ДЭЛХИЙН БАНК: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭД БҮТЦЭД ҮР ДҮНТЭЙ ХУВААРИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

sd45sd45sd45sd45sdsdsdМонгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн салбарт хийж буй ажлуудын үр дүнгийн талаар Дэлхийн банкнаас тайлан гаргажээ. “Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь” сэдэвт тус тайланг танилцуулах уулзалт ярилцлага энэ сарын 29-нд “Чингис хаан” зочид буудалд боллоо.
Энэ үеэр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Захид Хаснайн “Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь”, МУИС-ийн ЭЗС-ийн багш доктор Б.Эрдэнэбат “Дэд бүтцийн хөгжилд анхаарах зарим макро эдийн засгийн асуудлууд”, Азийн Хөгжлийн банкны мэргэжилтэн Петер Бенсон “Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх-Авто замын засвар арчлалтыг чухалчлах нь” илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.
Ноён Захид Хаснайн, уул уурхайд тулгуурласан эдийн засагтай Монгол Улс эдийн засгаа олон талт болгон төрөлжүүлэх гол механизм нь уул уурхайгаас орж ирж буй нэмэгдэл орлогыг дэд бүтцийн салбарт хуваарилах явдал. Монгол Улсын дэд бүтцэд зарцуулах төрийн санхүүжилт хурдацтай өсч байна. Төсвөөс санхүүжигдсэн хөрөнгийн зарлага 2005 оноос хойш нэрлэсэн тооцоогоор 25 дахин нэмэгдэж, 100 тэрбумаас 2.5 их наяд төгрөгт хүрлээ. Улмаар Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд түрэн орж ирж байна. Тухайлбал, Монголын Хөгжлийн банкнаас 600 сая ам.долларыг зээлдүүлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларыг шинээр тавих төмөр зам, хатуу хучилттай замын ажил, эрчим хүчний станц, Сайншандын үйлдвэрлэлийн паркын байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл барих зэрэг дэд бүтцийн салбарт зориулахаар төлөвлөөд байгааг онцоллоо.
Түүнчлэн Монголын төрөөс өнгөрсөн хугацаанд бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулж, улмаар түүнийгээ Эдийн засгийн хөгжлийн яам болгон өргөжүүлсэн, шинээр төв болон орон нутгийн худалдан авалтын газруудыг бий болгосныг сайшаав. Гэхдээ тэрбээр төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт хийж буй ажлуудын үр дүнд судалгаа хийхэд шийдвэрлэх зохих тулгамдсан олон асуудал байгааг анхаарууллаа.
Юуны түрүүнд төсвийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд үр дүнтэй хуваарилж чадахгүй байгаагаас хөгжлийн гол цэгт хангалттай санхүүжилт очихгүй байгаа юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд дэд бүтцийн санхүүжилт маш хангалтгүй байдаг аж. Эдийн засгийн гол судалгаануудаар хотууд бол хөгжлийн гол хүчин зүйл гэдэг нь батлагдсан ч Улаанбаатар хотод төсвөөс олгодог зам, гүүрийн санхүүжилт 2007 онд улсын хэмжээнд олгодог нийт санхүүжилтийн 10 гаруй хувийг эзэлдэг байсан бол 2011 онд дөнгөж 30 хувьд хүрчээ. Засгийн газрын дунд хугацааны төлөвлөгөө ч Улаанбаатарын хэрэгцээг сайтар тусгаагүй байгааг ноён Захид Хаснайн онцлов. Энэ үеэр Захид Хаснайн Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь эдийн засгийн хувьд сайн зүйл. Засгийн газар үүнийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатарын агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг бэрхшээл хүн амын өсөлтөөс биш, төлөвлөгөө төлөвлөлт муу байгаагаас үүдэн бий болсон. Олон улсын туршлагаас харахад хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнийг хорьж асуудлаа шийдэх гэсэн улс орнууд дандаа бүтэлгүйтсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотын дэд бүтцэд, тухайлан гэр хороололд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхэд  төр засгаас анхаарах хэрэгтэй гэдэг байр суурьтай явдгаа илэрхийлсэн юм.
Манай улсын дэд бүтцийн салбарт улсын төсвөөр хийж буй ажлууд “барьсан-орхигдуулсан-дахин барьсан” гэсэн өртөг ихтэй замаар явдаг, замын урсгал засварыг хийлгүй явсаар дахин шинэчлэхэд зардал нь 5-10 дахин нэмэгддэг  болохыг   Дэлхийн банкны судалгаа харуулжээ. 2013 оны улсын төсөвт засварын зардлыг 2012 оныхоос бууруулсан хэрнээ шинээр хийх хөрөнгө оруулалтын хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэн байна.
Төслүүдийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй гол асуудлуудыг ч шийдэх цаг болжээ. Төлөвлөлт муу, төсөв бэлдэхэд хэт бага зардал тооцдог, худалдан авалт муу, аль болох хамгийн бага зардлын тооцоотой газрыг шалгаруулах зэргээр туйлширдаг, гэрээний хэрэгжилтэд хяналт муу тавьснаас гэрээлэгч нар чанарт анхааралгүй зардлаа аль болох багасгахад анхаардаг, улмаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаарддаг зэрэг үзэгдэл нийтлэг байгаа аж.
“Төслийг бэлтгэх явцад эдийн засгийн дүн шинжилгээг бүрэн ашиглахгүй байна. Сангийн яамны хувьд сайн үр дүнтэй “хаалгач” байх чадавх нь хүрэлцээгүй. Сүүлийн 8 жилд хөрөнгө оруулалт нь 25 дахин нэмэгдээд байхад яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн ажилчдын тоо 6 байснаа 7 болж л нэмэгджээ. Ийм учраас төслийн төлөвлөгөөг сайтар хянаж чадахгүй байна” хэмээн Захид Хаснайн хэллээ. Цаашид Сангийн яам, ЭЗХЯ хоёрын үр ашигтай уялдаа холбоо энэ байдлыг засахад хэрэгтэй гэдгийг тэр сануулж байна. Салбарын яамдад худалдан авалтын мэргэшсэн хүн хүч дутмаг, худалдан авалтын төлөвлөгөө муу, улс төрийн оролцоо их байгааг ч дурдсан юм.
2007 онд хийсэн бүх гэрээний 43 хувь нь шууд буюу улс төрийн нөлөөлөл дор хийгджээ. Хөгжлийн банк ч шууд гэрээний үндсэн дээр замын төслүүдийг санхүүжүүлж иржээ. Гэтэл шууд гэрээгээр хийгдсэн төслүүдийн чанар өрсөлдөөнөөр олгогдсон төслүүдээс муу, эцсийн дүндээ манай улсад алдагдал авчирч байгаа тул энэ байдалдаа анхаарч ажиллах шаардлагатайг Дэлхийн банкнаас зөвлөж байна.
Үүний зэрэгцээ ноён Захид Хаснайн Монгол Улсын хөрөнгийн зардал хэт хурдацтай өсч байгаа ч барилгын салбарын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдлаас үүдэн эдийн засгийн шингээх чадварын асуудал яригдахад хүрлээ. Нэлээд хэмжээний төсвөөс гадуурх төслүүд Хөгжлийн банкнаар дамжин хэрэгжиж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуультай зөрчилдөж байна. 2012 онд Хөгжлийн банк 580 сая ам.доллар зээлдүүлсэн нь улсын төсвийн хөрөнгийн тал хувь, ДНБ-ий 6 хувьтай тэнцэж байгаа ч эдгээр төслийн ихэнх нь орлого бий болгохгүй, харин ч ирээдүйд нэмэлт санхүүжилт шаардаж мэдэхээр байна. Цаашид төсвөөс гадуур хийгдэх төслүүд 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-оос гарч болзошгүй байна хэмээн санаа зовинож байгаагаа илэрхийлсэн юм.
Дээрх тайлан судалааны үндсэн дээр Дэлхий банкнаас манай улсын Засгийн газарт дараах бодлогын саналуудыг хүргэж байна. Үүнд:
-Улаанбаатар болон уул уурхайн төвүүдэд зарцуулах шинэ хөрөнгийн харьцааг нэмэгдүүлэх,
-Засварын ажилд илүү хөрөнгө гаргах,
-Төслийн бэлтгэлийг сайтар хангах,
-Төрийн худалдан авалт нээлттэй, хариуцлагатай байх,
-Шинээр байгуулагдсан худалдан авалтын газар, салбарын яамдын хамтын ажиллагаа нягт, нээлттэй байх,
-Иргэний нийгмийн хяналтыг дэмжих,
-Монголд ажиллах хүч бага учир гаднаас ажиллах хүч оруулж ирж, эдийн засгийн үр өгөөжөө ашиглах тал дээр нээлттэй болдлого барих,
-Зарлагын төлөвлөгөөг төслийн хэрэгжүүлэлтийн чадавхид нийцүүлсэн байх,
-Дэд бүтцийн эрэлт, макро төсвийн тогтвортой байдлын тэнцвэрийг барих,
-Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулан захиргааны бүтцийг сайжруулах зэрэг саналууд багтжээ.
Уулзалтад оролцсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, хөрөнгө оруулалтын үр ашиг санаа зовоосон асуудлын нэг байсаар ирсэн. Төлөвлөлт, ТЭЗҮ, тендер, хяналт гээд судалгаа муутай явж ирсэн нь үнэн. Тиймээс бидэнд хөндлөнгийн дүгнэлт, санал зөвлөмж их чухал. Цаашид өмнөх алдаагаа давтахгүй, төлөвлөлт судалгаа дээр бодлогын хувьд томоохон ахиц гарна гэж найдаж байгаа хэмээсэн юм.
МУИС-ийн ЭЗС-ийн багш доктор Б.Эрдэнэбат, ноён Захид Хаснайн дурдсан төвлөрлийг дэмжих эдийн засгийн үндэслэлүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд энэ нь:
- Үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид ойртоно, зардал хэмнэнэ.
- Шинэ санаа, технологи хурдан тархана.
-Үйл ажиллагааны чиглэлээр нарийсах боломж нэмэгдэнэ гэх зэрэг олон давуу талтайг онцоллоо. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн бүтцэд анхаарах хэд хэдэн гол асуудал байгааг илтгэлдээ дурсан юм. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин манай улсад 2009 онд 11.6 хувь, 2010 онд 9.9 хувь, 2011 онд 7,7 хувь байсан нь эдийн засгийн  өсөлт нь 2 оронтой тоогоор хэмжигддэг улсын хувьд маш муу үзүүлэлт. Мөн манай улсад шаардлагатай, нарийн мэргэжлийн ажиллах хүчин дутмаг байгаа. Хэрвээ бид уул уурхайд тулгуурласан эдийн засагтай орон болох гэж байгаа бол гадаадаас ажиллах хүч авахаас өөр гарцгүй.
Нөгөө талаар мөчлөг дагасан эдийн засгийн бодлогоор өнгөрсөн хугацаанд явж ирлээ. Засгийн газарт мөнгө их орж ирвэл зарлага нь тэр хэмжээгээр дагаад өсдөг, мөнгө муутай болохоороо огцом зарлагаа бууруулдаг байдлаар явж ирсэн нь эдийн засгийн мөчлөгийг улам савлагаатай болгож ирлээ. Ирэх 6-8 сард эдийн засгийн өсөлт унасаар байх төлөв ажиглагдаж байна гэсэн юм.
Энэ үндсэн дээрээ дэд бүтцийн том төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлээд нэгэн зэрэг дуусгавал эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг улам ихэсгэн, эдийн засгийн өсөлтөөс хувийн сектор ч, иргэд ч хүртэх боломж хаагдана. Тиймээс дэд бүтцийн төслүүдийн дарааллыг нийт улсын хэмжээгээр тогтоож, хэрэгжүүлэхдээ Монгол Улсын эдийн засгийн бизнес мөчлөг хаана байх вэ гэдгийг харгалзах шаардлага байгааг доктор Б.Эрдэнэбат онцоллоо.
Азийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх Техникийн туслалцааны төслийн хүрээнд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий авто замын ээлжит засварын ажлыг 2013 онд хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ 2 хувилбараар төслөө хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ.
Хөтөлбөрийн 1-р хувилбараар бол 2013 онд нийт 93,6 км замд 21,38 сая ам.долларын төсвөөр ажил хийх бөгөөд сонгож авсан зарим замын хувьд өртөг өндөртэй бэлтгэл ажлууд хийгдэх шаардлагатай байгаа. 2014 онд үүнээс урт буюу 150 орчим км замд ээлжит засвар хийгдэх юм байна.
Харин 2-р хувилбараар 2013 онд нийт 144 км замд 21,52 сая ам.долларын төсвөөр ажил хийгдэнэ. Энэ хувилбарын зарчмын зорилт нь ээлжит засварын ажлыг харьцангуй бага зардлаар явуулах, ингэхдээ илүү өндөр өртөг бүхий ээлжит засварын төрлүүдийг шаардах авто замуудыг 2014 онд ээлжит засварт хамруулахаар зорьжээ.
Цаашид Авто замын Засвар арчлалтын сан шаардлагатай гэж тус төслийнхөн үзэж байна.
Ш.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих