Могой жилээ маргаан тэмцэлгүй угтахсан
Оны өмнөхөн дэлхий сөнөнө хэмээн баахан үймүүлэв. Айхгүй ч аягүйн үлгэрээр цөөнгүй иргэд “юмыг яаж мэдэхэв” гэж бодоод лаа, шүдэнз базааж, гэр хүртэл худалдаад авчихсан тухай зөндөө л бичигдсэн. Ядаж байхад “Орифлейм”-ийн Оюунгэрэлээс эхлээд хэд хэдэн эрхэм дэлхий сөнөх нь бараг л үнэн болохыг нотлон “дайран дээр давс нэмсэн” байж таарна. Тээр жил бас яалаа, осолдсон онгоцыг “олох” гэж манай бүх л мэргэч, төлөгч, зурхайч, бөө нар жинхэнэ нүүр царайгаа илчилсэн шүү дээ. Тэгсэн хэдий ч ард түмэн хаширсангүй. Юмыг яаж мэдэхэв гээд итгэж, хохирсоор байх. Сүүлийн хэдэн жил цагаан сар дөхөөд ирэхээр л хоёр өөр зурхайн тухай маргаан дэгдээнэ.Үүнээс болоод мөн л цөөнгүй айл өрх хоёр битүүлж, хоёр шинэлэн “шатна”. Хэн нь үнэн хэн нь худал мэдэмхийрээд байгааг мэдэхгүй болохоор буруу өдөр шинэлж, буруу мөрөө гаргаад алдас болохоос л сэргийлж буй ухаантай юм даа. Өнгөрсөн жил ч билүү дээ “өөр зурхай” баримтлагсад төв талбайд гэр бариад золгуут хийсэн. Хэрэг болгон хэд хэдэн хүнтэй уулзаж тодруулвал “юмыг яаж мэдэхэв” гээд хоёр шинэлснээ хэлж байна лээ. Энэ жил дахиад л маргаан цухалзаж эхэллээ. Битүүлэх, шинэлэх өдөр нэг өдрөөр зөрөх юм гэнэ. Сүлд модны наадмыг бүр арван нэгэн сараас эхлээд л уван цуван хийдэг, бас дэлхийд ганц Монгол наадмаа ч аймаг, сум бүр өөр өөр өдөр сонгон товлодогтой ялгаа юун гэж зөвтгөж болох ч битүүлдэг, золгодог, мөрөө гаргадаг өдөр нь улс даяараа тогтсон нэг өдөртэй байвал аштай юу. Ёс жаяг, түүх шастиртаа ч нийцэх төдийгүй ирээдүй хойч үедээ хэрэгтэй байлгүй яахав. Түүх номоос үзвэл он цаг солигдох өдрийг тооцдог янз бүрийн л аргачлал байдаг нь тухайн улс орны байршил, шашин шүтлэгийн төрөл зэргээс хамааралтай аж. Монголчуудын хувьд бөөгийн болон буддын шашны цаг хугацааг тооцдог хоёр өөр баримтлалаас болоод ялгаа гарсан нь үнэн. Эрдэмтдийн хэлэхээр бол аль аль нь үнэн, гэхдээ нэг нь нарны, нөгөө нь сарны тооллыг баримтлах учир зөрүү гардаг гэх.
Тийм аваас аль нэгийг нь, эсвэл дундаж хувилбарыг сонгох эсэхийг нэг мөр цэгцэлмээр. Чингис хааны төрсөн өдрийг оноодог шиг гэсэн үг. Богд хаант засгийн үед ч гэсэн хоёр зурхайн цагалбар нэгэн өдөр давхцаагүй үед чухал үйл хийхээр бол дундаж хувилбарыг сонгох зарлиг буулгаж байсан тухай баримт бичигдэн үлдсэн нь бий. Ямар зурхайг баримтлах нь хувь хүний эрхийн асуудал учир гээд зөнд нь орхиж боломгүй. Маргаан үүсгэдэг зурхайчид ч гэсэн олныг үймүүлэлгүй, зөвхөн өөр зуураа л тэмдэглэнэ биз.
Харин мөр гаргахын хувьд бол орчин үед төдийлөн тохирдоггүй зан үйл. Монголчууд гэрийнхээ үүдийг урагш нь харуулан барьдаг байсан болохоор ертөнцийн зүг чигийг таацуулахад түвэггүй байж. Гэтэл хааш нь хамаагүй харуулан баригдсан байшингийн хаалгаар гармагц зөв чиглэлээ олно гэдэг бүтэшгүй. Буруу, зөв мөр гаргаснаас болоод ажил үйл сайн, муу нь хамаардаг бол мөн ч олон мянган хүний үйлс будилахаас яахав. Тэгээд ч өрхийн тэргүүн мөр гаргаад үр хүүхэд, гэр бүлийнхээ тухайн жилийн нурууг даадаг байсан уламжлалт ёс заншлаа ч бодолцох нь зүй. Өөрөөр хэлбэл орон сууцанд амьдардаг нийт иргэдийнхээ өмнөөс Төрийн тэргүүн зөв мөр гаргах нь өлзийтэй мэт. Ирж буй могой жилийнхээ босгыг хэрүүл, маргаангүй, эв нэгдэлтэй, нэгэн санаатай угтваас Монгол түмний буян заяа тэгшрэх буй заа.
Олхонууд ШААБАР
URL:













