Төрийн өмчит банкыг хувьдаа завшсан хатагтай

Хөгжлийн банк л байгуулвал бүхий л амьдрал сайн сайхан болно гэх нь халаг зүйл ярьж,

 улс төрчид олон хүний толгойг эргүүлж байгаа. Гэвч сүүлийн гурван жил ярьж, бичиж, бас хүлээгдэж байгаа Хөгжлийн банкны  удирдлагуудын нэр  эхнээсээ тодорч, олон хүний голыг харлуулаад байна. Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн 14-нд болж,  Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж баталсан байна.
Энэ хурлаар “Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Б.Даринчулуун, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ТӨХ-ны хэлтсийн дарга Х.Володя, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал, ХААН банкны гүйцэтгэх захирлын зөвлөх П.Морроу, “Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болормаа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан С.Меянатан нарыг томилсон юм. Гэвч ямар шалгуураар эдгээр нөхдийг томилсон нь тун бүрхэг. Баахан ажилтай, урдах, хойдохоо ялгаж чадахгүй шахам байгаа хүмүүст давхар ачаа үүрүүлж, бас ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүдийг Хөгжлийн банкинд оруулж ирсэнд олон хүн дургүйцэж байна. Хаан банкинд эзэн сууж, өнөөдөр ч тус банкинд зөвлөхөөр ажиллаж байгаа П.Морроу, Тээвэр хөгжлийн банкны эзэн Д.Энхжаргал тэргүүтэй хүмүүсийг энэ багт багтаасан нь бүр ч сонирхолтой. Ялангуяа Д.Энхжаргал хатагтай. Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энэ хатагтай ёстой л дураараа дургиж, хүссэн бүхнээ авч чаддаг ид шидтэй нэгэн. Ид шид ч гэж дээ, үнэндээ хуулийг гууль болтол завхруулж чаддаг хүн. Одоогоос  дөрвөн жилийн өмнө буюу 2007 онд Лондон дахь Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргалыг Монгол банкны Ерөнхийлөгч А.Батсүх УИХ-ын чуулган дээр дагуулж ирж, дэд Ерөнхийлөгчөөр томилуулах санал тавьж байлаа.
Энэ  хуралдаан дээр УИХ-ын гишүүн З.Энхболд Д.Энхжаргалыг Монгол банкны Ерөнхийлөгчид тохирохгүй хүн хэмээн үзэж нилээд том баримт цакт гаргаж ирж байсан удаатай.

З.Энхболд: – УИХ-ын ажлын хэсэг танай байгууллагыг шалгаад муу дүн тавьсан. Монголбанкны томилгоо дандаа дотроосоо явдаг тул ямар нэг алдаа нь илэрдэггүй. Монголбанкны цус ойртжээ. Гадаад дотоодод сургууль төгссөн олон залуучууд байна. Юмыг арай өөрөөр харах үүднээс гаднаас хүн авч болохгүй байгаа шалтгаан юу байна?

А.Батсүх: – Нэр дэвшүүлэх тухай их бодсон. Ажил мэргэжлийн хувьд Энхжаргалыг тохирно гэж бодож нэр дэвшүүлсэн.

- УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг юу гэж үзэж байгаа юм бэ?

- Ажлын хэсгийн шалгалтыг буруу гэж үзэхгүй байна.

- Лондонгийн бирж хэзээ байгуулагдсан билээ?

- 2002 оны наймдугаар сард байгуулагдсан.

- Наад хүнээ яагаад Лондон явсныг мэдэх үү?

- Мэднэ.

- Яагаад явсан юм бэ?

- Гадаад зах зээл дээр ажиллах шаардлага гараад явсан юм.

- Арилжааны банкны захирлууд 2001 оны тавдугаар сард энэ хүний талаар урьд нь хийж байсан ажилтай нь холбоотой өргөн барьсан бичгийг мэдэх үү?

- Тухайн үед нь сонсож байсан.

- Дөнгөж сая хариулсан хариулт чинь буруу байна. Наад хүн чинь Монголбанкинд багтаж шингэхээ байгаад Лондонд орон тоо гаргаж явуулсан шүү дээ. Тухайлбал, хувийнх нь Тээвэр хөгжлийн банк, хяналт шалгалттай холбоотой бусад банкууд гомдол гаргасан байгаа. Үйл явдал тавдугаар сард өрнөсний дараа долдугаар сард жилийн зуун сая төгрөгийн төсөв өгч салбар байгуулсан байна. Хувийнхаа банкинд давуу эрх олгож алдаа гаргасан тул бусад банкнууд итгэхээ больж танай хуучин ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм. Түүнийгээ үргэлжлүүлэн хийхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тээвэр хөгжлийн банк одоо Транс банк болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг яагаад оруулж ирж байгаа юм бэ. Ийм буруу томилгоо битгий хийж байгаач ээ. Энэ хүнээ татаж авах уу?

- Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй байна. Таны хэлсэн банкны үүсгэн байгуулагчаар Энхжаргал ажиллаж байгаагүй.

- Миний гар дээр Тээвэр хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн байна. Үүсгэн байгуулагч нь энэ хүний аав, талийгаач болсон хүн юм. Ээжид нь 38 хувь нь залгамжлагдаад иржээ. Цаашаа найман хувь нь Энхтайванд, Энхжаргалд гээд үргэлжилж байна л даа. Эдний гэр бүлийн банк юм байна. Дүрмийн сангийнхаа 408 тэрбум төгрөгийг өөрийнхөө мөнгөөр хийж чадаагүй. Гадаадын байгууллагад 51 хувийг нь өгч байж, 49 хувьтай үлдсэн. Энэ банк Энхжаргалтай салшгүй холбоотой. Харин Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө банкны буруу үйлдлүүдийг хааж байсныг ярихгүй байна. Ийм олон зөрчил байгаа юм. А.Батсүх үүнийг харсан ч хараагүй юм шиг явдаг юм байна. Энэ танай дотоодын хяналт шалгалт үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч худлаа яриад суугаад байж болохгүй  хэмээн эсэргүүцэж,  Ч.Содномцэрэн гишүүн “Аавынхаа байгуулсан гэр бүлийнхээ банкны төлөө санаа тавихгүй энэ албыг хашна гэхэд эргэлзэж байна. Төрийн мэдэлд байсан Хадгаламжийн банк ухуулчихсан шиг Монголбанк ухуулчихсан байхад гайхах зүйлгүй” хэмээн анхааруулсан ч  Д.Энхжаргал Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдож байсан удаатай.  Үнэндээ тэр үед АНУ-д төгссөн сургуулийн диплом, англи хэл хоёр нь гол үзүүлэлт болж, хувийн банктай Д.Энхжаргал Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдож байсан удаатай. Гэвч Д.Энхжаргалын ах дүүс  Тээвэр хөгжлийн банкийг  анх байгуулсан түүх нь З.Энхболд гишүүний гаргаж тавьсан баримтаас илүү ноцтой аж.

“Шударга мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих