“Өвсний үндэс” өөдгүй хүний өвөрт орчихоод байгаа юм биш үү

Монгол Японы Засгийн газар хоо­рондын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа. Энэ ч манайх шиг хөгжлийнхөө шатанд гарахаар тэмүүлж байгаа оронд хамгаас таатай боломж гэдэг нь ойлгомжтой агаад бид ч “Японтой ингэж хамтарна, тэгж найзална” гэсэн мэдээлэл бүрийг анхааралтайгаар ажиглан, битүүхэндээ баярлаж суудаг. Монгол Улсад үүссэн аливаа хүндрэл бэрхшээл, гачигдлын үед зовох цагт нөхрийн чанар танигдахын үлгэрийг Япон улс л үзүүлж тусламжийн гараа сунгасаар ирсэн. Ямар сайндаа л өөрийн орон нь цунамид нэрвэгдчихээд байхад хүртэл тус улсын ард түмэн манайд өгөхөөр төлөвлөөд байсан тусламжийн хөтөлбөрөө үргэлжүүлэхээр гарын үсэг зураад сууж байх вэ дээ.
1991-2004 оны хооронд гэхэд манай улсад үзүүлсэн япончуудын тусламж 131 тэрбум 625 сая иенд хүрсэн байлаа. Энэ нь гадаад улс орнуудаас манай улсад үзүүлсэн нийт тусламж дэмжлэгийн 70 гаруй хувь гээд бодоод үзэхэд япончуудад талархахаас өөр арга байхгүй ээ.
Гэхдээ уулын мод урттай, богинотой гэгчийн үлгэрээр энэхүү хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зарим нэг Үр дүнг амин хувьдаа ашигтайгаар эргүүлчихээд байдаг монгол хүн байна. Мэдээж хэрэг тусгаар тогтносон хоёр орны хамтын ажиллагаан дээр хувийн тоглолт хийхэд жирийн иргэн Доржийн са­чий хүрэхгүй нь ойл­гомжтой. Бүр жирийн нэг төрийн хар хүний ч чаддаг ажил биш. Ха­рин парламентын гишүүн, хоёр орны парламентын бүл­гийн дарга Д.Ган­хуяг хэмээх то­варищ энэ бүхнийг хийж чадаад бай­гаа юм.
Түүнийг Японд боловсрол эзэмш­сэнээрээ түрий ба­­рин тус оронтой хамааралтай бүх хэрэгт хуруу хум­­саа дүрж бай­даг гэдгийг мон­голчууд өнөөдөр га­дар­лахтайгаа бол­­чихоод байгаа. Гэх­дээ тэрбээр Япон улсаас ирэх буцалтгүй тус­ламжид илүүтэй “Сээ­тэн хаяж” өөрийн болгож гаршжээ. Тухайл­бал, Д.Ганхуяг ги­шүүний гараар Япон  улсын буцалтгүй тус­ламжаар орж ирдэг “Өвсний үн­дэс” хөтөл­бөр шүүгдэн гар­даг бичигдээгүй хуультай гэнэ.
“Өвсний үндэс” хөтөл­бөрийн хү­рээнд эв хамтын най­рамдалт харь­цаатай Японы Зас­гийн га­зар 2004-2008 оны хоо­ронд манай хот, хөдөөгийн 60 гаруй Ерөнхий бо­ловс­ролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлсэн байгаа юм. Эдгээр төслийн 34-ийг нь Д.Ганхуяг гишүүн “Бридж  констракшн”-даа авч өгсөн байгаа юм.
Тэрбээр, газар нутгийн хувьд зайтай аймгуудыг голж хямсганадаг аж. Эрхэм гишүүн ерөөсөө нийслэлийн болон Эрдэнэтийн бүхий л сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хамж авсан юм байх. Тухайлбал, нийслэлийн “Бага боловсролыг дэмжих” төслийн I-III шатны нийт 23 сургуулийн барилгын ажлыг дангаараа авчээ. Яах вэ, Бридж үнэхээр чадалтай чансаатай, бусдаасаа гойд компани байгаад эл төслийг эзэг­нэсэн бол болж байна. Монголчууд хү­ний зүгээр өгсөн юмыг шар тос болгоод хүртчихэж чадаж байна гэж дүгнэж болох. Гэвч эрхэм гишүүний компанийн хийгээд байгаа ажлын тооцоо өөрийн эрхгүй чих дэлдийлгэхээр дуулдаад байгаа юм.
Засгийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 320 хүүхдийн багтаамжтай, спорт заалтай Ерөнхий боловсролын нэг сургуулийн барилгыг 1,5 тэрбум төгрөгт өлхөөн багтаагаад барьчихна гэсэн тооцоо гаргаж байгаа. Гэтэл “Бридж”-ийнхэн ийм багтаамжтай нэг сургуулийг гурван сая доллароор барьж байгаа гээд л бод доо. Өөрөөр хэлбэл, бусад компани 1,5 тэрбум төгрөгөөр сургуулийн барилга босгоод, “Бридж” болохоор ганцаархнаа бусдынхаа 2,5 сургууль барьчих хэмжээний өртгөөр нэг сургууль чадан ядан босгож байгаа байх нь.
Нөхцөл байдал ийм байхад сайхан сэтгэлт япончуудын тусламжаар эрхэм гишүүний хувийн компани гараа угааж байна гэж дүгнэж болохоор байна гэдэгтэй олон нийт санал нийлэх биз ээ. Ёстой л “чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн таахалзана гэж үүнийг хэлдэг байх. Нэг сургууль барихад л унаж байгаа энэ их мөнгөний зөрүү хэний халаасыг түнтийлгэж байгаа талаар олон зүйл нурших нь илүүц ч биз.
Харин аливаа буцалтгүй тусламж гэдэг цаанаа ямар нэгэн учиг дагуулж байдаг гэдгийг хэлүүлэх юун. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн ардын сайхан үг байдаг. Иймээс ч сүүлийн үед уул уурхайг дагнасан сэргэлтийн шинж тэмдэгийг мэдэрсэн манай цөөн тооны эрүүл улстөрчид “Одоо бид амиа дөнгөчихнө өө. Гаднаас өгье гэсэн зээл, тусламжид хэтэрхий шунах хэрэггүй. Ерөөсөө энэ байдалд нарийн шалгуур, хатуу цензур тавих хэрэгтэй байна. Аливаа гар сунгалт бүрийн цаана давхар санаа яваа” гэсэн үгсийг амнаасаа унагадаг болоод байгаа. Энэ ч үнэхээр эдийн засгийн сэргэлдийн үнэр ханхийгээд байгаа өнөө үед бодох л ёстой асуудал гарцаагүй мөн.
Иймээс хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьсан энэ мэт олигархижсан улстөрчдийн бусдын тусламжаар гараа угаах хязгааргүй хүсэлд төр засгийн түвшинд хазаар хийх цаг нэгэнт болжээ. Хувь хүн өөрийнхөө нэр төрөөр аль орны хэнтэй хамтарч юугаа хийнэ мань мэтэд падгүй хэрэг. Гагцхүү тусгаар тогтносон Монгол Улсын нүүрээр, 2.7 сая монголчуудын нэрээр амин хувьдаа ашиг хонжоо хайх эрх хэнд ч байхгүй гэдгийг сануулах цаг болжээ.

Э.Дөлгөөн
www.shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих