Царай муут
Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж зуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болхоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа. Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн. Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид надруу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэхүү дээ.
Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирхдоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ.
Хичээл эхлээд удаагүй, найз нөxөдтэй болж амжаагүй болхоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаарай хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үгүйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юмуу. Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хөдлөхгүй байлаа. Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм.
Ажиглаад байхад манай ангийнхан үндсэн 3 төрөлд хуваагдах юм шиг санагдана. Нэг хэсэг нь үнэхээр толгой сайтай, бодлого бодохын төлөө төрсөн мэт, матемэтикаас өөр юу ч сонирхдоггүй ёстой номын амьтад. Дараагийн хэсэг нь мөнгөтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хөөсөн эрхийн балайнууд. Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгүй ч муу сураад байдаггүй , нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч амтан дунджууд . Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа. Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч , аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хүн тэнд өргөсөн дүнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ. Хотын сургуульд над шиг амтны жинхэнэ булай илэрдэг бололтой Англи хэлээр би гэдэг хүн чин ангидаа алтан дунджид ч орж чадахгүй байлаа. Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгүүт сургуульдаа ганган дэгжинээр дээгүүр тооцогдож байсдан хүн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хүүхдүүдийн дунд ямар ч донж маяаг байхгүй
хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бүр ярих юм биш . Гэвч царай зүс сайтай зовхи өөдөө бандийн хувьд удалгүй алтан дунжийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерөнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бүх бандийг өвдөг шороодуулсаар охидыг бишрүүлж гүйцэв.
Ингээд нэгдүгээр улиралын амралт эхэлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зүрхийг байлдан дагуулах өнөө мөрөөдлийн гүнжтэйгээ учраагүй байлаа. тэр гуравын хамгийн хөөрхөн нь манай ангийн Халиун. Даан ч сурлага муутай, манай 40 хүүхдийн адагт нь ордог. тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй үг унана гэж үгүй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой үерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж үхэх биз. Харин түүний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй өндөр, хувцаслан гэж ганган гэдэг ч үг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нүүртэй , ангалзуур гэж жигтэйхэн .
Манай 10-ын аль гайгүй гэсэн хөвгүүдтэй үерхэж болзож байсныг дуулаад миний эр хүний бардам зан хөдөлсөн ч юмуу шууд л дургүй хүрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгүй охин. Бас л манай ангийх л даа. Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгүй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж *галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө* гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гүйхийг харахаар инээд хүрмээр. Уучлаарай , би хөдөөнийх ч гэсэн аймгийн төвийн хэрдээ л хотожсон хүний хүний хувьд эмэгтэй хүний борхон царайг нэг их үнэлдэггүй юмл даа. Миний үнэлэмжээр бол эмэгтэй хүн цайвар арьстай байх нь чухал бөгөөд , ямар ч cэдэвээр ярьж хөөрөхөд ам хуурай байдаггүй, өөрөөр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улиралын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотоод ирж чадсангүй. Шинэ жилээр л хамт очино гэж Билэгт , Доржсүрэн хоёр надад бичсэн и-меилдээ амалсан байлаа. Ингээд улиралын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж өнгөрөөх төлөвлөгөө минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бүлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгүүрт гуталын лангуу ажилуулан гэртээ орой өвдөг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага үд болтол унтана. Харин би өглөө эрт сүүнд явна. Өглөө бүхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн өвөө , эмээ нартай хамт оочерт зогсох нь хүсмээр ажил биш л дээ. Гэвч яаaя гэхэв. Намарын хүйтэн өглөө охин дүү нараа сүүнд явуулалтай биш.
Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нүдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндүү туранхай биетэй, тэгэд арай хэтэрхий эв хавгүй хувцасладаг тэр охин нүдний зузаан шил нь цантчихсан мөртлөө 11-р сарын өглөөний чаcшийм жаварт огт ажирсан шинжгүй, даарсандаа гэр рүүгээ шогших хөөрхий миний хажуугаар салхи татуулан өнгөрдөгт нь л би атаархдаг байсан юм. Би түүний аль орцонд суудгийг ч мэддэггүй. Өглөө бүхэн түүнтэй тааралддаг ч тэр дорхноо ор тас мартчихдаг байв.
Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрүүлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зөөлөн аялгуу эгчиглэж байснаа, өөр нэг гайхам сайхан хөгжим дуурсаж эхлэв. Тэр хөгжмийг сонсох тусам чих рүү нэг л уянгалаг цэнхэр , ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм үгээр илэрхийлж болшгүй, ертөнцийн бус ая урсан орж тайвшируулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны өрөөнд хумсаа будан суусаар хаалга тс хийхэд хөдөлсөнч үгүй үлдэв. Энэхэн мөчид ээжийгээ туйлын их өрөвдөж билээ. Хөөрхий ээж минь насаараа хүсээд байсан хотдоо ирээд өөртөө бур ч их зовлон хурааснаа ойлгохгүй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчирая гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн төв шиг жижигхэн газар аав ерөнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн төвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хүнтэй энэ хотын хаанаас гэж түүнийг хайх юм билээ. Би орондоо ороод *Авгай л авахгүй юм шүү. Аав ээж хоёор шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг* хэмээн бодсоор нам унтчихсан байлаа.
аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд *та 3-ыг бодосндоо би ээжтэй чин амьдарч байна. . Чи том болж байгаа хүн аавыгаа зөв ойлгоорой* гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дөнгөж 37 той. Хотын эрчүүд шиг том гүзээ байхгүй, эр хар махтай, өндөр гуалиг биетэй, алаг нүдтэй, тас хар үс хөмсөгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хүмүүс аав, хүү гэхэд үнэмшдэггүй ах дүү хоёр уу л гэнэ. Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бүлийн амьдрал нэг л бүтэмж муутай . Ээж түүнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрүүл хийнэ. Би бас аавыг дуурайсан юм байлгүй, гайгүй царайлаг төрнөөсөө болж өөртөө элдэв хандтай охидоос залхаж гүйцсэн хүн. Миний бодлоор ээж ааваас илүү овортой, түргэн хөгширч байгаадаа ч юм уу, аавд олон хүүхнүүд дурладагаас болж тэр хоёр таархаа больсон юм биш. Ертөнцийг үзэх үзэл, оюн санаанны хүрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг.
URL:





