А.Болорсүх: Үхэх үү, сэхэх үү гэж байснаа бодвол хүний дайтай боллоо

e3ebd5fdda889f84originale3ebd5fdda889f84originalЭнэ удаагийн “Амьд­ралын тойрог”-ийг алс хязгаар Дорнод аймгаас бэлтгэлээ. Хээрийн түй­мэр унтраахаар яваад журмын гурван нөхрөө алдаж, өөрөө үхлийн ир­мэгт тулаад буцсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхтэй уул­заж ярилцахаар зүүн хяз­гаарыг зорьсон нь энэ. Дорнод аймаг нь нийс­лэлээс 700 гаруй километр зайтай. Хэнтий аймгаас цааш зам муутай ч зам харгуй, учрах саад бэрх­шээл, жиндүү хүйтэн өдөр төдийлөн сонин биш. Эх орныхоо төлөө эрүүл мэн­дээ зориулсан энх цагийн эгэл баатар за­луутай ярил­цана гэдэг нь харин сонин байлаа.  Түү­ний хатан зориг, бай­гуул­сан гавьяаны та­лаар за­мын нөхөдтэйгээ хөө­рөлдсөөр гэгээ тас­рахын алдад Чойбалсан хотод хүрлээ. А.Болор­сүхийнх саяхан буурь сэлгэжээ. Онцгой байд­лын хэлтсийн эрэн хайх салбарын даргынх нь зааж өгснөөр шинэхэн баригд­сан орон сууцанд нүүж орсон сураг сонстов.
Заасан хаягаар нь давхиад очлоо. Хаалгыг 30 нас шүргэж яваа гэмээр нүдээрээ инээсэн бүсгүй тайлж өгч байна. Бодвоос нийтлэлийн баатар А.Бо­лорсүхийн хань бололтой юм. Хаалгаар орж амжаагүй байхад л дэрсхэн хүү, охин хоёр “Хэн бэ, ээж ээ” хэмээн гүйж ирэхэд тэдний араас нүүрээрээ их хэмжээгээр түлэгдсэн туранхай бор залуу ирсэн нь А.Болорсүх ажээ. Анх харсан хэнд ч нүд хальтрам төрхтэй болсон түүнд зочиндоо гэнэт харагдсандаа санаа зовсон байдалтай эргэн алхлаа. Шугуй шиг урга­сан өндөр өвсөн дундуур олгой хаймар бариад орсон түүний хэдэн нөхөд улаан галын дөл төөнөж байсан ч ухраагүй. Үхэл амьд­ралын заагт ч өөрсдийгөө бодож зугтаагүй. Салхины чиглэл өөрчлөгдөн түймэр бүчин авахад ч хатан зориг нь мохоогүй түүнийг хайр­лах, хүндлэх, өрөвдөх сэт­гэл харсан даруйдаа төр­сөн. А.Болорсүх Солонгост найман удаагийн хагалгаа хийлгээд өнгөрсөн оны наймдугаар сард эх орондоо иржээ. Хэрэв хоёр хоног алдаж очсон бол авралгүй болох байсан гэнэ. Аз болоход, амжиж очсондоо хором бүрт баярлаж явдгаа тэрээр онцлон хэллээ. Биднийг эмчилгээ, Солонгосын цаг агаар зэрэг гол сэд­вээсээ хазайн ойр зуурыг хөөрөлдөх үеэр эхнэр нь аяга таваг, цай, хоол гээд завгүй гүйх. Түүний эхнэ­рийг Л.Цэ­вэлмаа гэдэг юм байна. Нэг сургуульд сурч байсан, биенээ багаасаа мэддэг байсан хосууд.
Харин хүүхдүүдийг нь Гантөгс, Хулан гэдэг. Тэд цэцэрлэгийн насныхан бөгөөд танихгүй хүн аав, ээжтэй нь ярилцахыг сонжин харах. Үүнийг харсан аав нь “Өрөөндөө очиж тогло. Гантөгс өө, дүүдээ нөгөө дуугаа зааж өгөөрэй. Багш нь шалгах байх шүү” гэв. Тэд ч өрөөндөө очсон даруйдаа чанга чанга дуугаар нэгнээ дуудан, заримдаа нэгнээ шоглон уйлуулж байгаа нь хажуугийн өрөө­ний бидэнд тод сонстоно. Энэ үеэр гэрийн эзэгтэй Л.Цэвэлмаа “Болороо маань хүүхдүүдийнхээ инээдээр хурдан эдгэж байх шиг байна. Солонгосоос ирэхдээ анх 42 кг жинтэй байсан. Одоо 60 гарсан байх аа. Овоо махлаад байна” хэмээн нөхрөө өхөөрдөнгүй нь аргагүй энхрийллээ. Түүний гаргасан эр зориг, байгуулсан гавьяаг үнэлж Онцгой байдлын ерөнхий газрынхан өнгөрсөн оны төгсгөлд хоёр өрөө байр авч өгсөн юм байна.  Ямар ч атугай, сайхан гэр бүл, аз жаргалтай өрх гэдэг нь анзаарагдаж байлаа. Ингээд илүүц зүйл нур­шаад яахав. А.Болорсүхтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

- Таны бие гайгүй юу?
- Овоо л болж байна. Үхэх үү, сэхэх үү гэж байснаа бодвол хүний дайтай боллоо. Ямар ч байсан хүн дүрстэй байгаа биз дээ. Яахав, энэ нүүр гэж хүн харахын аргагүй байх шиг байна. Хамрын хоёр нүхнээс бусад алга болсон юм уу гэмээр өөрчлөгдсөн. Тэглээ гээд гуниж гутраад байх зүйл алга даа. Амьд яваа нь өөрөө аз завшаан юм.

- Тэгэлгүй яахав. Таны баатарлаг үйлсийг монголчууд мэдэж байгаа?
- Хүний орчлонд амьд явахаас өөр сайхан зүйл юу байх билээ. Хэдийгээр би ганцаараа амьд үлдэж чадсан ч амиа алдсан ах, дүү нараа бодохоор тархинд маань харанхуй нүүрлээд дотор давчдаад байдаг юм. Тэднийхээ талаар бодохгүй хором гэж үгүй. Сайхан ах, дүү нар байсан юмсан. Бодох тусам уйлмаар санагддаг юм шүү дээ.(хэсэг хугацаанд бодлогошров)

- БНСУ-д гурван сарын туршид эмчлүүлэв үү. Хагалгаанд орсон гэсэн байх аа?
- Тэгсэн. Найман удаа­гийн хагалгаанд орсон. Учир нь биеийн ихэнх хэсэг түлэгдсэн учраас нэг мөсөн ордоггүй юм байна. Эрүүл үлдсэн цээж, хоёр гарны арьснаас авч нүүр, хоёр хөл, гуяаа нөхөх учраас удаан хугацааны давтамж­тай, олон удаа­гийн хагалгаанд орсон. Хагалгаанд байнга орох учраас хоол хүнс ч гэсэн хориотой усаар хооллож байлаа. Гэхдээ усаар хоол­лож байгаагаа мэдсэнгүй. Ухаан санаа орж гараад, юу болж байгааг сайн мэдэхгүй ярьж чадахгүй байсан юм. Гурван сарын туршид тасралтгүй эм­чилгээ хийлгэсний эцэст өнөөдөр хоёр үрээ хараад сууж байна. Со­лонгосын эмч нарт баярлахаас аргагүй. Намайг эмнэлэгт хэвтэх үеэр БНСУ-д бай­даг мон­голчууд эхнэртэй маань ирж уулзаад биеийг маань асуудаг байсан гэсэн. Та­нихгүй мөртлөө шүү дээ. Харин Со­лон­госын эмч нар “Монго­лын аврагч амьд гарах магадлалтай болсон. Та бүхэн санаа зовохгүй байж болно” гэж хэлдэг байсан гэнэ лээ. Монголчуудын сэтгэлийн дэм надад их тус болсон доо.

- Эмнэлгээс гараад эх орондоо шууд ирсэн бил үү?
- Тийм ээ. Хоол унд ч таарахгүй бололтой бай­сан. Тэгээд ч юм ярьдаг, хүний яриаг ойлгодог болонгуутаа бусад нөхөд маань яасан бол гэж бодогдоод тогтож сууж чадаагүй. Харамсалтай нь, миний журмын ах, дүү нар амиа алдсан байсан. Намайг Солонгост байхад хэн ч тэдний талаар яриагүй. “Эрүүл саруул яваа. Ганцхан чи гэмтсэн” мэтээр ярьдаг байсан. Монголд ирснийхээ дараа ах нараа амь үрэгдсэн гэдгийг нь сонсоод хүнд цохилт болсон юм даа. Тэд маань амьд байсан бол би илүү жаргалтай байх бай­лаа. Хамтдаа явж байгаад алдчихсан болохоор сэтгэл маань тогтохгүй талдаа. Заримдаа уйлах л юм.

-Тэр аюулт түймрийн талаар та санадаг уу?
-Баяндун сумын ну­тагт их хэмжээний бэлчээр хамарсан түймэр гарсан тухай дуудлагын дагуу манай хэлтсийн эрэн хайх аврах албаны 10 албан хаагч явсан юм. Бид өдөр 13 цагийн үед аймгийн төвөөс гарч давхиад 16 цаг өнгөрч байхад түймрийн голомтод очсон. Очсон даруйдаа түймрийг унтраахаар цурам тавьж эхэлсэн. Тэр үед баруун талаас зүүн тал руу чиглэсэн цурам тавьсан гэсэн үг. Цурам тавьж бага зэрэг намжаагүй бол салхины эрчээр ирж яваа түймэр айл амьтан, бэлчээр шатаах аюултай байсан юм. Хамгийн урд талийгаач Г.Багабиш, би түүний хажууханд цурмаа тавиад явж байсан юм. Гэтэл яах ийхийн зуургүй нүргэлсэн гал ороод ир­сэн. Гүйх ч бололцоогүй. Энэ үед Г.Багабиш ах ирээд намайг доороо оруу­лаад нөмрөөд хэвтсэн. Тэрнээс цааш юу ч сана­даггүй. Нэг мэдэхэд л эм­нэл­гийн орон дээр хэвтэж байсан. Манай жолооч ахын ярьдагаар бол Г.Багабиш ах “Би яах вэ. А.Болорсүхийг эмнэ­лэгт хүргэж өг. Би өөрөө явчихна” гээд зумарсан арьсаа унжуулаад явсан гэх юм билээ. Зарим хүн “Яагаад А.Болорсүхийг аварсан юм бэ” гэхэд “Арай залуу нь амьдраг гэж бодсон” гэж хариул­сан гэдэг. Ийм сайхан ах, дүү нараа алдсандаа үнэ­хээр харамсаад барахгүй юм.

- Түймэр тавьсан бу­руутан хэн байсан юм бол?
- Ой хээрийн түйм­рийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажил­лагаанаас болсон байдаг. Тэр аюулт түймэр  уурхайн нэг компанийн буруу үйл ажиллагаанаас эхэлсэн гэх юм билээ.

- Тэдэнд хариуцлага тооцсон уу?
-Шүүх хурал нь удахгүй болох гэнэ лээ. Намайг гэрчээр дуудаж байцааж байсан.  Цагдаа, шүүхийн байгууллага ха­риуцлага тооцох байлгүй. Надад энэ талаар мэдэх юм алга.

- Таныг эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа “Амийг минь аварсан Г.Багабиш ахдаа маш их баярлалаа. Та минь хурдан эдгээрэй” гэж хэлсэн гэдэг. Тэр амьсгал хураахаасаа өмнө таны талархлын үгийг сонссон гэх юм билээ?
- Би 2008 онд аймгийн­хаа онцгой байдлын эрэн хайх албанд ажилд орсон юм. Тэр үед Г.Багабиш ахын бүлэгт орсон. Надад байнга зааж зөвлөдөг байсан. Хожим өөр бүлэгт орсон л доо. Тэр намайг эцгээс маань өөрцгүй хайр­ладаг, буруу зүйл хийвэл зэмлэдэг байсан. Их сайхан хүн. Түүний надад хэлж ярьж байсан бүхэн одоо ч саяхан мэт санагддаг юм. Энэ талаар хөндөхгүй байж болох уу. Надад хэцүү байна аа.

- Уучлаарай. Та одоо ямар эмчилгээ хийлгэж байна вэ?
- Хамаагүй эмчилгээ, хийлгэж болохгүй гэсэн. . Нэг сар болоод нүүр болоод бусад арьсныхаа зургийг авахуулаад Солонгосын эмч нарт цахим хаягаар явуулдаг. Тэд “Арай нөхөн төлжиж дуусаагүй байна” гэх юм билээ. Нөхөн төлжинө гэдэг нь татаж харласан арьс хуучин шигээ болдог гэнэ. Одоо бол зөвхөн тос л түрхэж байгаа. Тэр тос нь ч дуусах дөхөж байх шиг байна.

- Ховор тос уу?
- Хотод байдаг гэсэн. Дуусахаар нь захья гэсэн бодолтой байна.

- Нүүрний хэсгийг да­хин гоо сайхны хагалгаанд оруулна гэж байсан. Нөхөн төлжиж дуусахаар нь орж таарах уу?
- Ирэх зургадугаар сард хагалгаа хийсэн солонгос эмч нар Монголд ирнэ гэсэн. Тэр үеэр очиж уул­заж яах ийхээ ярилцана. Хүн учраас яаж ийм төрхтэй явах билээ. Одоо байгаа төрхөөр маань хэн ч танихгүй байгаа. Охин маань хүртэл анх танихгүй айгаад гүйгээд байсан юмдаг. Харин хүү маань “Аав ирлээ” гээд нисэх онгоцны буудал дээр орилж билээ. Зарим тохиолдолд найз нөхөд маань ч таньдаггүй. Га­дуур гарахдаа маск зүүж гардаг. Хэдий болтол ин­гэж явав гэж. Гоо сайхны хагалгаанд орж энгийн болно гэдэгт итгэж сууна даа.

- Хэдий хэмжээний зардал гарахаар байна. Тооцож үзэв үү?
- Мэдэхгүй юм. Болох байлгүй гэж харж байна. Энэ дашрамд хэлэхийн аргагүй талархал миний гэр бүлд бий. Танай со­ниноор дамжуулаад хэлье. Намайг  амьдраасай гэж сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүл­сэн бүх монголчууд­даа маш их баярлалаа. Тэр дундаа төр, засгийн удирд­лагууд, аж ахуйн нэгж, иргэн танд баярлалаа. Та­ны дэмжлэгээр А.Болор­сүх гэдэг залуу ус уух хувьтай байжээ. Монгол­чуудын хандив болон төр, засгийн дэмжлэгээр 200 гаруй сая төгрөг цуг­ларсан гэдэг. Үүнийх нь 70 гаруй сая төгрөгийг нь БНСУ-ын эмчилгээнд зарцуулсан. Үлдсэн нь гоо сайхны хагалгаанд зар­цуулагдах болов уу. Ул­саас олгосон зардлыг зөв­хөн эмчилгээнд зарцуулна гэж заасан юм.

- Танд онцгой байдл­ынхан байр авч өгсөн гэсэн. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсний шагнал байх?
- Намайг эмчил­гээ­нээс ирээд удаагүй байхад ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дулам­­дорж хоёр өрөө байр авч өгсөн. Т.Ду­ламдорж даргаас гадна аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Ган­төмөр болоод хамт олон маань надад их тусалсан.  Тэднийхээ ачаар инээх жаргалыг олж байна даа. Онцгой байдлын албан хаагчид амь нас, эрүүл мэндээ дэнссэн хэцүү нөхцөлд ажилладаг гэд­гийг мэдэж байгаа байх. Ард түмэн, улс орныхоо төлөө эрүүл мэнд, амиа хайрлахгүй зүтгэнэ гэсэн тангараг өргөсөн байдаг. Тэглээ гээд төр засаг, Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа амь насыг эрсдүүлж, хохи­рооно гэсэн бодол байхгүй нь мэдээж. Бололцоотой бүх техник тоног тө­хөөрөмж, аюулгүй ажил­лагааг нь хангах талаар өөрсдөөсөө хамааралтай арга хэмжээг авч байгаа байх. Нуулгүй хэлэхэд байгалийн гам­шиг, хүчин зүйлийг  дий­лэхэд хүнд байдаг гэдгийг зөв талаар нь бодож хан­даасай гэж бодож байна. Журмын нөхдөө хараад нэг л зүйлд их яарах юм даа.

- Юунд вэ?
- Ажилдаа орох юмсан гэж. Гэрт суугаад байхаар цаг өнгөрч өгөхгүй юм.  Ажлынхныг заал авч байна гэсэн сургаар очиж волейбол тоглож байгаа. Хамт олонтойгоо байхаар өвчнөө мартаад амар­чих­даг гэх үү дээ. Болдогсон бол  албаныхаа хүч хө­дөлмөр шаардаагүй ажлыг нь нугалж өгөх юмсан гэж бодох юм. Даанч манай дарга зөвшөөрөхгүй биз. Эрүүл мэндээ бод, эдгэрч дуусаад ажилдаа ор гэж хэлэх байх даа.

- Та эцэг, эхийнхээ талаар яриач?
- Миний эжий гэж настай буурал бий. Аав маань бурхан болсон. Ээж маань өдөр бүр “Яаж байна. Яах уу. Ээж нь хоол хийж өгөх үү. Гар, хөлийг нь илэх үү” гээд л гүйгээд ирнэ. Өнөөдөр харин ирээгүй байна даа (инээв). Ээжийнхээ урд хойно га­раад бөөцийлж байгааг нь, ханийнхаа халам­жилж байгааг, хүүх­дүү­дийнхээ шулганаж бай­гааг, хамт олныхоо санаа тавьж байгааг нь хараад амьдрал ямар сайхан юм бэ гэж бодох юм даа.  Ний нуугүй хэлэхэд, би айлын өргөмөл хүү. Эгч нь дүүдээ хүүгээ өргүүлсэн гэсэн үг л дээ. Мэдээж миний хувьд өсгөсөн талдаа илүү амь. Төрсөн, өсгөсөн хоёр ээжийнхээ “Хүү минь амьдраасай” гэж залбирч суугааг нь сонсоод зүрх зүсэгдэх шиг болсон. Харин одоо тэдний санаа нь бага ч болтугай амраа байлгүй.

- Таны бодлоор эх оронч гэж хэн бэ. Та энэ асуултад илүү хариулах байх?
- Эх орон, ард түмний­хээ төлөө амиа хайрлахгүй зүтгэж яваад амиа алд­сан онцгой байдлын гал сөнөөгч, аврагч бүхэн эх орончид. Өвөг дээдсийн­хээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дар­хан байдал, ард олныхоо амь насыг авран хам­гаа­лахын төлөө энэ биеэ үл хайхрах тангарагтай улс юм шүү дээ, бид. Энэ тангаргаа биелүүлж яваа энгийн нэг залуу гэвэл илүү оновчтой тодор­хой­лолт болох биз ээ” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.

Биднийг яриад дуусав уу, үгүй юу хүү Гантөгс нь аавынхаа өвөр дээр ирээд суучихлаа. Түүнээс том болоод ямар мэргэжилтэй болохыг нь асуухад “Цэргийн дарга болно. Аав шигээ баатарлаг хүн бол­но. Харин дүү маань дуу­чин болно гэсэн” хэмээн хэвлүүхэн нь аргагүй ярих. А.Болорсүхийн амь насаа үл хайхран тэмцсэн эр зориг, хатан ухааныг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэг­­дорж “Шударга журам” медиалаар шагна­жээ.
Болсон явдлыг эргэн сөхөхөд талийгаач Ч.Нам­жил­­даш багаа ахалж бай­сан юм. Энэ хүн Онцгой  байдлын албанд 17 жил ажилласан.  Ажиллах хуга­цаандаа маш олон ой, хээрийн түймэр бусад гамш­гийн дуудлагад ажил­ласан байдаг. Дорнод аймгийн 14 сум, Хэнтий аймгийн зургаан суманд, Хөвсгөл, Завхан, Сүхбаа­тар аймгийн нутагт гарсан ой, хээрийн түймэрт очиж ажиллаж. Тодруулбал, 258 удаагийн гамшиг осол дээр очиж, 20 гаруй хүний амь насыг аварч, 60 гаруй айлын гэр, 15 мянган айлын мал сүргийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ. Үүнээс гадна тэсэрч, дэл­бэрэх бодисыг аюулгүй болгох арга хэмжээнд удаа дараа очиж байж. 425 шир­хэг галт сум зэвсгийг аюулгүй болгож устгасан. Түүний ажлын амжилтыг зах зухаас нь хэлэхэд ийм байна.  Мөн талийгаач Ж.Одбаяр, С.Бат-Эрдэнэ нар мөн л онцгой байдлын албанд долоогоос найман жил тасралтгүй ажилла­сан эх орон, ард түм­ний­хээ төлөө зүтгэж байсан эх орны хөвгүүд. Тэд Дор­нод айм­гийн Баяндун, Матад зэ­рэг олон суманд ажиллаж арав гаруй хүний амийг аварч, олон мянган мал, айлын хашаа саравч, гэр оронг галын аюулаас авран хамгаалж байсан шилдэг албан хаагчид байлаа. Тэдний төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бахархалтай олон үйлс нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Ийнхүү Дорнод аймгийн онцгой байдлын албаны баатарлаг эрсийн бахархам эх оронч зан чанар, хүний төлөө гэсэн сэтгэл монгол залууст үлгэр дууриалал болох биз ээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын төлөө зүтгэн, эх орныхоо байгаль газар шороог хамгаалан тэмцэж яваа энэ л баатар эрсээрээ өнөөдөр бид бахархах учиртай. Энх цагт байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл­сээс илүү дайсан бидэнд үгүй юм. Амьдрал са­нам­саргүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ хэн нэгний унтраалгүй хаясан ширхэг чүдэнз олон айлд үхэл хагацал, уй гашуун учруулж заримыг нь эрүүл мэндээр хохироож байгааг та ямагт санаж яваарай.


URL:

Сэтгэгдэл бичих