Ж.Батзандан: С.Баярыг шалгаад, өөрийнх нь хэлсэн олон жил нууж, дарж явсан баримт мэдүүлгийг нь авах хэрэгтэй
Сайн байна уу? УИХ-ын гишүүн С.Баярын ярилцлагатай холбоотой хэдэн асуулт таньд тавих гэсэн юм. Болох болов уу?
-Ямар ярилцлага билээ?
-”Төрдөө үгээ хэлэх юмсан” гэдэг гарчигтай.
-Аа тийм. Хожимдсон хайр илэрхийлэх гэж байгаа аятай ярилцлага байна лээ.
-УИХ-ын гишүүн С.Баяр 7 сарын 1-тэй холбоотой баахан баримт дэлгэнэ, төрдөө үгээ хэлнэ гэсэн байна лээ?
-7 сарын 1-ээс хойш бараг 3 жил өнгөрлөө. Тэр үед Санжийн Баяр Ерөнхий сайд, түүний шууд удирдлага дор цагдаагийн байгууллага ажиллаж байсан. Тэр олон чухал зүйл мэдэж байсан юм бол яагаад олон жил нуух болов. Шууд 7 сарын 1-ний дараа, 3 жилийн өмнө мэдүүлэг өгөхгүй юугаа хийж байсан юм бол. Яагаад гэнэт өнөөдөр Америкаас ирээд төрдөө үгээ хэлье гээд сандраад гүйгээд байгаа юм бол. Би ойлгохгүй байгаа. Уг нь гэмт хэргийг зориуд нуун дарагдуулна гэдэг өөрөө гэмт хэрэг шүү дээ. Мэдмээр л юм.
-Магнай, Жаргалсайхан та нарын хэргийг дахин сэргээж байгаа тухай сонссон.
-Бүх юм хуулийн хугацаатай. Хэргийг дахин сэргээхэд ч хугацаа гэж бий. Шүүх засаглал улс төрчдийн тоглоом биш. Нэг хэсэг хүн өргөдөл өгөхөөр нэг хэргийг дахин дахин сэргээгээд байх боломж байхгүй. Дээрх хэргийг хангалттай шалгасан. Хэрэгсэхгүй болгосон, үндэслэлгүй, нотлох баримтгүй юм байна гэдэг нь тогтоогдсон. Би цагаадсан. Олон удаа цагаадаад байх шаардлага алга.
Одоо С.Баярыг шалгаад, өөрийнх нь хэлсэн олон жил нууж, дарж явсан баримт мэдүүлгийг нь авах хэрэгтэй. Яагаад гэмт хэргийг олон жил нуун дарагдуулав гэдгийг асуух хэрэгтэй.
Тэр Оюутолгойн гэрээний өмнө толгойгоороо хариуцлага хүлээнэ, намаа ялуулахын тулд шаардлагатай бүх юмыг хийнэ гэж хэлж байсан хүн шүү дээ.
Мөн цагдаа хүн буудсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж тэр хэлж байсан. Амьд гэрчтэй, олон эмч нарын нүдэн дээр болж өнгөрсөн хэрэг. Одоо толгойгоороо хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Цагдаа нарын гарт таван хүн амь үрэгдсэн гэдэг нь тодорхой байна, мөн Оюутолгой боловсон луйвар болсон гэдгийг Багабанди гуай ч байнга хэлээд байгаа шүү дээ.
URL:













