Португалийн парламентийн сонгуульд Социал демократ нам ялалт байгууллаа

Өнгөрсөн ням гаригт буюу зургадугаар сарын 5-нд болсон Португалийн парламентийн сонгуульд Социалист нам ялагдаж сөрөг хүчнийхэн болох Педру Пассуш-Коэльо тэргүүтэй Социал демократ нам ялалт байгуулсан байна. Урьдчилсан мэдээгээр Социал демократ нам 40 хувь, социалист намынхан 28,5 хувийн санал авчээ.

Ирээдүйн ерөнхий сайд залуу удирдагч Педру Пассуш-Коэльо “манай Португаль орноос томоохон эр зориг шаардсан он жилүүд хүлээж байна. Бидэнд тэвчээр хэрэгтэй. Хоёрхон хоногийн дотор үр дүн нь гарахгүй гэдгийг бид мэднэ” гэжээ.

Гуравдугаар сарын дундуур Португали улс эдийн засгийн хямралд орж засгийн газраас тэтгэврийн хэмжээг бууруулан, албан татвараа нэмэгдүүлэхээр болсон байна. Үүний дараагаар ерөнхий сайд Жозе Сократеш огцорсноор ерөнхийлөгч Анибал Каваку Силва парламентийг татан буулгаж, хугацаанаас нь  өмнө буюу зургадугаар сарын 5-нд парламентийн сонгуулийн хугацааг товлосон байна.

Сүүлийн зургаан жил Португалийн ерөнхий сайдын алба хашиж байгаад гуравдугаар сард огцорсон социалист намын тэргүүн Жозе Сократеш сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрчээ.

С.Халиун

Эх сурвалж: www.cnn.com


URL:

Сэтгэгдэл бичих