Б.Баттулга: АНУ-ын циркийн алтан шоунд тоглоно
Монгол залуусыг гадаадад хараар ажиллаж зовж, зүдэрч байгаа талаар ярьж, бичихээс биш эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж суу алдар хүртэж, олон түмний бахархал болохоор ажиллаж, амьдардаг залуусын тухай бид төдийлөн мэддэггүй.
“Амьдралын тойрог” энэ удаагийн буландаа монголчуудын бахархал болохуйц нэгэн залуугийн түүхийг өгүүлж Монгол залуус харьд очихоор ямар гайхамшигтай амжилт гаргаж дэлхийн хүмүүст үнэлэгддэг талаар онцлон сурвалжиллаа.
Монголчуудын бахархал, омогшлийг төрүүлэхүйц авъяаслаг залууг Баттогтохын Баттулга гэдэг. 29 настай тэрээр 1000 гаруй ажилчин, 250 орчим жүжигчинтэй АНУ-ын “Gold show end Mr. Power” циркийн жүжигчин. Тэрээр хүч тамирын үзүүлбэрээрээ олон орны үзэгчдээс алга ташилт хэмээх “авлигагүй үнэлгээ”-г авч олон хүнийг алмайруулсаар явна.
Таван метр урт, 34 килограмм гуалинг эрчүүд хараад “Үүнийг би өргөж дийлэх үү” гэхээс илүү зүйл бодохгүй болов уу. Харин Б.Баттулга энэ гуалинг зүгээр ч нэг өргөчихгүй. Гуалингаар наадаж хүмүүсийн сэтгэл, зүрхийг хөвсөлзүүлэх шиг болдог гээд бод доо. Тэр их тэвчээрийн чандад бороон дусал мэт асгарсан хөлс, амьдрал тэмцлийн үр шим байгаа билээ.
Гимнастик, балет гэх мэт спорт, урлагийн өвөрмөц олон төрлөөр хичээллэж байсан хөвгүүн ийн алдрын зэрэгт хожим хүрнэ хэмээн хэн санах билээ. “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” насандаа тэр юм юмыг сонирхож тухайн үедээ амжилтад хүрч явсныг нь найзууд, хамт олон нь бэлхнээ мэднэ. П.Баттогтохын хүүгийн авъяас “тэсэрч” нэг л өдөр Монголчуудын мөрөөдөл болсон АНУ-д хэдэн жил ажиллаж, амьдраад төд удалгүй “од” болжээ.
Түүний аав П.Баттогтох хүүгээ “Бөх болгоно” хэмээн санаж Монголын үндэсний бөхөөр хичээллүүлэх сонирхолтой явсан гэдэг. Харин хүү нь аавынхаа хүслийг шууд дагасангүй. Яагаад ч юм бэ түүний дотор хүн нь “Гимнастикаар хичээллээрэй” хэмээн шивнэсэн учраас илбэдүүлсэн мэт тийшээ илүүтэй хөтлөгдсөн гэдэг юм.
П.Баттогтох гуай хүүгээ үндэсний бөхийн секцэнд хүргэж өгч байна гэж бодоод л явдаг байсан биз ээ. Харин хүү нь “дотор хүн”-ээ чагнан бөхийн зэрэгцээ гимнастикийн бэлтгэлээ хийдэг байсан аж. Учир нь бөхийн бэлтгэлийн танхим нь гимнастикийнхтай нь хамт байсан болохоор тэр бүхнийг хослуулан дуртайяа бэлтгэл хийдэг байж.
АНУ-ын “Gold show end Mr.Power” циркийн жүжигчин Б.Баттулгын ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
-АНУ-ын “Gold show end Mr.Power” циркт ажилладаг жүжигчнийг Монголчууд төдийлөн сайн мэдэхгүй байх. Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1984 онд Дорноговь аймгийн Сайншандад төрсөн. Миний аав цэргийн хүн бий. Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллагддаг, хурандаа П.Баттогтох гэж хүн байдаг. Би айлын ууган хүү. 1995 оноос спортын гимнастикаар хичээллэж, 2002 онд Монголын гимнастикийн холбооны тамирчин болж байлаа. 2005 онд БХИС-иас зохион байгуулсан “Армийн аварга” шалгаруулах гимнастикийн тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн болсон. Мөн энэ үедээ балетаар хичээллэж, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Родбартын дүрд шинэ маягийн жүжигчин болж бүжиглэж, МҮОНТ-д нэвтрүүлэгт оролцож, найзуудынхаа нүдийг “орой дээр” нь гаргаж байлаа.
Дөрвөн жилийн дараа Төрийн тоглолтод оролцохоор шалгалтад тэнцээд, сүүлийн шатанд нь хасагдсан. Тэр тоглолтод оролцолгүй хасагдсан шалтгаанаа сайн мэдэхгүй юм. Гэсэн ч тэр том тоглолт надад чухал байсан. Тиймээс өөртөө “би ямар ч зүйлийг хийж чадах юм байна” гэж урам өгч ялагдлыг ялалт болгох гэж хичээдэг маань өнөөдрийн энэ өндөрлөгт намайг хүргэсэн байх.
Одоо АНУ-ын “Gold show end Mr. Power” циркт хүчний үзүүлбэрийн жүжигчнээр ажиллаж байна даа.
-Гимнастикийн дасгалжуулагч хүн балетаар хичээллэсэн гэхээр сонин сонголт юм биш үү. Удсан ч үгүй АНУ-д циркийн жүжигчин болчихсон олныг алмайруулсан үзүүлбэр үзүүлж байх юм. Яаж яваад та ийм сонголт хийчих вэ?
-Би балет мистер Д.Дашлхагва багшийн студид балетаар хичээллэдэг байсан. 2009 онд манай студид “Америкийн алдартай циркээс явж байна. Гоц авъяастан хайж явна” гэсээр хоёр хүн ирлээ. Манай студийн залуус тэдэнд хийж байсан бүхий л үзүүлбэрээ үзүүлсэн. Харин тэд бидний хийсэн зүйлийг биш бидэнд хийх эрч хүч эрмэлзлэл байгааг олж хараад манай студийн жүжигчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Манай студийнхний хувьд энэ гэрээ гайхалтай, итгэмээргүй санагдаж, бүгд л их баярлаж байсан. Манай студиэс гурван жүжигчин, улсын циркээс хүнд жингийн номер, уран нугаралт зэрэг төрлөөр зургаан жүжигчин 2009 оны арваннэгдүгээр сард АНУ-ыг зорьсон доо.
-Монгол жүжигчдийн баг анх удаа АНУ-ын циркт тоглож байгаа нь энэ үү?
-Манай баг энэ циркт Монгол Улсаас хоёр дахь удаагаа очиж байгаа групп байсан. Биднийг 143 жилийн түүхтэй, цэнхэр, улаан, алтан гэсэн салбар цирктэй, АНУ-ын 100 гаруй хот болон Мексикийн зарим хотоор аялан тоглодог том баг халуун ам бүлдээ хүлээж авсан. Манай циркт 20 гаруй орны 300-гаад шилдэг жүжигчинтэй. Жилд нэг шоугаа 350-400 удаа тоглоход хоёр сая орчим хүн үздэг дэлхийд алдартай циркт тоглох болсондоо бид баяртай байна.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хувьд эх орноо сурталчилах ажил нэгдүгээрт тавигддаг гэдэг. Таны хувьд?
-Америкт аялаад, ажиллаж байхад хүмүүс биднийг их сонирхдог. Ялангуяа үзүүлбэрээ үзүүлсний дараа биечилж уулзаж, “чи ийм том модыг өргөөд үзүүлбэр үзүүллээ гэж үү” гэж олонтаа асууна. Мөн хятад хүн үү гэж их асууна. Тэднийг буруутгах аргагүй. Америкууд Монгол гэдэг нэрийг огт мэдэхгүй байх нь энүүхэнд. Харин арай дөнгүүр мэдлэг боловсролтой, юмыг танин мэдэх сонирхолтой, түүх сонирхдог иргэд нь Чингисийн Монгол гэж мэднэ шүү. Тиймээс америкуудад эх орноо таниулах гэж тэдэнд бараг л түүхийн хичээл орчихно шүү дээ. Хамгийн гол нь Чингис хаанаас эхлээд л түүхийн сэдвээр голчлон Монгол Улсаа сурталчлах ажлыг хийнэ дээ.
-Таны гуалинтай үзүүлбэрийг олон хүн биширч, итгэж ядсан янзтай харагддаг. Тийм том гуалингаар наадах хэцүү биш үү?
-Таван метр урт, 34 килограмм жинтэй бүдүүн гуалинтай “барилдах” нь миний хобби бас ажил. Учир нь би багаасаа барилдаж өссөн монгол хүн. Мөн тодорхой хугацаанд үндэсний бөхөөр хичээллэж байсан маань одоо ч надад хэрэг болдог. Тиймээс таван метр урт, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модтой “барилдах” нь надад хэцүү биш даалгавар л даа. Мэдээж хүнд үзүүлбэр учраас хөлс, хүч нэлээн шаардана. Амар ажил хүнд амжилт авчирдаггүй шүү дээ. Хүнд, хэцүүгийн ард тэвчээр заан гарч байж аливаа хүн амжилтад хүрдэг байх.
-143 жилийн түүхтэй Америкийн циркт монголчуудаас өөр гадаадын жүжигчид байдаг уу?
-Манай циркт 20 гаруй орны жүжигчин ажилладаг, олон улсын нэгдсэн цирк гэж хэлж болно. Жүжигчдийн ихэнх нь оросууд байдаг.
-Яагаад Оросын жүжигчин тэнд их байдаг юм бол?
-Арга ч үгүй байх оросууд урлаг, спортоо хуучин системийн үеэс бодлоготойгоор хөгжүүлчихсэн шүү дээ. Тиймээс манай циркийн жүжигчдийн дунд “орос школ” гэсэн яриа гарсан. Одоо дэлхийн аль ч циркт “мундаг жүжигчид, шилдэг үзүүлбэрийн эзэд” оросууд байдаг. Тэдний дараа хятадууд орно. Хятадад цирк их хурдтай, эрчтэй хөгжиж байгаа. Нөгөө талаар Хятадаас хямд үнээр чадварлаг жүжигчин олныг авч болдог давуу талтай. Олон хүн дунд өрсөлдөөн бий болно. Манай цирк жил бүр Хятадын аль нэг хотынх нь циркийн сургууль юм уу, Шаоулиний сүмээс жүжигчид авчирдаг. Одоо Шаоулиний сүмээс 20 залууг хоёр багш, нэг орчуулагчийнх нь хамт авчирч тоглолтод оролцуулж байна. Үүнээс гадна, латин Америк, Мексик, Бразил, Куба улсаас мэргэшсэн сайн жүжигчдийг урьж, 1-2 жилийн гэрээгээр ажиллуулдаг юм билээ.
-Америкийн циркийн жүжигчнээр ажиллаад хэр удаж байна. Эх орноосоо хол ажиллахад гэр бүлээ дагуулаад явах уу?
-Миний одоо тоглож байгаа “Gold show end Mr. Power” цирк жирийн 18506, тансаг зэрэглэлийн 106 суудалтай томоохон байгууламжид тоглолтоо хийж байна. Энэ циркийн албан ёсны гэрээт жүжигчин болоод дөрвөн жилийг үдэж байна. Энэ хугацаанд АНУ-ыг нэг бүтэн тойрсон. Циркийн цэнхэр шоунд хоёр жил ажиллаад гэрээгээ сунгаж, улаан шоунд нь мөн хоёр жил тоглосон. Одоо алтан шоунд нь тоглохоор гэрээгээ байгуулаад байж байна даа. Энэ хугацаанд манай эхнэр, гурван хүүхэд надтай хамт амьдарч, аялж байна. Манай бага хоёр ихэр. Харин том хүү маань энэ жил таван настай, сургуульд орсон. Харин хоёр бага нь цэцэрлэгт явдаг. Эхнэр маань хүүхдүүдээ харна, надтай хамт аялаад явна даа.
-“Ringling Bros and Barnum & Bailey” цирк Монголчуудад хуучин танил. Энэ циркэд өмнө нь Монгол жүжигчт тоглож байсан байх аа?
-Манай “Ringling Bros and Barnum & Bailey” циркийн хувьд гадаадын жүжигчдийн багаас орос, хятадын жүжигчдийн групп хамгийн том нь. Мөн Бразилаас 15 жү- жигчний бүрэлдэхүүнтэй групп ирж ажиллаж байна. Манай улсаас анх 1992- 1993 онд 40 жүжигчинтэй баг очиж тоглож байсан юм билээ. Харин 2010 онд есөн хүнтэй баг ирж, ажилласан. Одоо энд би ганцаараа ажиллаж байна.
-Таныг хүндийн өргөлтийн үзүүлбэр үзүүлдэг жүжигчин гэж сонссон юм байна. Өөр үзүүлбэр үзүүлдэг үү?
-Би таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модоор “тоглодог”. Хүчээ тэнцвэржүүлж, гуалингаа сольбиж эргүүлэх үзүүлбэр хийдэг. Мөн боулингийн бөмбөгөөр куба охинтой хамт тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг юм.
-“Ringling Bros and Barnum & Bailey” циркт заан ямар үүрэгтэй юм бэ. Лого, эмблеймд нь заан гол дүр “бүтээсэн” байх юм?
-Манай циркийн үүсэл гаралтай заан салшгүй холбоотой. Заан жүжигчдээс дутахгүй олон онцлох үзүүлбэрийг сонирхуулдаг. Зөвхөн зааны үзүүлбэрийг үзэх гэж манай шоуг зорьдог үзэгч цөөнгүй. Манайх 100 гаруй заантай том цирк шүү.
-Танай цирк нүсэр харагдаад байх юм?
-Аргагүй. Манайх 150 вагонтой. 1000 гаруй ажилчин, 250 орчим жүжигчинтэй. Бас амьтад бий. Манай циркийн эзэд нь FELD-ийнхэн буюу Америкийн шоу бизнесийн алдартай гэр бүл байдаг.
…Ийн бид яриагаа өндөрлөлөө. Цаг наргүй ажлын хажуугаар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээрээ АНУ-ын циркт гоёж байгаа авъяаслаг залуу Б.Баттулгадаа амжилтын дээдийг хүсье Б.Баттулгаар монголчууд бахархахгүй байхын арга алга. Монголчууд бид цөөхүүлээ гэдэг ч хэмжээлшгүй их авъяасын ундаргатай ард түмэн гэдгээ Б.Баттулгын амжилтын жишээнээс харж болно. Дэлхийгээр нэг тарсан авъяаслаг залуусаараа бахархаж, бардамнах цаг иржээ. Монгол залуусыг өнгөлж, зүлгүүрдэх юм бол олон арван Б.Баттулга төрөн гарах биз ээ.
Д.Мягмар
![]()
URL:













