“Кэсон” цогцолборын үйл ажиллагааг зогсоолоо
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Өмнөд Солонгостой хамтарсан аж үйлдвэрийн “Кэсон” цогцолборын үйл ажиллагааг Умард Солонгос зогсоогоод байна. Есөн жилийн өмнө ашиглалтад орсон уг цогцолборын ажиллагаа үүнээс өмнө нь зогсож байсан удаагүй билээ.
Умард Солонгосын тал “Кэсон”-д ажилладаг 53 мянган ажилчнаа бүгдийг нь татан авч, бүр мөсөн хаахаар төлөвлөж байгаа тухайгаа өчигдөр мэдэгдсэн.
Умард Солонгосын ажилчид өнөө өглөө ажилдаа ирээгүй гэж Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ажилчдыг “Кэсон” цогцолборт нэвтрүүлэхээс Умардын тал татгалзаад байсан билээ.
“Кэсон” цогцолбор нь цэрэггүй бүсийн ойролцоо, Умард Солонгосын нутагт байрладаг. Хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг бэлгэдсэн тус үйлдвэр нь 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн.
Умард Солонгосыг баллистик пуужингийн туршилт дахин хийх гэж байна гэж дэлхий дахин үзэж байгаа билээ.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-наас хойш Пхеньян дахь олон улсын байгууллага болон элчин сайдын яамдын ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгээ Умард Солонгос өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь энэ өдрөөс хойш дайн дэгдэж болзошгүй гэсэн анхааруулга болсон юм.
Л.Урангуа
МОНЦАМЭ
URL:













