Л.Эрхэмбаярын “хүсэл”-ийг бурхан сонсчээ
Сонгинохайрханчуудын сонголт өнөөдрийг хүртэл эргэлзээ дагуулсаар байна. Хүн ам ихтэй энэ дүүргээс гурван эрхэм парламентад сонгогдох учиртай. Харамсалтай нь, Л.Эрхэмбаяр байх уу, эсвэл Д.Сумьяабазар уу гэдэг нь эцэслэн шийдэгдэлгүй цаг тооллоор нэгэн оныг үдэж, мөн аргын тооллоор могой жилтэй золгов. УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт зодоглосон энэ хоёр эрхмийн аль нь ч өнөөдрийг болтол өрсөлдөгчөө унагасангүй.
Уг нь Ерөнхийлөгчийн зөвлөх залуу Долгорсүрэнгийн хүүг шүүхийн аргаар буулгаж авах гээд хүч хүрсэнгүй. Аваргыг ар хударгаар нь суйлж унагана гэж ихэд бардсан юм даг уу даа. Ардчиллынхан төрийн эрхэнд гарч, шүүх, хуулийн байгууллагын Төрийн тэргүүний гарт зангидагдаж байсан болохоор онгирч сагсуурсан ч байж мэднэ. Юутай ч тэр өөртөө ихэд итгэлтэй байсан юм.
Гэвч түүний хүч хүрсэнгүй. Иймээс дахин санал хураалтын өдөр товлогдож, сонгогчид дахин сонголтоо хийх учиртай. Харамсалтай нь тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр болно гэх ярих чих дэлсэх болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бол Л.Эрхэмбаярыг аврах ганц гарц байж мэдэх нигууртай. Өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгч намаасаа мандат өвөртөлж, чадвал түүний далбаан дор намирч, нахилзах их боломж түүнд олдох юм.
Тэр бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийгмийн бодлого хариуцсан зөвлөх хэмээх сэтэртэйгээр сонгуулиас өмнө ажиллаж байсан нэгэн. Үе үеийн сонгуулиар нэр дэвшиж, өрсөлддөг ч босго давж байсан удаагүй. Тордоод тордоод өөдөлдөггүй энэ нөхрийг сонгуулиар нэр дэвшихэд нь Ерөнхийлөгчийн нэр нөлөө чамлахааргүй гэлцдэг.
Иймд мань хүн өнөө маргаашийг өнгөрөөсөөр Ерөнхийлөгчийн сонгуультай золговол хормойн дор нь гүйж байгаад мөрөөдөлдөө хүрчихэж мэдэх л юм. Уг нь Сонгинохайран дүүргээс хоёр эрхэм сонгогдох байсан бол хоёр нам нь дээгүүрээ тохиролцоод л Л.Эрхэмбаяр, Д.Сумьяабазар хоёрын амь амьдралыг шийдвэрлэчих байлаа. Яг л Өвөрхангайн маргааныг эцэслэсэн шигээ. Харамсалтай нь, нэгнийх нь л мөрөөдлийг биелүүлэх ганц тийз л бий.
Гэхдээ хоёр намын хэлэлцээрт энэ тухай хальт сөхөгдөөд өнгөрсөн тухай зарим нэг нь цайны хачир хийх аж. Тэр нь хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг ноёны сэнтий. Тодруулбал, дүүргийн Засаг даргын суудлыг аль нэг нь авч, нөгөө нь УИХ-ын босго алхах. Ямартаа л, Д.Сумьяабазар төрийн албан хаагчдад хоёр нам тохирч, Засаг дарга, ИТХ болон ЗДТГ-ын хэлтсийг хувааж авч байгаа тухай хэлсэн гэх бор шувуу жиргэх вэ дээ. Гэвч энэхүү наймаа бүтэлгүйтсэн гэх юм билээ.
Үнэндээ Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн даргаар олон жил ажилласан Л.Эрхэмбаярыг нутаг дэвсгэрийнхэн нь танихгүй. Тэр бол Сонгинохайрхан дүүргийнхэнд шинэ хүн. Иймээс түүнд итгэл өвөртлүүлнэ гэхэд хэцүү. Харин Д.Сумьяабазарын тухайд наадмын дэвжээнээ олонтаа харж байсан зүс царайгаар нь сонгогчид гадарлана. Мэдээж, бөхөө хүндэлж, саналаа өгөх нь бас юу л бол.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













