“БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ” КОНЦЕССИЙГ “МТЗ” ТӨХК-Д ОЛГОВ

big_2Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид олгохоор шийдвэрлэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан юм. Мөн “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Уг асуудлаас гадна энэ өдрийн Засгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжаа энэ онд болно.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар таван тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцжээ. Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгасан байна.
Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгож бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзэж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих