Аравхан хоногт-3.2 тэрбум
Нийслэлийн иргэд өнгөрсөн 10 хоногт шавиагаа ханатал автобусаар “зугааллаа”. Нэг тасалбараар хэдэн ч автобусанд шилжин зорчих боломжтой болохоор заримд нь аятайхан санагдсан байх. Харин цагтай уралдаж ажилладаг, хөл муутай хүмүүст дахин дахин бууж суух амаргүй байсан болов уу. Ямар сайндаа л Халдвартын чиглэлийн автобусанд суусан нэгэн эмээ “Үүнтэй нийлээд найм дахь автобусандаа суулаа. Өмнө нь явдаг байсан унаанд суухаар л өөр тийшээ яваад өгөх юм” хэмээн үгээ хэлж суух вэ дээ. Автобусны буудал дээр нийтийн тээврийнхээ чиглэлийг мэдэхгүй зогсох иргэд ёстой л хаачихаа мэдэхгүй төөрч будилж байгаа харагдсан. Гэхдээ хөл толгой мэдэгдэхгүй нийтийн тээврийн туршилтын ажил аравхан хоног байсан нь яамай. Хэрвээ энэ чигээрээ үргэлжилсэн бол ёстой л холион байнтаг нь хутгах байлаа. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг нэгтгэсэн. Нэгтгэснээр шугамын давхцал арилж, үйлчилгээ сайжирна гэж хотын удирдлагууд үзэж, энэ ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэж аравхан хоногт 3.2 тэрбум төгрөгөөр юу хийсэн мэдэгдэхгүй алга боллоо. Үүний оронд засвар нь одоо хүртэл дуусаагүй байгаа цэцэрлэг, сургуулийнхаа ажилд нэмэрлэсэн бол дорвитой үр дүн харуулах байв. Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ олон автобусны гаралтыг тодорхой цагтай болгон хуваарилж ажиллавал ингэж мөнгө зарах хэрэггүй, иргэд ч “туршилтын туулай” болох шаардлагагүй. Бас иргэд цаг, ажлаа хуваарилж чадвал авто замын түгжрэлийг бууруулах боломжтой юм. Хамгийн гол нь иргэд нь хотоо гэсэн сэтгэлтэй, төр нь ард түмнээ дээдэлж, тэдний төлөө бүрэн ажиллах хэрэгтэй байна даа.
Б.Сэлэнгэ
URL:














