Гадаадын хэвлэлүүд Оюутолгойг онцолжээ

Oyu_Tolgoi_23“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал сар шинийн өмнө эхэлсэн. Энэ удаагийн хурлаар Монголын тал Оюутолгой төсөл дахь 34 хувийн эзэмшлээ баталгаажуулах, санхүүжилтийн механизм дээр хяналтаа тогтоох, роялтий нэмэгдүүлэн авах, төслийн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах гэх мэт багц зургаан асуудлыг хөндөж байгаа.

Харин хөрөнгө оруулагч “Рио Тинто”-ийн хувьд төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ийнхүү хөндөгдөж эхэлсэнд нэлээд эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Ямартай ч хоёр талын хувь нийлүүлэгчдийн хурал хоёрдугаар сарын сүүлчээр үргэлжилнэ.

Улмаар гэрээнд өөрчлөх асуудлаар хоёр тал ойлголцолд хүрэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа. Харин энэ талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэе.

ЗАСГИЙН ГАЗАР “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ӨРТӨГ ӨССӨНИЙГ ТОДРУУЛНА

“Монгол Улс “Рио Тинто” компаниас Оюутолгойн зэс, алтны уурхайн төслийн хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулна” гэж Засгийн газрын эх сурвалж Ройтерст мэдээллээ.

Оюутолгой төслийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төслийн удирдагч “Рио Тинто” өнгөрсөн долоо хоногт анхны бүтээгдэхүүнээ гаргасан юм. Түүнчлэн ирэх зургаадугаар сараас эхлэн Монголын Засгийн газарт роялтийг өгч эхлэхээр төлөвлөж байжээ. Гэвч өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоорондын уулзалтаар “Рио Тинто хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь Засгийн газрын хүртэх ашгийг багасгаж байна” хэмээн Монголын тал мэдэгдсэн байна.

“Энэ мэтчилэн төслийн өртөг өсөхөд бид өөрсдийн гэсэн тодорхой хяналтыг тогтоох механизмтай болмоор байна. Бид одоогоор тэдний зөв, бурууг шүүн тунгааж чадахгүй байгаа” гэж Засгийн газрын эх сурвалж хэлээд, төслийн анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮд тусгагдсанаас ойролцоогоор хоёр тэрбум ам.доллараар өссөнийг онцолжээ.

Засгийн газрын эх сурвалж мөн “Бидний төслөөс олох ашиг, хувь хэмжээ яагаад ингэж буурсныг ч бас бид мэдмээр байна. Бид үүнийг ард түмэнд тайлбарлах ёстой” гэсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид өөрсдийн байр сууриа www.ot.mn вэб сайтад байршуулжээ. Ирэх лхагва гараг буюу хоёрдугаар сарын 7нд болох хоёр талын хувь нийлүүлэгчдийн хурлаар дээрх асуудлыг шийдэх гарцыг олно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакКрей “Эдгээр асуудлуудыг хэлэлцэж ярилцах нь Засгийн газар болон ард иргэдтэй мэдээлэл солилцох бидний оролдлогыг онцолсон чухал үйл явц боллоо” гэж мэдэгдэлд дурьдсан байна. “Харин Засгийн газрын эх сурвалж Ройтерс”-т өгсөн мэдээлэлдээ “Төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэдэг нь бид ногдол ашгаа төлөвлөсөн ёсоор 2019 оноос бус 2033 оноос авна гэсэн үг” гэж дурьджээ.

www.reuters.com /2013.02.06/

ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ЭНЭ САРД ДАХИН БОЛНО

“Рио Тинто” групп Монголын Засгийн газар хооронд хэлэлцээр энэ сард дахин хуралдахаар боллоо. “Рио Тинто” группийн Оюутолгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалт төлөвлөснөөс хэтэрсэн болон “Оюу Толгой” ХХК орон нутгийн хөгжилд хангалттай хувь нэмэр оруулж чадахгүй байгаа зэрэг асуудлыг хуралдаанаар шийдвэрлэхээр зорьж байгаа юм. Хоёр талын төлөөлөгчид өчигдөр /2013.02.06/ Улаанбаатар хотноо хуралдаж, дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайг тойрсон асуудлуудыг хэлэлцсэн.

Засгийн газрын хувьд төслийн менежментийн багт орж ажиллах, төслийн ханган нийлүүлэгч монгол компаниудын тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг Монголын банкнаас хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байгаа.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт “Нэгэнт бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болох уул уурхайн төсөлд монголчууд өөрсдөө илүү оролцоотой, хяналттай болох хэрэгтэй” гэж хэлсэн. Оюутолгой төсөлд хөрөнгө оруулагч “Рио Тинто” 66, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Хувь нийлүүлэгчдийн хурлын дараа “Рио Тинто”гийн хувьцааны ханш Сиднейн арилжаагаар 0.8 хувиар өссөн байна. Түүнчлэн “Turquoise Hill” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржийн арилжааны хаалтаар 0.5 хувиар өсчээ.

www.bloomberg.com /2013.02.08/

“ОЮУ ТОЛГОЙ” ХХКИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭГДЭЛ

Хоёрдугаар сарын 6-нд болсон Хувь нийлүүлэгчдийн хурлын дараа “Оюу Толгой” ХХК-аас гаргасан мэдэгдлийг www.infomongolia.com вэб сайт бүрэн эхээр нь хүргэжээ.

“Оюу Толгой төслийн бүтээн байгуулалт нь тус компанийн удирдах зөвлөл болон Засгийн газрын төлөөлөгчдийн баталсан төсвийн хүрээнд хийгдсэн” гэж “Рио Тинто”-гийн Зэсийн бүлгийн захирал Эндрю Хардинг хэллээ.

Түүнчлэн “Бид зэсийн анхны баяжмалаа өнгөрсөн долоо хоногт гаргаж, төлөвлөгөөний дагуу 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнийг олон улсад худалдаалахаар зорьж байна. Хэдий тийм боловч төслийн хэрэгжилтийн талаар хувь нийлүүлэгч талаас тодорхой асуудлуудыг дэвшүүлж байна. Хувь нийлүүлэгчдийн хурал эдгээр асуудлыг шийдэх боломжийг олголоо” гэжээ.

“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакКрей “Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох Оюу Толгойд санхүүжилт хийх, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл явуулах нь өргөн цар хүрээтэй, цогц ажил юм” гэв.

Мөн тэрбээр “Хувь нийлүүлэгч талуудад төслийн санхүүжилт, зардал, үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөндөж дэвшүүлсэн асуудлыг тодорхой болгох үүднээс цаашид ч илэн далангүй, нээлттэй хэлэлцэж, ярилцах болно” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын өртөг 6.2 тэрбум ам.доллар болж байгаа нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд, Засгийн газрын төлөөлөгчдийн 2010 оны арванхоёрдугаар сард баталсан төсвийн хүрээнд гарч буй зардал болно.

www.infomongolia.com /2013.02.08/

МОНГОЛ “РИО ТИНТО”ГИЙН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ТАТГАЛЗЛАА

Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа зургаан тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп олон улсын томоохон банкуудаас зээлэхээр хөөцөлдөж байгаа. Гэвч Монголын тал уг хөрөнгө оруулалтаас татгалзлаа.

“Монгол Улсын Засгийн газар Оюутолгой дахь хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн байдлаар дэмжихгүй” гэж Засгийн газрын албаны эх сурвалж хэлсэн байна.

Түүнчлэн “Хувь нийлүүлэгчдийн хурлаас бидний ойлгохгүй байгаа зарим асуудлуудыг тодруулах шаардлагатай” гэж мэдэгджээ. Хэрвээ төслийн эргэн тойронд байгаа асуудлууд шийдэгдвэл Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг дэмжиж магадгүй гэж нэмж хэлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард “Оюу Толгой” ХХК Өмнөговь аймагт шинэ замыг барьж, ашиглалтад оруулсан нь төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын хувьд төслийн зээлдүүлэгчдэд ямар нэгэн хориг саад тавиагүй гэдгийг албаны эх сурвалж мөн онцолжээ. Хэдий тийм боловч Засгийн газрын хийж буй үйлдэл нь “Рио Тинто” болон зээлдүүлэгчдийн хоорондын харилцаанд хүндрэл учруулж буй аж. Ямартай ч “Рио Тинто”ийн зүгээс төслийн санхүүжилтийн асуудлыг эхний улиралд багтаан шийднэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна. Энэ хүрээнд тус компани Европын сэргээн босголт, Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудаас зээл авахаар хөөцөлдөж байгаа юм.

The wall street journal http://online.wsj.com /2013.02.07/

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих