С.Ламбаа сайн хуультай болж, Л.Гансүх газрынхаа асуудлыг шийдвэрлэж, Ц.Нямдорж дуугарсангүй
УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталж, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан оршдог Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар болсон. Мөн Хөвсгөл аймгийн Улаан Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсэг, Цагаан нуур, Ренчинлүмбэ, Улаан Уул сумын нутагт байдаг Тэнгис шишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газарт оруулж, энэ ангиллаар нь тусгай хамгаалалтад авахаар болсон. Түүнчлэн удтал хүлээгдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Жанцан, Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нарыг өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас томиллоо. Харин баасан гарагийнУИХ-ын нэгдсэн чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцсэн боловч уг асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЗХ-ны тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. УИХ-ын нэгдсэн чуулганаас өнгөрсөн долоо хоногт гаргасан эдгээр шийдвэрүүдийг салбар хариуцсан сайд нар нь юу гэж дүгнэснийг тоймлон хүргэе.
С.Ламбаа: Сайн хууль гаргалаа гэж бодож байна
-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зорилтдоо хүрч чадсан гэж бодож байна. Энэ хууль манай салбарын үндсэн хууль. Бид салбарынхаа үндсэн хуульдаа асуудлуудаа нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр хэсэгт хувааж маш нарийн хуульчиллаа. Өмнө нь манай салбарт зөрчилтэй олон асуудал байсан. Тухайлбал, сум, баг, тосгоны бага эмч, сувилагч нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгоно гээд хуульчилсан байсан. Уг хуулиар аймаг, бүсийн төвд ажилдаг хэсэг нь энэ мөнгийг авч чаддаггүй байсныг олгодог боллоо. Мөн сум, өрхийн эмнэлгийг сум, хорооны эрүүл мэндийн төв гээд анхан шатны тусламж үйлчилгээний нэгж гэдэг утгаар нь хамгийн их давуу талыг өгсөн. Тиймээс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нөхцөл бүрдлээ. Ерөнхийдөө бүх шатны эрүүл мэндийн тогтолцооны зохицуулалтыг энэ хуулиар хийж өгсөн.
Л.Гансүх: Хашааныхаа газрыг авч, үе дамжин эзэмших эрхээ эдлэхээр боллоо
-Энэхүү тогтоол батлагдсанаар олон жилийн туршид яриад шийдвэрлэж чадаагүй Хөвсгөлийн Ханх сумын 5900 га, Хатгал тосгоны 1470 га, Хэнтий аймгийн Дадал сумын төвийн 1938.8 га буюу нийт 9300 га эдэлбэр газрыг байгалийн цогцолборт газрын хилээс чөлөөлж, сумдын иргэдэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хашааныхаа газрыг хувьчлан авч үе дамжин эзэмших эрхээ эдлэх боломжийг олголоо. Энэ гурван сумд нийт 2200 гаруй өрхтэй. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нийслэлд амьдарч байгаа иргэн 0.07 га, аймгийн төвд амьдарч буй бол 0.35 га газар, сумын төв тосгонд амьдарч байгаа иргэнд 0.5 га газрыг үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Харин аж ахуйн зориулалтаар бол 0.5 га хүртэл газрыг эзэмшиж болохоор хуульчилсан.
Харин хуулийн салбарт өрнөсөн асуудлуудын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй.
“Монголын мэдээ” С.ЭНХЗАЯА
URL:




