Гадаад худалдааны тэнцэл 471.2 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 15-ны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт ямар байгааг танилцууллаа.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй ажээ. Тодруулбал, одоогийн байдлаар гурван тэрбум 106.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 75.7 хувиар нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Үүнээс экспорт нэг тэрбум 317.5 сая ам.доллар, импорт нэг тэрбум 788.7 сая төгрөг болж өсчээ. Бараа эргэлтийн хэмжээ ийнхүү нэмэгдсэн ч гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс алдагдалтай гарсан байна.

Одоогийн байдлаар алдагдал 471.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийхээс ес гаруй хувиар өсчээ. Нүүрс нийт экспортын 31.9 хувийг эзэлж, зэс 28.5 хувиар удаалсан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих