Эх хэлээрээ оролдвол…

 13-11-20-7t

Ө.БАТХҮҮ

Энэ  дэлхийн  энд  тэнд оршиж  буй 200 гаруй  улсын иргэд бүгдээрээ нэг хэлээр  ярьдаг  байсан бол яах  вэ. Хэрэв  ийм  бол өөр, өөр ёс заншил,шашин  шүтлэг, нийгмийн  олон  төрлийн  байгуулал, цэвэр  өрсөлдөөнгүй их л уйтгартай ертөнц байх  болов уу. Цаашлаад тусгаар тогтнол гэдэг  үг  ямар ч үнэ цэнэгүй болно гэж бодогдоно.

Мал, хэл, хил  гуравтайгаа  байхад алзахгүй тухай З.Дорж гуай зүгээр ч нэг шүлэглээгүй байж  таарна. Бид сүүлчийн хэдэн өдөр   эх хэлнийхээ  дүрмийг  өөрчлөх тухай яриа  гаргаж,  зөв, буруу тухай нэлээд маргалдав. Монголчууд  бид эртний  түүхтэй, түүнийгээ  дагаад олон мянган  жилийн бичиг  үсгийн  соёлтой, хүн  амынх  нь  бараг 95-аас дээш  хувь  нь  бичиг  үсэг  мэддэг  ард түмэн  билээ.

Ц.Дамдинсүрэн гуай 1941 онд зохиосон крилл бичгийг бид 70 гаруй  жил  хэрэглэж, заншсан байна. Энэ  хугацаанд  крилл  монгол бичгийн  дүрмийг  нэг мөр  болгож, эргэлзээгүй байх олон  янзын  санал гарсаар ирсэн юм.

Гэхдээ одоогийнх  шиг ийм  өргөн хүрээнд авч үзэж, эх хэлээрээ  оролдож байсан удаагүй. Энэ оны хоёрдугаар сард  Засгийн  газраас гаргасан  монгол  хэл,бичгийн сургалт, судалгааны  чанарыг  сайжруулах тогтоол агуулгаараа  бол  зөв юм. Худалч  хүнд  хүн  бүр  дураараа  тайлбарлан бичиж  буй эх хэлнийхээ  дүрмийг бид олон хувилбаргүй болгох нь  хийх ёстой ажил  мөн. Харин нуухыг нь авах  гээд нүдийг нь  гэдэг шиг юм болгож, өнөөгийн дүрэмдээ том өөрчлөлт  хийх  нь эргээд алдаанд хүргэж болох. Тэгээд ч эх хэлдээ “гар хүрэх” гэдэг хэдэн  эрдэмтний  мэддэг хэрэг биш. Гурван сая хүрээгүй байгаа  монголчууд  биднийг гарцаагүй нэгтгэдэг, хүн  бүрт  хамаатай  зүйл  бол эх хэл. Цаад  агуулгаараа бол  Үндсэн хуулиа  өөрчлөхөөс ч том асуудал  бол  эх  хэлнийхээ  дүрмийг  дахин найруулах болж таарна.

Монгол Улсад хийх ёстой ажил  толгойтой үснээс их бий. Бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэн  алхахын тулд  бусдаас хэд  дахин  илүү сэтгэж, хөдөлмөрлөх  шаардлагатай.Ийм үед  хийх  ажлаа  олж ядсан юм шиг эх хэлээрээ оролдох  нь тусгаар тогтнолоороо  оролдсонтой агаар нэг ажээ.  Ийм  дээрээ тулвал  хуучин монгол бичигтээ шилжье гэж олон жил  ярьж ирсэн Ш.Чоймаа гуай дээрх  саналаа  дахин  хүчтэй илэрхийлэхгүй яагаад, крилл үсгийн дүрмээ өөрчилье гээд суугаа юм бол. Тэгээд ч  зөөлний  тэмдгийг  “и” болгохоор олон хүн  нэрээ  өөрөөр  бичиж бичиг баримтаа  солих  хэрэг гарна. Түүнчлэн хэрэв  гээгдэх  эгшгийн  дүрэмгүй болвол  нэг хуудсанд  багтдаг  байсан агуулга бараг хоёр хуудас болно. Энгийнээр жишвэл нэг хуруу зузаан ном хоёр хуруу зузаан болно. Эдийн засгийн хувьд ч ийм л  хохиролтой байна.

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэж сайхан өгүүлбэр  бий.  Дахин хэлэхэд  эх хэлээрээ  оролдоод  сайн зүйлд  хүрсэн гэж  сонсоогүй. Бид  35 үсэг, гээгдэх  үсэгтэй  дүрмээ  нэг хувилбарт  оруулж  сайжруулах тухай ярихаас, үсэг хязгаарлаж, гээхгүй болох шаардлага алга. Монгол хэлийг гадаад  хүн сурахад амархан  байх  албагүй. Хар, шар ямар ч арьстай, ямар ч хэлбэр дүрстэй бай монгол хэлээрээ  л  ярьж,  бичиж  байвал  Монгол Улс оршин тогтнож  байна гэсэн үг. Эх хэлээрээ учиртайхан  оролдохгүй бол…

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих