Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Нарантуул” худалдааны төвд хяналт шалгалт хийжээ

527-1387864907p18chgvhjeoj697vn171kt6ak81Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн авто зогсоол дээр ачааны авто машин зогсож түүнийг дагаад хүний ялгадас нь орчны бохирдуулж, хог хаягдал их үүсэж байна, шалгаж, арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол иржээ.
Иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэнд байрлах зочид буудал, худалдааны мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй нийт 10 павилионы 26 иргэнийг хамруулан явуулжээ.
Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын чиглэлээр хийсэн шалгалтад,   өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг, шээс шивтрийн эхүүн үнэртэй, үйл ажиллагааны явцад гарсан хог хаягдлыг тогтмол цэвэрлэж зайлуулдаггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж тээвэрлэдэг зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн аялал жуулчлалын чиглэлээр хяналт шалгалт хийхэд худалдааны төвийн өргөтгөлийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг талбайд  байрлах дэн буудал нь зочны өрөөний орны тоогоор зочиноо авдаггүй, нэг хүнд ногдох зай талбайгаас хэтрүүлж зочин авсан, зочны өрөөнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчилтэй байсан байна.
Түүнчлэн  Буудлын өрөө тасалгааны өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод орчны агаар эвгүй үнэртэй, гадна орчны хог хаягдлыг цэвэрлээгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт, шалгалт хийж хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.
Дээрх зөрчлүүдийн арилгах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар улсын байцаагчдын хамтарсан 8 заалт бүхий албан шаардлагыг Нарантуул худалдааны төвийн удирдлагад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих