Б.Батболд: Хүчит аваргуудынхаа цолыг дуудаж байхад сэтгэл сэргэж, хоолой улам тунгалаг сайхан гардаг

527-1372646342middle“Дуртмал сайхан”, “Алтан богдын шил”, “Өвгөн шувуу”, “Дөмөн”, “Эрдэнэ засгийн унага”, “Нарийн сайхан хээр” зэрэг олон сайхан дуугаараа ард түмний сэтгэлийн утсыг хөнддөг, СТА, СУИС-ийн уртын дууны багш, үндэсний бөхийн цоллооч, засуул Баасанхүүгийн Батболдтой ярилцлаа.
-Уртын дуутай холбогдсон үеэ эргэн дурсана уу?
-Соёлын коллежийг 1991 онд төгсөөд СУИС-ийн уртын дууны ангид элсэн орсон цагаас хойш л уртын дуутай холбогдсон доо. Соёлын тэргүүний ажилтан, МУГЖ Ц.Дэлгэртэй багш, шавийн барилдлагатай болсноос хойш уртын дуугаа дуулж төрөлх сургуульдаа багшилж буйдаа сэтгэл хангалуун явдаг.
Уртын дуу Монголын ард түмний хэдэн мянган жил өвлөн дээдэлж, өнөөг хүртэл авч ирсэн сонгодог урлаг. Уртын дуу бол Европын сонгодог урлагтай эгнэшгүй охь бүтээл.
-Жил жилийн баяр наадмаар таны дуулсан уртын сайхан дуу олны сонорыг мялааж, бөх засч зогсоход ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Мэдээж сайхан. Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээ засч цол дуудаж байхад хийморь сэргэж, монгол хүн болж төрсний омогшил өөрийн эрхгүй төрдөг юм. Ер нь би монгол нутагт төрж, тэр тусмаа цаст Алтайн хүү болон мэндэлж, уртын дуу дуулж, морин хуур тоглож, үндэснийхээ бөхийн цол дуудаж яваа маань асар их хувь тавилан гэж боддог шүү.
-Хамгийн ачаалалтай ажилласан буюу санаанаас гардаггүй наадам байна уу?
-Санаанаас гардаггүй дурсамж дүүрэн олон сайхан наадам бий. Тэр дундаа хэдэн жилийн өмнө урд орой нь төрийн концертод дуулж маргааш өглөө нь наадам нээгээд орой нь ДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийн найрын дуучинд тоглоод, маргааш нь 12-ны өглөө дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудаж байсан минь санаанаас огт гардаггүй.
-Уртын дуучин бөх цоллоход түүртэх зүйлгүй байх. Таныг бөхийн цоллооч болоход хэн нөлөөлсөн бэ?
-СУИС-ийн оюутан байхдаа сонирхлоороо бөхийн цол дуудаж сурсан. Үндэсний бөхийн цоллооч засуул Мягмар, Лонцойдорж, Цогзол, Пүрэв зэрэг олон алдартай цоллооч багш маань юм. Миний 1999, 2003, 2006 оны баяр наадмын шилдэг бөх цоллооч болсон нь багш нарын ач гавьяа.
Би 1994 оноос хойш өдгөөг хүртэл хүчит бөхчүүдийнхээ цолыг дуудаж ирлээ. Цол дуудсан бөхчүүдийнхээ тоог нарийвчлан гаргаагүй. Аварга Х.Баянмөнх, Б.Бат- Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, О.Балжинням, Д.Сумьяабазар болон арслан, заан тэргүүтэй олон бөхийн цол дуудаж байжээ.
-Таныг харахад барилддаг болов уу гэсэн бодол төрлөө. Ер нь найранд гурван дуутай хүн наадамд гурван даваатай биз?
-Багаасаа бөхийн спортоор хичээллэдэг байсан. Дунд сургуульд байхдаа сумын наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Оюутны намрын ажилд явахдаа ургацын баярын үеэр чамлахааргүй барилдаж байсан санагдана. Урлаг хэмээх их айлд бүл нэмснээсээ хойш энэ спортоо орхисон доо.
Харин миний дүү ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА Б.Батмэнд дунд сургуульдаа сайн барилддаг байсан. Хүүхэд байхдаа ах, дүү нартайгаа олон дээлийн суга ханзалсан даа. Одоо миний бага дүү Б.Батбаатар аймгийн начин цолтой, сайн барилдаж байгаа.
-Цолыг нь дуудсан бөхөө давахад нь хамт давж, унахад нь түшилцмээр санагддаг байх даа?
-Бөхийн засуул хүн зассан бөхийнхөө багш, зөвлөгч, шүүгч нь байдаг. Хэн ч цолыг нь дуудсан бөхөө тааруу барилдаасай гэж бодохгүй шүү дээ. Нэг наадмаар далай аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд Бадамдорж начинд унахад түшээд л авмаар санагдаж билээ.
Ер нь хүчит аваргуудынхаа цолыг дуудаж байхад сэтгэл сэргэж, хоолой улам тунгалаг сайхан гардаг. Цолоо дуудуулж байгаа бөхийн мөрөн дээр дарсан гар үл мэдэг чичирхийлж байгаа нь мэдрэгддэг.
-Та багш хүн. Уртын дуу хэмээх энэ их хүндтэй урлагийн залгамж халаа хэрхэн бэлтгэгдэж байна вэ?
-Нэг үе уртын дуу дуулдаг хүн ховор болж мартагдах тийшээ хандлаа гэж ярьдаг байсан. Одоо бол нэлээд сайн хөгжиж, суръя, судалъя гэсэн хүн олон болжээ. СУИС, ХБДС, “Монголжингоо” зэрэг сургууль уртын дууны сургалт явуулж байна. Бид алдарт гавьяат дуучдаа хүндэтгэн дээдлэхээс гадна алдаа дутагдлыг нь давтаж болохгүй гэж боддог.
-Ямар алдаа дутагдал? 
-Тухайлбал, “Алтан богдын шил” , “Сэрүүн сайхан хангай”, “Хэрлэнгийн баръяа” зэрэг дууг бүтэн нэг бадаг дуулсан хүн бараг байхгүй. Одоо мөн л тэдний дуулснаар залгамжлан дуулж буй. Жишээ нь “Сэрүүн сайхан хангай” уртын дуунд “Сэрүүн сайхан хангайд нь тунгалаг ус урсана” гээд л цаашаа дуулахгүй байна.
Мөн “Алтан богдын шил”-д Зээ Алтан богдын шилд нь Алтан гургалдай жиргэнэ Алтан гургалдайн дуунд нь Агт морь сульдана” гээд нэг бүтэн түрлэг байхад одоо зөвхөн эхний хоёр мөрийг нь дуулж буй. Тэгэхээр дууг хагас дутуу дуулж байна гэсэн үг. Бид л бүтэн дуулахгүй бол цаашид улам хасагдсаар байх нь тодорхой шүү дээ.
Бид шавь нартаа уртын дуугаа бүтэн, зөв дуулах талаар заавар зөвлөгөө сайн өгч байгаа. Цаашид энэ асуудалд уртын дуучид маань анхаарна гэж боддог.
Б.Анхцэцэг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих