Чимээгүй хотын “чимээ”

d6be4ce9ac7071eebigМонгол Улсад жилд дунджаар 15-16 мянган хүн нас бардаг. Үүний 25-30 хувийг нь чандарлаж, үлдсэнийг нь хайрцагладаг байна.

Өөрөөр хэлбэл, хайрцаглуулж буй талийгаачийн хэдэн хувь нь гэрээслэлээ бичиж, эсвэл оршуулгынхаа зардлыг өөрөө бэлдсэн байдаг бол? Хэдийгээр энэ асуудал хүний хувийн нууцтай холбоотой ч бид үүнийг мэддэг, ойлгодог, төлөвлөдөг байх хэрэгтэй юм. Учир нь үүнээс улбаатай олон асуудал ар, гэрийхэнд нь тулгамддаг.

Аав, ээж, ах дүү нартайгаа үхлийн тухай огт ярилцдаггүйгээс бурхан болсон үед нь чандарлах эсвэл хайрцаглах уу гэдгийг шийдэхэд бэрх байдаг. Тиймээс энэ сэдвийг өөрөөсөө ч битгий нуугаарай. Орхон аймаг 16 га газрыг “чимээгүй хотод” зарцуулжээ. Хилийн дээс нь хэдийнэ хальсан энэ асуудал тус аймагт шарил чандарлах газар хэрэгтэй байгааг илтгэнэ. 1976 онд байгуулагдсан тус аймагт хаяа дэрлэн дахин нэг хот бий болсон нь яах аргагүй оршуулгын газар юм.

Аймгийн Хот тохижуулах газар хогийн цэгийнхээ зүүн хойд хэсэгт буюу Ястын хөндий гэдэг газарт дахин шинэ оршуулгын газар нээжээ. Таван жилийн өмнө нээсэн уг газарт иргэд талийгаачаа хөдөөлүүлэх дургүй байдаг нь олон шалтгаантай. Гол нь бурхан болоочийн алтан хайрцгийг нээсэн лам хөдөөлүүлэх зүг чигийг хэлдэг.

Ихэвчлэн баруун хойд зүгт гэж хэлдэг болохоор аль хэдийнэ хаасан оршуулгын газрын эргэн тойронд дахин оршуулдаг байна. Үүнийг цэгцлэхийн тулд Хот тохижуулах газар олон арга хэмжээ авч байгаа ч уламжлалт зан үйл нөлөөлсөөр байна. Аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газар 2011-2012 онд “Эко граф” ХХК-иар 54 цэгт агаар, хөрс, усны бохирдлын хэмжээг судлуулахад, “чимээгүй хот” орчимд мөнгөн усны хэмжээ 1.1 дахин их байжээ. Иймд тэр хавьд дахин хүн оршуулахгүй байхыг сануулсан ч харамсалтай нь иргэд талийгаачийг хөдөөлүүлсээр байна. Хүний яс газрын хөрсөнд байхдаа 40-50 жилийн хугацаанд задардаг бөгөөд энэ хооронд 70 орчим төрлийн хорт хий ялгаруулдаг байна.

Мөн нэг талийгаачид долоон амметр талбай шаардагддаг гээд бодохоор Монгол Улс хэдий хэмжээний газар нутгийг бурхан болоочдод зарцуулсныг тооцож болно. Талийгаачийг хаана оршуулсан эсэхээ мартчихдаг монголчуудын хувьд нэгдсэн нэг газартай болчихвол ядаж хааяа ч гэсэн очиж хүндэтгэл үзүүлж баймаар байна. Сүүлийн үед талийгаачийг ил тавих болсон нь зөв, буруу гэсэн ойлголтод хүргэж байна. Бурхан болоочийг ил тавьдаг эртний ёстой хэмээн лам, хуврагууд хэлдэг. Энэ нь оршуулгын газартайгаа хаяа дэрлэн амьдардаг монголчуудын хувьд ярих ёстой сэдвийн нэг юм. Иймд “Хутагт ламын хийд”-ийн хамба лам Д.Чойжамцтай уулзаж, хөдөөлүүлэх зан үйл нь орчин үеийн нөхцөл байдалтай хэр тохирч байгаа талаар тодруулахад, “Эртний уламжлалаа дагаж бурхан болоочийг ил тавих нь зүйтэй ч суурин амьдралд шилжиж буй бидэнд чандарлах газар хэрэгтэй. Гэхдээ бас ил тавьдаг албан ёсны цэг бий болгох нь чухал.

1920-иод оноос эхтэй оршуулах буюу хайрцаглах ёсыг халж газар нутгаа ариун байлгаж байгаль дэлхийд ээлтэй байх хэрэгтэй” гэлээ. Талийгаачийг чандарлахад ердөө нэг кг үнс гардаг бөгөөд энэ нь суурин амьдралд шилжсэн монголчуудад нэн тохиромжтой юм. Учир нь хүн ам өсөхийн хэрээр нас баралт нэмэгддэг тул үүнийг одооноос л анхаарахгүй бол хожим нь олон асуудлын эхлэл байхыг үгүйсгэхгүй. Мөн талийгаачийг хаана хөдөөлүүлж байгаа нь Хот тохижуулах газрын хяналтаас аль хэдийнэ гарсан байна. Уг нь шарил оршуулах газрын зөвшөөрлийг Хот тохижуулах газраас авах ёстой ч сүүлийн үед ил тавьдаг болсон тул холбогдох байгууллагад нь ч хандахаа байжээ.

Иймд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оршуулгын газар Орхон аймгийг бүчиж байна. Үнэхээр хоёр “ертөнц”-ийн амьдралд газар нутаг болон өөр бусад зохицуулалт хэрэгтэй байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулах болов.

Лам, хуврагийн хэлсэн үгэнд орж бурхан болоочоо ил тавьж тас шувуу ирж “хүртсэн” эсэхэд нь эргэлзэх үү эсвэл газрын хөрсөнд булж орчноо бохирдуулах уу, үгүй бол ердөө 45-60 минутын хугацаанд 500-1000 хэм халуунд шатааж чандарлах уу гэдэг сонголт бидний өмнө зогсож байна.

Б.Оюун-Эрдэнэ (Орхон)

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих