цолтой УИХ-ын дэд дарга М.Энхболд хамгийн түрүүнд холбогдоно. Дараагаар нь одоогийн нийслэлийн Ардын намын дарга Ц.Сандуйн нэрийг ч дурсахгүй байж болохгүй. Амьдралдаа газрын албанаас өөр газарт ажиллаж үзээгүй намтрыг нь бодсон ч тэр, нэгэн үе нийслэлийн Газрын албыг удирдаж байсныг нь харгалзсан ч Ц.Сандуй гэдэг хүний нэр гарч л таараа. Ийм байхад Ж.Энхбаярын омогшил хаа хүрээд өндөрлөхийг тааварлахад бэрхтэй санагдана.

Ардчилсан намыг ялладгаараа ял­лаж, чаддагаараа чадлаа гэхэд тэр М.Энхболд хийгээд түүний багийнх­ны шийдвэрийг ил тодоор зарлах уу. Үүнд нь л учир шалтгаан нь байх бөгөөд ирэх өдрүүдэд асуултын тэмдэг болон үлдэх магадлалтай юм. Ийн дүгнэх учир тэр бараг л чадахгүй байж мэдэх юм. Намаа дарлуулсан дээр нь дарлуулж, давхар дарамт авчрах гээгүй л бол шүү дээ. Дээр нь нам дамжсан сүлжээг таслан зогсоох хүч нь түүнд бий гэж үү. Хэдийгээр намынх нь залуус түүнд итгэл хүлээлгэж “Ирээдүйтэй улстөрч” хэмээн үнэлдэг ч гэсэн түүний гарт өнөөдөртөө бүрэн хүч төвлөрөөгүй нь ойлгомжтой.

Гэхдээ түүнд талархахаас өөр гарцгүй. Ардын намын дарга нар нь Ардчилсан намын олигархиудтай ний­лэн Улаанбаатар хотын “А” зэрэг­лэлийн газрыг эзэгнэнхэн өм­чилж авсныг тэр илчилж гарлаа. Уг нь үр­гэлжлүүлэн ах нарынхаа бай­гуулсан төр, бизнесийн сүлжээг улам дэл­гэрэн­гүй задалбал нь түүнд Улаанбаа­тар хотын хүндэт иргэн гэдэг цол гун­шинг өгсөн ч багадах байсан биз ээ.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих