Буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг
Жон Перкинс “Эдийн засгийн алуурчны наминчлал” номдоо эдийн засгийн алуурчид хөгжиж буй орнуудын байгалийн баялгийг эзэмшихийн тулд гэрээ байгуулахаасаа өмнө үзэл суртлаар тархи угаалт хийх, тухайн орны улстөрчдийг хахуульдан шахаанд оруулах, татвар болон бусад холбогдох хууль тогтоомжуудад нь өөрчлөлт оруулан өөрсдөдөө ашигтай гэрээ байгуулдаг хэмээн дурдсан байдаг.
Монгол Улсын хувьд 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан.
Ингэснээр Монголын тал Оюутолгойн гэрээнд анхны хөрөнгө оруулалтын 34 хувьд 1.8 миллиард долларыг өндөр хүүтэйгээр төлөх зохисгүй нөхцөл бүрдэж, Үндсэн хуульд заасан өөрийн өмчөө худалдаж авахад хүрсэн юм. Хөрөнгө оруулагчид Монголын талд мэдэгдэлгүйгээр анхны хөрөнгө оруулалтаа хоёр миллиард орчим доллараар нэмэгдүүлж нийт хөрөнгө оруулалт нь 7.1 миллиард болсон хэмээн ярьцгааж байна.
Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсын төлөх өр зээл улам л нэмэгдэх болно. Хуулийн ганц өгүүлбэр өөрчлөгдөхөд л олон миллиард долларын эдийн засгийн хохирол Монгол Улсад учирч байгаагийн илрэл нь дээрх жишээ юм.
Мөн том татвар төлөгчид ашгийн 40 хувийн татвар төлдөг байсан бол 2006 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт орж 25 хувь болон буурсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшил 34 хувийг 50-иас доошгүй хувь болгох тухай Монгол Улсад ашигтай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй.
Гэтэл гадаадынханд ашигтайгаар, гэрээ байгуулахын өмнөхөн хууль эрхзүй, татварын орчноо Тухайлбал. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 2.12-т “…Засгийн газрын 2009.09.16-ны өдрийн 287 дугаар тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,20.2-т заасны дагуу Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан найман жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно” хэмээн заасан.
Харин хөрөнгө оруулагчийн 2010 оны нэгдүгээрсарын 1-нээс хойш хугацаанд татварын тайлангаар гарсан алдагдлыг найман жил дараалан 100 хувь татвар тооцно гэсэн. Хамгийн хачирхалтай нь гэрээ байгуулсан өдрөөс өмнөх 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар 31-ний өдрийг дуустал татварын алдагдлыг 50 хувиар хөнгөлж чөлөөлөхөөр бас заажээ.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2-ыг ухаж сонирхон үзвэл уг заалтыг гэрээ байгуулахаас 41 хоногийн өмнө буюу 2009 оны наймдугаар сарын 25-нд өөрчлөн зассан байгаа юм. Түүнчлэн яг энэ өдөр Бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу 68 хувийн татварыг тэглэсэн нь хачирхалтай. Үнийн өсөлтийн татвар бусад орнуудад байдаг л татвар бөгөөд энэ татварын ачаар Монгол Улс “Эрдэнэт”-ээс ихээхэн хэмжээний татвар аван хүүхдийн мөнгийг олгож байсан.
Аж ахуйн орлогын албан татвар болон үнийн өсөлтийн татвар зэрэг хоёр татварын хуульд гэрээ байгуулагдахаас өмнө нэг өдөр нэг зэрэг гар хүрч, үгүй болгосон нь санамсаргүй тохиолдол биш. “Айвенхоу Майнз” компанид Монголын төрийн эрх мэдэлтнүүд яаж бөхөлзөж байсны гэрч юм. Бас нэг чухал зүйл бол 2009 онд уг гэрээг байгуулахад Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгч байсан “Голдман Сагс” компани нь “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч гэдэг нь хожим илэрсэн.
Тэд ингэж ашиг сонирхлын нэгдэлтэй байхад Монгол Улс, Монголын ард түмэн хохирогч болох нь дамжиггүй. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хууль журмыг хүндэтгэн дагаж’” мөрдөх бус тэдний хүсэл сонирхолд тааруулж хуулиа дураараа өөрчлөн татварын хөнгөлөлт. чөлөөлөлт эдлүүлж гэрээ байгуулснаар Монголын ард түмний эрх ашиг зөрчигдөж байгаа юм.
Оюутолгойн гэрээ байгуулахдаа Монгол Улсад мөрдөж байсан долоон төрлийн татварын хуулийг хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх, хөдлөхгүй царцаах зэрэг давуу эрх олгон байгуулсан юм. Анхнаасаа буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Тиймдээ ч Засгийн газраас удаа дараа шаардлага хүргүүлэхэд хариу ирүүлэхгүй , гэрээний талаар ярилцах гэхэд толгой сэжилсээр байсан юм.
УИХ-ыг гишүүн Х.Болорчулуун
URL:













