Орон сууцны үнэ хямд байх боломжийн бүрдүүллээ
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд 50 сая төгрөгт багтаан 50-55 метр квадрат бүхий орон сууцыг жилийн зургаан хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлд хамрагдан авах боломжтой. Гэвч хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны үнэ өсч эхэлсэн нь иргэдийг бухимдуулж буй. Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцанд орох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ч орон сууцны метр квадратын үнэ 1400-2200 хүртэлх ам.долларын ханштай байна.
Мэдээж бага, дунд орлоготой иргэд ийм үнээр байранд орох боломжгүй билээ. Тэгвэл дээрх асуудлыг шийдэх гарцыг олсноо ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Сайдын хэлснээр бол салбарын яамнаас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт оролцох компаниудад метр квадратын үнийг 980-1100 ам.доллар байлгах шаардлага тавих юм байна.
Хэрвээ энэ нөхцлийг биелүүлж чадахгүй гэж үзвэл заавал хөтөлбөрт хамрагдах гэж зүтгэх шаардлага байхгүй гэдгийг Ц.Дашдорж сайд мөн онцолсон юм. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд 980-1100 ам.долларын өртгөөр орон сууцаа борлуулахыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.
Ингэснээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцнуудын үнэ хямд байх боломж бүрдэж байна. Энэ хүрээнд барилгын компаниудтай байгуулах гэрээний төсөл ч бэлэн болсон гэдгийг албаны эх сурвалжууд дуулгажээ. Ирэх долоо хоногоос барилгын компаниудтай гэрээ байгуулах ажил эхлэх юм байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Шинэ бүтээн байгуулалт ба барилгын салбар” хэлэлцүүлгийн үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Барилгын хамгийн чухал 550 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хийсэн судалгаанд үндэслэн индексжүүлснээр дээрх үнийг тогтоосон. Энэ шаардлагыг зөвшөөрөх барилгын компаниуд Газрын харилцаа, барилга геодизи, зурагзүйн газартай гэрээ байгуулна. Харин үнэ хөөрөгдөж байгаа болон өндөр үнэ санал болгож буй компаниудыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахгүй” хэмээн хатуу мэдэгдсэн юм.
Ийнхүү салбарын сайд шийдэмгий мэдэгдэл хийсэн нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр жинхэнэ утгаараа хэрэгжих нь гэсэн найдлагыг бага боловч төрүүлж байна. Гэхдээ энэ шаардлагыг орон сууцны компаниуд хүлээн зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэдний хувьд хамгийн боломжийн үнэтэй, чанар сайтай байр метр квадрат нь 1400 ам.долларын үнэтэй хэмээн мэдэгдэж буй билээ. Нөгөөтэйгүүр үнэ хямд байлаа гээд чанар муу бол яах вэ гэх асуудлыг хөндөж байгаа.
Өөрөөр хэлбэл, сайн чанартай барилга бол үнэтэй байхаас өөр аргагүй гэж байгаа юм. Бага орлоготой айл, өрхийн хувьд 1400 ам.доллар үнэтэй гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн Засгийн газраас нэгэнт л бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа учраас үнийг хямд байлгах шаардлагатай билээ. Энэ хүрээнд барилгын компаниудад дээрх шаардлагыг хүргүүлсэн нь сайшаалтай.
Орон сууцны үнэ өндөр байна гэдэг асуудал ийнхүү шийдэгдэхээр болж байх шиг байна. Гэхдээ тэглээ гээд хөтөлбөр хэрэгжихэд бэлэн болсон уу гэдэг нь бас л асуудалтай байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн суурьшлын бүсэд шинээр орон сууц барихад дэд бүтэц, дулаан цахилгааны хангамж гэх мэт олон асуудал хүндрэл үүсгэж байгааг салбарын сайд хэлсэн
байгаа.
Түүнчлэн хамгийн том асуудал болох газрын асуудал одоо ч гэсэн шийдэгдээгүй байгаа билээ. Юутай ч барилгын компаниуд энэ жилийн хувьд 69 мянга гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой гэдгээ мэдэгдэж байгаа. Тэдгээрийн хувьд дэд бүтэц, газар, дулаан цахилгаан гэх мэт асуудлаа шийдсэн аж.
Харин цаашид ашиглалтад орох орон сууцны хорооллуудыг дулаан, цахилгаанаар хангах асуудал дээр “ДЦС-V”-ыг ашиглалтад оруулж байж л шийдэх боломжтой юм байна. Энэ мэтээр орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой асуудал байгаа билээ. Юутай ч хөтөлбөрт хамрагдах компаниуд хямд үнэтэй орон сууц худалдахаас өөр аргагүй болж байна. Харин салбарын яамнаас энэхүү шаардлагаа яг таг биелүүлж, иргэдэд хямд орон сууц нийлүүлэх боломжийг нээнэ гэж найдъя.
Л.Энхдэлгэр
URL:




