Орхон голыг бохирдуулагчдын хэрэг прокурорын шатандаа явж байна
Олборлолт хийж баялгийг нь аваад нөхөн сэргээлт хийлгүй орхисон уул уурхайн компаниудаас болж Орхон гол ихээр бохирдож, урсгал ус нь улаан шороо болсон. Засгийн газрын тогтоол гарч, Орхон голыг бохирдуулсан компаниудтай хариуцлага тооцохоор болоод жил тойрон хугацаа өнгөрч байна. Үүнд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтандорнод Монгол” компанийн эзэмшлийн тал бай багтаж, ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг зогсоосон аж. Улмаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50-иад компани ажиллах эрх авсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж. Харин “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ. Дээрх хоёр компанийн эрх бүхий албан тушаалтан нийлсэн 35 хүнийг яллагдагчаар татан, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
З.Намжилмаа
URL:













