Дондогдулам хатны сүнс “Рашааныг минь харж хандаарай” гэж Д.Арвин гишүүнд захидаг болов уу

dsdssddsdsdsdsds“Дондогдуламын рашаан” гэж сонсож байснаас биш Дондогдулам гэгч чухам ямар хүн байсныг сайн мэддэггүй байсан билээ.

Харин үүх түүхээ чөлөөтэй судалж мэдэх боломж олгосон сайн цаг ирсний ачаар тэрбээр эгэл нэгэн бус, Монгол төрийн түүхэнд “Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт, Түмэн наст Богд эзэн хаан” нэрээр мөнхлөгдөн үлдсэн VIII Богд Жавзундамба хутагтын хатан байсныг мэдэж авсан нь сайшаалтай хэрэг юм.

Түүх намтрыг нь сөхөн үзэхэд 1874 оны намрын 15-нд Сэцэнхан аймгийн Жонон ван Цогбадрахын хошуунд Цэнд хэмээх айлд төрсөн бөгөөд хожим нь Жонон вангийн аягач хийж явахдаа VIII Богдтой танилцан улмаар хатан нь болж, монголчуудын дунд “Эх дагина” хэмээн өргөмжлөгджээ. Түүнийг “шашин төрийг хослон өрнүүлэгч Эх дагина” гэсэн бичигтэй тамга барьж байсан тул төрийн хэрэгт хувь нэмрээ оруулж байсан хэмээн дүгнэж болно.

1920-иод оны үед Герман улсаас Бээжинд консулаар ажиллаж байсан Херман Гиппэрич Эх дагина Дондогдуламын талаар “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан байна” гэж бичсэн бол И.Я.Коростовец “Эх дагина нас барснаас хойш Богд хаанд зөвлөгч дутах болсон” хэмээн бичсэн нь Дондогдулам хатныг хааны ордон болоод төрийн хэрэгт ихээхэн нөлөөтэй байсныг илтгэж байна.

Эх дагиныг одоогоос 90 жилийн өмнө (1923 онд) өөд болоход өөрийнх нь шүншиглэсэн рашааны эхэнд чандарлан нутаглуулсан бөгөөд эл рашаан өдгөө бидний “Дарь эх” гэж нэрлэж заншсан Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутагт хүн зоныг ундаалан, өвчин эмгэгийг нь илааршуулсаар байгаа билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд рашааны эргэн тойронд айл бууж, иргэдийн заваан залхаг байдлаас үүдэн хог новшинд дарагдан рашааны орчин тойрон ихээхэн бохирдож байгаа нь цаашид рашааныг бохирдуулаад зогсохгүй ундаргыг нь үгүй болгочихвий гэсэн эмзэглэл төрүүлж байна.

Ялангуяа урин дулааны цагт архидаж, найрласан хүмүүсийн балгаар ойр орчимд архины шил, ундааны сав, гялгар уут хөглөрөн нүд хальтармаар дүр зураг харагддаг билээ. Энэ рашааныг ходоод, элэг цөсний өвчинд сайн хэмээн хол ойрын хүмүүс сүслэн хэрэглэдэг боловч тэр хавийн оршин суугчид ундны болон ахуйн зориулалтаар ашиглаж ирсэн байна. Хэрэглэх нь байж болох асуудал юм гэж бодоход орчин тойрныг нь бохирдуулан хог, үнс асгаж, ил  задгай бие засах нь байж боломгүй.

Дур зоргоороо авирласнаас болоод Хатан Туул, Дунд гол, Сэлбэ гол ямар байдалд хүрээд байгаа билээ. Төрийн их хатан таалан хүртэж, түмэн олон “өвчинд тустай” хэмээн сүслэж ирсэн энэ рашааныг шинжилгээнд оруулж, улмаар төрийн хамгаалалтанд авбал зохилтой гэдгийг уулзаж учирсан иргэд хэлж ярьж байсан нь хаана хаанаа анхаарууштай л зүйл юм шиг санагдсан. Тэр дундаа, сүүлийн үед Эх Дагина Дондогдулам хатны сүнстэй уулзаж, ярьж хөөрч явдаг болсон УИХ-ын гишүүн Д.Арвинд бол бүр хамаатай. “Миний ууж байсан рашааныг өөд нь татаарай” гэж эрхэм гишүүнээс гуйгаагүй байж болох ч сэтгэл гарган, ядаж хөшөө дурсгалыг нь босгон, орчин тойрныг нь тохь тухтай болгочихвол Эх дагинын сүнс нь их баярлана даа. Тэгээд ч түмэн олонд тустай хэрэг болно.

 

 

ЭХ СУРВАЛЖ:АЛАГ ХОРВОО


URL:

Сэтгэгдэл бичих