15 хүний амь нас долоон жил эдлэх ялаас хямдхан гэж үү?

-Гэтэл гэмт хэрэгтнүүд нарсанд биш, наранд гүйж явна-

Хариуцлагагүй төр, хэрэгждэггүй хууль дүрмээс нь болж хаа сайгүй хүний эрх зөрчигдөж, хэн нэгэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байхад төрийн эрх барьж буй эрхэм түшээд монгол хүний амь, насыг малаас дор үзэж байна. Монголын төрд хүний амь, нас үнэгүйдэж байна гэж эрх нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд гомдоллож байна. Арга ч үгүй биз. “Азийн чоно” хэмээх сүржин нэртэй архинаас болж, ах дүү, амраг садан, найз, нөхдөө алдсан хэдэн хүн өдөр ирэх тусам уруудаж яваа амьдралынхаа өнгийг өөрсдөө ч тодорхойлж чадахгүй сууна.

Аргаа барахдаа тэд “Хэрэг хийсэн нэгнийг нь ялласан болоод өнгөрдөг. Харин дараа нь өршөөлийн хуульд хамруулаад суллачихдаг. Хохирсон, хэлмэгдсэн нэг нь гомдоллосон болоод өнгөрдөг. Хууль завхруулагчдын хэрэг хийдүүлдэг энэ тогтолцоог өөрчлөх гэж, бас хэрэг хуучраагүй шүү” гэдгийг сануулах гэж хууль, хяналтын байгууллагын хаалга татаж явна.

Метилийн спирт одоо ч тэдний биеийг хордуулсаар байна

2008 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласан. Бараг анх удаа хоол хүнсэндээ анхаарал хандуулж байсан нь энэ гэж хэлж болно. Гэтэл хоёр оны зааг дээр баярын хундага харшуулж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж суусан арав гаруй хүн архи нэртэй хор уугаад хорвоогоос явсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь монголчууд хүнсэндээ хоол биш, хор хэрэглэж байгаагийн жишээ болов. Харин хэдэн өдөр ухаангүй байсан зарим нь хордлого тайлах эмчилгээний ачаар арай гэж амьд үлдсэн. Гэсэн ч тэдэнд амьд үлдсэний зол гэж баярлах сэтгэл алга. Харин ч эсрэгээр нь бодож, сэтгэж явна.

Учир нь “Азийн чоно” компанийн “Нүнжиг”, “Улаанбаатар сархад”, “Азийн чоно” хэмээх метилийн спирттэй архины хор өнөөдрийг хүртэл тэдний биеэс арилахгүй байна. Бичиг, цаасанд дарагдан шүүх, цагдаагийн байгууллагаар эргэлдэж буй тэдэнтэй уулзахад дөнгөж 20 гарч буй залуухан хүү хэдэн найзтайгаа шинэ жил тэмдэглэснийхээ төлөө элэгний хатууралтай болоод, шаналж яваагаа дуулгав. Ойр, ойрхон бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихдэг түүнд ах, дүү нар нь санаа зовниж сууна. Мөн эмнэлгээс гарахдаа хоёр нүднээсээ салж, хорвоог дахин харж чадахгүй болсон нэг багш байна.

Тэрээр дахиад багшлах нь битгий хэл, данхтай цайгаа олоод уучихаж чадахгүй ядаж явна. Хүний гар харсан түүнийг эхнэр, хүүхэд нь орхиод явжээ. Одоо энэ хүн гараас нь хөтлөх хэн нэгнийг хүлээгээд гадагшаа ч гарч чадахгүй, гэрийн мухар сахиж сууна. Толгойтой үс нь бууралтаж амжаагүй энэ эрийн үс нь зулгарч унан хуйх нь гэрэлтжээ. Баяр тааруулж, сархад хүртсэнийхээ төлөө бүхэл бүтэн амьдралаараа хохирч, насан туршдаа хэзээ ч эдгэж, эрүүлжихгүй хүнд өвчин тусчээ. Аргаа барахдаа “Монголын төрд иргэнээ гэх сэтгэл байна уу” гэж явна. “Азийн чоно” компанийн найруулсан хор амьд үлдсэн хэдэн хүний үхлийг хүлээж сууна.

Уг бодисыг будаг шингэрүүлэх, шил, лааз цэвэрлэхэд ашигладаг

Юмыг яаж мэдэх вэ. Хэрэг хийдүүлж сурсан хэдэн нөхөд хүний биед архины хор тийм удаан нуугдах учиргүй гэж мэлзэж мэдэх юм. Тэгвэл метилийн спиртийг ямар зориулалтаар ашигладгийг судалж үзье л дээ. Мэдэх нэгэнд нь дахин сануулж байна. Олон хүний амь насыг авч одоод буй метилийн спирт өнгөгүй шингэн, усанд уусч холилддог. Уг бодисыг будаг шингэрүүлэх, лак, формалин үйлдвэрлэх, шил шаазан цэвэрлэхэд ашигладаг гэж мэдэх нэг нь ярьж байна. Мөн ариутгалын бодисын орц, найрлагад оруулдаг аж.

Түүнчлэн машин, техникийн нэмэгдэл түлш болгох зэргээр хэрэглэдэг гэнэ. Үүнээс үзэхэд метилийн спиртийг үйлдвэрт, техникийн зориулалтаар ашигладаг юм байна. Хүнсний зориулалтынх биш болохоор мэдээж архинд хольдоггүй, бас уудаггүй. Энэ бодис хүний биед 20 мг-ийн хэмжээтэй нэвтрэхэд л эд эрхтнийг аажмаар үхүүлж, улмаар шууд үхэлд хүргэдэг гэнэ. Хордлого тайлах төвийн эмч нараас энэ тухай мэдээллийг тодруулах гэж хэдэн өдөр гүйлээ. Мэдэх хүн бас хомс юм. Этилийн спиртээр найруулсан архины хор хүний биед хэд хоног нуугддагийг, бас эрүүл мэндэд ямар хор хохирол учруулдгийг тэд хэлж чадна. Бараг захын нэг эмч хэлж байна.

Харин метилийн спиртийг мэдэхгүй гэлээ. “Азийн чоно”-ын архитай холбоотой мэдээлэл хайж яваагаа хэлбэл, “Тэр үед бид ч гэсэн сандарч байсан шүү дээ. Эмнэлэг, эмч хоёрт энэ талаар мэдэх юм тун хомс байсан. Тэвдэж сандрахдаа бид дэмий л интернэт ухаж, элдэв янзын мэдээлэл хайсан. Бас гадаадын зарим нэг эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авч, түүнийхээ дагуу л арга хэмжээ авсан. Метилийн спиртын хоруу чанар хүний биед хаана, ямар эрхтэнд байгааг одоо ч хэлж чадах хүн ховор.
Тиймээс химич, нарийн мэргэжлийн шинжээчдээс асуу. Тэд л нэг юм хэлэх байх” гэж байна.

Эмч, эмнэлгийн байгууллагын мэдлэгээс давсан ийм “тусгай найрлагатай” архийг манайхан брэнд гэж нэрлээд, сурталчлаад байж. Хоёр жилийн өмнө нэг эмэгтэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2007 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой “Азийн чоно” компани бүх архиа ширээн дээр дэлгэж тавиад, дотоодын брэнд бүтээгдэхүүн гэж телевизээр сурталчилсан. Харин маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 31-нд нөхөр нь хямд хэрнээ чанартай өнөөх брэнд бүтээгдэхүүнээс болж, нас барсан тухай ярьсан байдаг. “Азийн чоно”-ынхон ийм л эмгэнэлтэй түүхийг Монголд бий болгосон доо.

“Азийн чоно”- ынхон өршөөлийн хуульд хамрагдчихсан, чөлөөтэй явна

Энэ шударга ёс мөн үү. Амьд үлдсэн хэдэн хүн нь өдөр ирэх тусам үхэл рүүгээ ойртож, үс нь зулгарч, дотор эрхтэн нь үхжиж байхад “Азийн чоно” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэлэнгэ Өршөөлийн хуульд хамрагдчихсан, гадуур сул гүйж явна гэх юм. 2008 онд санагдаж байна. Ц.Сэлэнгийн ээж З.Оюунчимэг гэгч эмэгтэй ялын тогтоол сонссон хоёр хүүхдээ “Шоронгоос суллаж өгөөч” гэж сонин хэвлэлээр яриад гүйж явсан. Гэтэл түүний үнэн, худал нь үл ялгагдах ярианд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд ач холбогдол өгчээ. Хохирсон иргэд Ц.Сэлэнгийг ял шийтгэл эдэлж байх хугацаанд нь Баянзүрх дүүргийн шүүхэд “Бидний хохирлыг барагдуулж өгөөч” гэсэн утга бүхий нэхэмжлэх хүргүүлсэн байна.

Гэтэл 2010 оны тавдугаар сарын 13-нд Ц.Сэлэнгэ Ерөнхийлөгчийн уучлал, Өршөөлийн хуульд зэрэг хамрагдаад ялаас чөлөөлөгдсөн гэсэн хариу сонсчээ. Хэлмэгдсэн, хохирсон иргэдийг энэ хэргийг дахиад нягтлуулах гэсэн боловч хэргээс чөлөөлөгдсөн, хожсон, завшсан иргэдийг өнөөдөр эрэн сурвалжлаад олохгүй байна. Энэ хэрэгт холбоотой “Азийн чоно” ХХК, “Гүн галуутай” ХК одоогоор татан буугдаагүй боловч битүүмжилсэн хөрөнгөө ашиглан үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл бас бий. Уг нь 2008 онд мөрдөн байцаагчийн хүсэлтээр бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Энэ юу болж байна вэ. Өнөөх нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг болж байх шиг. Хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан үүнийг дахин нэг нягталж харвал яасан юм бэ?

Долоон жилийн ялыг долоон сарын хугацаанд өөрчилж болдог хэрэг үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар зарлигаар Ц.Сэлэнгэд долоон жилийн ялаас гурван жилийн уучлал үзүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны тавдугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Ц.Сэлэнгийн өргөдлийг авч хэлэлцээд гурван жилийн ялыг Өршөөлийн хуульд хамруулж, хорих ангиас нь сулласан байна. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгчийн уучлал, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжүүлэх хоёрын хооронд ердөө долоон сарын хугацаа байна. Үндсэндээ долоон жилийн ялыг долоон сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрчлөөд өгчихсөнд хохирогчдын ар гэрийнхэн гомдолтой байна.

Төр амь үрэгдсэн 15 иргэний ар гэрээс уучлал гуйсан уу?

“Үгүй” гэж хохирогчдын ар гэрийнхэн хариулж байна. 2008 оны нэгдүгээр сарын 25-нд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 250 гаруй хүн метилийн спиртэд хордож очсон. Тэдний 15 нь нас барсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан 22 хүн байгаа. Тухайн үед энэ асуудлыг гамшгийн хэмжээнд хүрлээ гээд Монгол Улсын Засгийн газар онц байдал зарлаж байсан. Харин одоо энэ хэргийг бараг мартжээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг биз дээ. Амьдрах хугацаа нь хором, хормоор багасч, өдөр ирэх тусам үхэл рүү дөтөлж яваа эдгээр хүмүүст Монгол Улсын төр тусламжийн гараа сунгах цаг болжээ. Хэрэг хийсэн нэгнийг нь уучилж болдог юм чинь хохироод үлдсэн нэгэнд нь бас тусалж болмоор л юм.

Б.Энхтуул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих