Гал зогсоох саналыг Израиль, “ХАМАС” хүлээн авчээ
ИЕРУСАЛИМ. /AFP/. Байлдааны ажиллагаагаа 72 цаг зогсоохыг хүссэн Египетийн саналыг Израиль болон Палестины лалын “ХАМАС” бүлэглэлийн удирдагч нар хүлээн авлаа. Түр эвлэрлийн хугацаа орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхэлнэ.
Египетийн зуучлагч нар “ХАМАС”-ын төлөөлөгчидтэй өчигдөр Каир хотод уулзан Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцжээ. Гурав хоног гал зогсоох хугацаанд Каирт болох дээд түвшний хэлэлцээнд төлөөлөгчдөө илгээхийг Израиль болон “ХАМАС”-аас Египет хүссэн байна.
Гал зогсоох саналыг Израиль хүлээн авсан нь байр сууриа зөөллөж байгаагийн илрэл бололтой. Израилийн удирдагч нар урьд нь “ХАМАС”-тай хэлэлцээ хийхээс татгалзаж, тус бүлэглэлийг гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа зөрчсөн гэж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL:













