“Орон нутаг” судлал уу? Эко боловсрол уу? Хөгжүүлэх л юмсан…
Социалист тогтолцооны үеийн дунд сургуулийн сурагчид зуны амралтаар “зуны даалгавар” нэртэй сурлагын дүнг тавьсан, доор нь нэлээд уртхан жагсаалттай, сургуулийн тамга тэмдэг, багшийн гарын үсэгтэй албан бичиг өвөрлөн харьдагсан. Тэр жагсаалтын доторх зарим зүйлсийг санан тодруулбал: жирх, зурамны арьс, эмийн ургамал, шүүрний өвс, сүхний иш… гэх мэтийн зүйлс хөвөрдөг байлаа. Энэ нь тухайн үеийн багш сурагчидад нэлээдгүй ажил болдог байсан нь мэдээж. Намар анги бүрээр нь зуны даалгаврын биелэлтийг дүгнээд л дутуугаа гүйцээх гээд л багш сурагчгүй л нэг юм болно. За тэгсгээд сургуулийн аж ахуй, нярав энэ тэр гэсэн хүмүүс цуглуулж аваад таг болно доо. Чухам хаашаа явдгийг сурагчид мэдэхгүй. Тухайн үеийн худалдаа бэлтгэл анги буюу бидний нэршиж заншсанаар хоршоонд тушаагддаг байсан байх.Чухам хэдий үеэс монголын боловсролын тогтолцоонд бий болсныг миний бие мэдэхгүй байгаа ч энэ нь Зөвлөлт Холбоот улсын дунд сургуулиудад нэлээд үр дүнтэй хөгжиж байсан орон нутаг судлалын салбар “сургуулийн орон нутаг судлал”-ын хуулбар арга зүй байж. Үүний гол агуулга нь:
сурагчдыг хүүхэд ахуй цагаас нь хүрээлэн байгаа орчин, оршин байгаа нутаг дэвсгэрийн байгаль цаг уурын онцлогийг мэдэх, ургамал, ан амьтан, ашигт малтмалын нөөц баялаг, түүх соёл, зан заншил зэргийг танин мэдэж, тэдгээрийг зүй зохистой ашиглахад чиглэгдсэн цогц үйл ажллагааг тухайн үед сургуулийн орон нутаг судлал гэдэгт ойлгож болох юм.
Мөн орон нутаг судлалын сурах бичгүүд ч хэвлэгдэн гардаг байлаа. Сурах бичиг нь харин хичээлийн жилийн явцад сурагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, тэднээр хийлгээд байж болохоор ажиглалт, туршлага, экскурс дадлагууд нэлээн голллосон байдаг байсныг санаж байна. Энгийн жишээ авахад манай эгч нар л нэг дэвтрийг таллаад хуваасан ажиглалтын дэвтэртэй, түүн дээрээ салхины чиглэл, цаг агаарын байдал үүлшилт зэргийг тусгай тэмдэгээр тэмдэглэхээс гадна, хур тунадасны нимгэн зузааныг жирийн модон шугамаар хэмжээд л тэмдэглэнэ. Намар ургамлын навч, шилмүүс зэргийг хатаагаад нэрийг бичин хавтаслаад л хэрэндээ л юм болдог байж. Түүнийгээ багш нар болон бусадтайгаа харьцуулаад л тодорхой нэг дүгнэлтийг хийдэг байсан нь мэдээж
Тэгвэл дээр дурдсан нөгөө зуны даалгавар нь энэ хичээлийн ажиглах, цуглуулах, бүтээх даалгаврын үргэлжлэл байх ёстой атал хэрхэн гүйцэтгэх арга зүй, заавар зөвлөмж дутсанаас зүгээр л үүрэг даалгавар болон хувирдаг байж л дээ. Зөвхөн материаллаг талыг нь ингэж дутуу дулимаг ойлгосноос болж сургуулийн агуулахыг дүүргээд л хавар болоход устгагдаад өнгөрдөг байж. Харин энэхүү даалгаварын нөгөө нэг тал нь бас дажгүй байсныг санаж байна. Тэр нь юу вэ гэвэл уншсан “номын тэмдэглэл” гэж нэг эвтэйхэн бүтээлч зүйл байлаа. Харин энд нэг дутагдалтай нь бас л хөдөөгийн сурагчид үүнийг хөтлөхдөө дутмаг, төв суурин газрын сурагчид хийдэг байсан нь анзаарагддаг байсан байх.
Энэ бүх зүйл сургуулийн орон нутаг судлал хичээлийн үргэлжлэл бөгөөд дадлагын хугацаа нь “зуны амралт”, нэр нь “зуны даалгавар” болж хувирчээ. За тэгээд зуны даалгаврын аварга энээ тэрээ гээд л цөөн хэдэн хүүхдийг шагнаад өнгөрнө. Бусад нь яах гэж өвс ургамал, навч цэцэг цуглуулснаа ч мэдэхгүй өнгөрнө. Уг нь багш бүрийн өөрийн хичээлтэй холбогдох талаар тэдгээр материалаар анги кабинетын үзүүлэн, материалаа сэлбэн, энэ даалгаврын биелэлтэн дээр ажиглалт, туршилт хийн хичээл хоорондын холбоо хамаарлыг хангах замаар сурагч бүрт өөрийн нь хийсэн бүтээлч үйлийн нь ач холбогдлыг дүгнэн хэлэлцүүлж, ирээдүйд хүрээлэн байгаа орчин, байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв ашиглах тухай боловсролыг олгоход чиглэгдэх байж. ЗХУ-д хөгжсөн “сургуулийн орон нутаг судлал”-ын мөн чанар энэ.
Ингэхдээ сургууль, багш нарт тулгуурласан тодорхой зохион байгуулалт арга зүйтэй, бүтээлч багш сурагчдын нэгдэл, клуб, дугуйлангийн хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж байсан нь тодорхой байдаг. Ер нь орон нутаг судлал гэдэг нь олон салбар шинжлэх ухааны заагт оршин тэдгээрийн харилцан холбоо хамаарал дээр тулгуурлаж байдаг шинжлэх ухаан гэдгийг тэмдэглэе.
Тэгэхээр өнөөдрийн байдлыг авч үзье. “Зуны даалгавар”-ын утгаар нь авч үзвэл сумын төвийн сургуулийн нэгэн намрын даалгаварт авсан зүйлийн жагсаалт бас л сонирхол татлаа. Жагсаалтаас нөгөө жирх зурамны арьс хасагджээ. Сүхний иш, саван, угаалгын нунтаг, хогийн шүүр гэх мэтээр бага зэрэг өөрчлөгджээ. Үүнийг ажиглаад сургуулийн няраваас тодруулахад “сургуулийн хэрэгцээтэй” зүйлсийг даалгаварт өгдөг болжээ. Өмнөх байснаасаа дордоод харин жинхэнэ “үүрэг даалгавар” болон хувирчээ. Сүхний иш нь стандарт хэмжээтэй, саван, угаалгын нунтаг нь нэр хэмжээтэйгээ дурайж байгаа юм.
Тэгвэл эндээс сурагч сургуулийн хэрэгцээт зүйлийг бэлдэх үү эсвэл… гэсэн асуудал аяндаа урган гарна. Өмнөх үеийнхэн бас хэдийгээр даалгавар ч гэсэн утга агуулга нь арай ондоо байж. Арга ч үгүй байх өнөөдөр сургуулийн орон нутаг судлалтай төстэй нэг ч хичээл байхгүй, багш нар маань тус бүрийн хичээлийн стандарт, шалгалт шүүлгийн дүнгийн гүйцэтгэлдээ анхааран ажилласаар хичээлийн жил дуусна.
Харин тэрхүү хуучин “сургуулийн орон нутаг судлал” гээд байсантай “төстэй” агуулгыг хэрэгжүүлэх зорилготой нэгэн шинэхэн нэртэй клуб байгуулах тухай санал санаачилга улс аймгийн хэмжээнд яригдан сургууль бүхэн л өөр өөрийн өнгө аястай “ЭКО” гэгч сурагчдын байгууллагыг яаран сандран байгуулсан. Зорилго, зорилт үйл ажиллагааг нь ултайхан боловсруулаад, хийх үйл ажиллагааг нь тодорхой болгочихвол уг нь эвтэйхэн байгууллага. Манайхан ч яахэв дээ. “Уулын буга үзээд унасан морио голов” гэгчээр нэг шинэ юм шиг нэр сонсвол хуучин мэддэг байснаа мэдэхгүй юм шиг болоод өөр юм хийгээд явчихдаг нь гэм биш зан болчихоод байгаа юм.
Энд дунд сургуулийн түвшинд ярихад нэг зорилго, нэг утга агуулгатай мөртэй хоёр зүйлийн боловсролыг яриад байгаа юм. Үүнд “тогтвортой хөгжлийн боловсрол”, нөгөө нь “экологийн боловсрол”, энэ хоёр бол миний ойлгож байгаагаар өмнөх үеийнхний хийх гэж, бүтээх гэж оролдож байсан мөнөөх “сургуулийн орон нутаг судлал”-ын үргэлжлэл. Ингэж зүтгэснээрээ би дээрх гурвыг нэг зүйл гэж хэлэх гээгүйг минь анхаарах нь зөв. Харин гурвуулаа л сурагчийг хүрээлэн байгаа, оршин амьдарч буй газар орныхоо болон дэлхий ертөнцийн байгаль цаг уурын өөрчлөлт, онцлогыг мэдрэн, байгалийн нөөц баялагийг хэрхэн зөв ашиглан, ирээдүйд хэрхэн зөв аж төрөх ухаанд сургах гэж зорьж буйгаараа л төстэй юм.
Харин энд бидний анхаарлаа хандуулан ухаанаа уралдуулах зүйл бол дээрх гурвын ялгаа зөрөөг зааглан ялгахдаа биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Яагаад гэвэл бидэнтэй бидэнгүй тусгайлсан шинжлэх ухааны түвшинд зааглаад ялгаад явчих байх. Ухаанаа уралдуулах гэгчийн учир нь сургууль дээр дээр дурдсан боловсролын агуулгыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудал юм. Өмнө өгүүлсэн түүхээс харахад хамрах хүрээг тэлэх гээд утга санааг алдагдуулсан түүх бидэнд байгааг өмнө дурдсан.
Тэгвэл өнөөгийн ЭКО клубын үйл ажиллагааг хэрхэн зохистой удирдан зохион байгуулах вэ гэдэг нь сум, сургууль, аймгийн улсын түвшинд ярих ёстой асуудлын нэг болоод байгаа юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ сургуулийн клубүүд хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, явуулах үйл ажиллагаа тодорхойгүй, олныг хамруулах удирдлага манлайлгүй, үлгэн салган зохион байгуулалттай л юм байгаа. Үүнд сургууль заах аргын нэгдлийн түвшинд анхаарч клубын үйл ажиллагаанд мэргэжил бүрийн багш нарын хүчийг дайчлан ашиглах хэрэгтэй. Тэгэхгүйгээр үйл ажиллагаа жигдрэхэд бэрхтэй байж мэднэ. Учир нь дээрх агуулга нь өргөн олон салбар ухаануудын анхан шатны ойлголтууд их шаарддаг болохоор…Сурагчид өөрсдийн энэ байгууллагаараа дамжин хамтран ажиллаж хүрээлэн буй орчноо танин мэдэж, хамтдаа хөгжих сурах бололцоог хамгийн түрүүн энэ байгууллагаар дамжин сонирхсон зүйлээ гүнзгийрүүлэн судлахад хөтөч нь болдог байгууллагаар ЭКО клубыг байгаасай гэж хүснэ.
Ямартай ч сургуулийн орон нутаг судлал уу, эко боловсрол уу аль алиныг нь хөгжүүлэх л юмсан.
Хөвсгөл аймаг Дэлгэрмөрөн цогцолбор сургууль.
ТНУ-ны багш.Т.Наранхүү
И-мэйл: narankhuu82@yahoo.com
URL:




