Ноён У Бангуогийн айлчлал буюу “Чалко”-ийн сонирхол

chalkoБНХАУ-ын АИХ-ын байнгын хорооны дарга У Бангуо өчигдөр манай оронд хүрэлцэн ирлээ. УИХ-ын дар­га З.Энхболдын урилгаар ийн­хүү Хятадын төрийн өн­дөр албан тушаалтан ирээд байна. У Бангуо дарга манай улсад хоёрдугаар сарын 1-нийг хүртэл ажиллана. Энэ хугацаанд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Ерөн­хийлөгчид бараалхана. Түүнчлэн Монгол Улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуягт ноён У Бангуод бараалхах юм байна. Энэ удаагийн айлчлал 16 жилийн дараа болж байгаагаараа онц­лог гэж албаны эх сур­вал­жууд мэдээлсэн. Мэдээж энэ утгаараа чухал ач хол­богдолтой.

 

Түүнийг дагаж урд хөршийн 30 гаруй хэвлэл мэдээллийн бай­гууллагын сурвалжлагч ирсэн гэхээр Хятадын тал энэ айлчлалд тун их ач холбогдол өгчээ. Айлч­лалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон яриа хэлцэл хийж, зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Үүнээс гадна бас нэг чухал асуудал байгаа нь “Чалко” болон “Эрдэнэс Тавантолгой” компанитай яах аргагүй холбогдоно. БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Сяо Лун сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Айлчлалын хүрээнд цаг үеийн асуудлаар гэрээ хэлэлцээр хийнэ. “Эрдэнэ Тавантолгой” компанийн “Чалко”-той хийсэн нүүрс борлуулах гэрээ нь цаг үеийн асуудал учраас ярилцах байх. Гэхдээ гэрээг сайн тооцоолсны үндсэн дээр байгуулсан. Мөн урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай, эрх тэгш байхаар хийсэн” гэжээ. Түүнчлэн “Чалко” компани Монголын эрх ашгийг хохироогоогүй гэж мэдэгдсэн байна. Нэг талаас “Чалко” шаардлагатай бол Монголыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа. Нөгөө талаас монголчууд “Чалко”-д үлдэгдэл мөнгийг нь өгөөд гэрээгээ цуцалж, өөр хамтрагч хайх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр улсын төрийн өмчийн компаниудын хооронд үл ойлголцол үүсээд байна. Ийм цаг үед ноён У Бангуогийн айлчлал эхэллээ.

Өмнө нь манай улс ихэвчлэн хөрөнгө оруулалт, тусламж, дэмжлэг гуйж гадаад орнуудад айл­чилдаг байсан. Харин сүүлийн хэдэн жилд гадаадынхан Монголыг “царайчилж” айлчлал хийх болсон. Өнгөрсөн 2011 онд шил шилээ даран томоохон айлчлалууд үүнийг нотолж буй. БНХАУ-ын АИХ-ын даргын Энэ удаагийн айлчлал ч бас иймэрхүү л тодорхойлолттой гэхэд хилсдэхгүй нь. Учир нь яг энэ цаг мөчид “Чалко” болон “Эрдэнэс Тавантолгой”-н маргааныг нэг тийш болгох нь хятадуудын хувьд “хоолойд тулсан” асуудал болчихоод байна. Монголчууд Тавантолгойгоо “хав дарж” нүүрсний үнэ өстөл нүүрс гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэж дарах нь монголчуудад тийм ч том асуудал биш. Харин хятадуудад тун хэцүү. Тэд монголоос өдөр хоног, цаг мөч тутамд нүүрс зөөж, гангийн үйлдвэрлэлээ явуулах сонирхолтой. Монгол байхгүй бол Хятадад бас нэг түнш  байдаг нь Автрали. Гэхдээ тэндээс авч буй нүүрс нь Монголынхоос хавьгүй үнэтэй. Автралид үер бууж, нүүрсний уурхайнууд нь хаагдаад бай­на. Коксжих нүүрсний үнэ энэхүү үерээс болж чамгүй өсөх хандлагатай болсныг олон улсын хэв­лэлүүд онцолжээ. Автралиас авах нүүрсний үнэ өсөөд, дээрээс нь монголчууд Тавантолгойгоосоо нүүрс өгөхөө больчихвол Хятадын ган­гийн үйлдвэрлэлийн хувьд шууд утгаараа “Нок-аут” болох биз. Тийм ч учраас “Чалко”-ийн Ерөнхийлөгч хүртэл албан ёсны мэдэгдэл хийж, гэрээгээ хүндлэхийг уриалж байна. Түүнчлэн “Чалко” монголчуудтай хамтран ажиллах хүсэл сонирхолтой гэдгээ дахин дахин илэрхийлсээр. Манай улсад хүрэлцэн ирээд байгаа Хятадын АИХ-ын дарга ч бас энэ хүсэл сонирхлыг илэрхийлэх биз ээ. Асуудал чухам хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй юм.

Ямартай ч монголчууд өнгөрсөн хугацаанд “Чалко”-ийн хөрөнгө оруулалтаас татгалзсаар ирсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компани Монголын “Саус Гоби Сэндс” компанийн 50-аас илүү хувийг худалдан авахаар хэлцэл хийж байсан. Гэвч парламент Стратегийн ая холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар энэхүү хэлцлийг таслан зогсоосон. Үүний дараа тус компани Монгол, Хятадын хооронд нүүрсний тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулдаг “Винсвей холдингс” компанитай хийж байсан 300 гаруй сая ам.долларын хэлцлээсээ татгалзсан билээ. Харин одоо “Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-той хийсэн гэрээнээсээ буцах асуудлыг хөндөж байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь Монголын болон дэлхийн томоохон хэвлэлүүдийн анхаарлын төвд байгаа.

 

Сонирхолтой нь иймэрхүү том асуудлыг хөндөгдөх болгонд Хятадын төрийн томоохон албан тушаалт­нуудын айлчлал Монголд давхцдаг бололтой. Одоогоос гур­ван жилийн  өмнө  буюу  2010 оны тавдугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао Монголд айлчилсан. Энэ үед Тавантолгой, төмөр зам гэх мэт томоохон төслүүдийг ид хэлэл­цэж байсан. Ноён Вэн Зябао “Хятад улс Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэж хэлээд буцсан. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” анхны нүүрсээ экспортлохдоо түншлэгчээрээ Хятадын “Чалко”, “Чан Стийл” компаниудыг сонгосон. Энэ нь 2011 оны наймдугаар сард болсон үйл явдал. Үүнээс хойш удалгүй БНХАУ-ын Улс төрийн товчхооны байнгын хорооны Нарийн бичгийн дарга Жоу Юнкан манай улсад мөн айлчилсан. Магадгүй үүний дараахан буюу 2011 оны сүүлчээр Тавантолгойн Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулахад Хятадын “Шинхуа Энержи” хамгийн өндөр буюу 40 хувийн эзэмшил авсан. Яг энэ айлчлалтай холбоотой, эсэхийг мэдэхгүй л дээ. Ямар ч л байсан иймэрхүү үйл явц болж өнгөрсөн. Хятадын “Шинхуа Энержи”-ээс гадна АНУ-ын “Пибоди Энержи” 24, “Орос-Монголын хамтарсан консорциум” үлдсэн 36 хувийг эзэмшихээр Баруун Цанхийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг оруулж ирсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцааж байсан. Хятадын томоохон зүтгэлтнүүд Монголд ирэх болгондоо буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгодог. Үүгээрээ ямар нэгэн зүйлийг “барьцаалав уу” гэх хардлага үргэлж л байсан. Ямартай ч хятадууд ямар сонирхолтой байгаагаа илэр­хийлсний дараа манай­хан үүнийг нь тодорхой хэм­жээгээр биелэгддэг бололтой юм.

Энэ удаад Хятадын АИХ-ын дарга ч бас айлчлалынхаа хүрээнд ямар нэгэн асуудлыг хөндөнө. Тэр нь “Чалко”-той холбоотой ч байж болно. Үгүй ч байж болно. Хэрвээ Хятадын төлөөлөгчид “Чалко”-ийн асуудлыг нааштайгаар шийдэхийг хүсвэл анхаарлын төвд байсан нүүрс худалдан авах гэрээний асуудал тэгсхийгээд намжих биз ээ.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих