Д.Бямбасүрэн: Улсын эрдэнэсийн сангийн цоожийг бурхан дархалж, түлхүүрийг нь геологичид тааруулдаг

olloo_mn_1493345305_e97b8d16040d0e5f25393fac36d3042boriginalМонгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Манайхан нутагтаа алт олборлуулахгүй гээд тэмцвэл дэмжиж хамгийн түрүүнд очно

- Манай эдийн засгийн гол тулгуур болоод байгаа ашигт малтмалын үнэ нэг үеэ бодвол тодорхой хэмжээгээр өсч байна. Ер нь уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол орон саяхныг хүртэл хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн орон байлаа. Сүүлийн 10-аад жилд уул уурхайн салбар голлож, эдийн засгийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Байгалийн баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн бол өвөг дээдсийн маань бидэнд хадгалж, үлдээсэн өв юм шүү дээ. Тэднийхээ үлдээсэн үүцийг л бид одоо задалж идэж байгаа хэрэг. Нөхөн сэргээгддэггүй баялагтай энэ салбараар оролдохдоо дэлхийн аль ч орон маш болгоомжтой, бодлоготой, тооцоотой ханддаг. Зах зээл дээрх үнэ ханш нь 4-7 жилийн хугацаатай хэлбэлзэж байдаг. Энэ хэлбэлзэл жижиг, буурай орнуудад их хүнд тусдаг. Манайхныг харж байгаа биз дээ. Үнэ нь өсөхөөр баярлаад л төсөв мөнгөө тооцоогүй, замбараагүй цацаад л, буурахаар нь гундаад л, хямарчихлаа, ийм ч зээл, тийм ч тусламж гээд байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдийн Монголын эдийн засагт тохиолдож байгаа хямрал уул уурхайн салбарын туйлбаргүй, тооцоогүй бодлоготой холбоотой юм. Монголын уул уурхайн бодлого сүүлийн 15 жилд гаднынхныг түшиглэлээ. Өөрсдөө нэг ч томоохон обьект ашиглалтад оруулж чадсангүй. Дандаа гаднынхнаар ухуулаад л, тэд нь лиценз, зарим нэг жижиг татвар зэргээр хүүхэд хуурах төдий юм манайд төлдөг биз. Тэгээд л гарсан баялгийг нь түүхийгээр нь вагон вагоноор ачаад аваад явчихаж байна шүү дээ. Үүний цаана байгаа өөр нэг муу зүйл нь Монголынхоо баялгийг гаднынханд цөлмүүлээд түүнээсээ эрх мэдэл, ашиг олж авсан, одоо ч авахыг оролдож буй хэсэн бүлэг хүний ашиг сонирхол маш тодорхой харагдаж байна. Ашигт малтмалын баялаг ядуу дорой амьдарч байгаа монголчуудын амьдралыг дэмнэх, тус болох учиртай юм шүү дээ, уг нь. Даанч одоо тэгж чадахгүй байна. Ийм л дүр зурагтай байна, Монголын уул уурхайн салбар.

-Таны төрсөн нутаг төдийгүй Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн нутагт алт олборлогчид бас цөөнгүй байдаг. Уул уурхайн салбарын хор хөнөөл хийгээд хожмын үр дагаврыг нь хамгийн сайн мэддэг хүний хувьд алтыг нь авах гэж танай нутгийн уул, усыг ухаад байгаа тухайд ямар бодолтой явдаг вэ?

- Хэнтий аймгийн нутаг, Онон голын сав газар бол Монгол үндэстний бүрэлдэн тогтсон, Монгол төр үүсэн байгуулагдсан өлгий нутаг. Бас эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Тийм болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй. Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Алт ухаж болохгүй нэг том шалтгаан энэ.

Гэтэл манай нутагт уул уурхайн, тэр дундаа алт олборлох үйл ажиллагаа цөөнгүй жил үргэлжиллээ. Ингэхдээ хариуцлагагүй, байгаль орчинд хор хөнөөлтэй байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, Гутайн алтны орд газар нь Онон голынхоо яг хойд энгэрт, Онон руугаа буусан уулын аман дээр байдаг. 2004-2005 оны үед тус орд газарт олборлолт ихээр хийсний гороор Онон гол бохирдож, голоос хүн битгий хэл мал ундаалж чадахаа больж байсан шүү дээ. Бас алт угааж байгаа хэсгийн доохно байх Ононгийн шугуй тэр чигээрээ хядуулсан юм шиг унаж байсан. Ийм л хортой зүйл хийж, алтыг нь цөлмөж байгаа гэсэн үг, нэр бүхий компаниуд. Хүмүүсийн яриагаар Батширээт сумын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан гэдэг юм билээ. Хэдэн жил үйл ажиллагааг нь зогсоогоод байсан чинь Урт нэртэй хуулийн зарим заалтыг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед саармагжуулаад дахиад эхэлсэн л дээ. Ард нь нууц ноёнтнууд байдаг гэсэн үг.

-Тэгээд одоо ямар гарц байна вэ?

-Миний бодлоор нэгдүгээрт, монголчуудын өлгий нутаг, Онон голоо сүйтгэх үйл ажиллагааг Засгийн газрын түвшинд тодорхой хэмжээгээр явуулж байна л даа. Хоёрдугаарт, байгаль орчны эсрэг ажиллагаанд төрийн бодлого хүчгүй болжээ. БОАЖЯ, Уул уурхайн яам гэж бий. Сайд, мэргэжилтнүүд нь газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Тэр байгаль, уул ус ямар эмзэглэмээр, өрөвдмөөр болсон байгаа гэж санана. Онон гол руугаа шууд буусан жалганаас л алтны олборлолт явуулж байгаа шүү дээ. Төр засаг, шийдвэр гаргагчид нь ойлгохгүй байгаа юм бол нутгийн түмний хүчтэй эсэргүүцэл, байгалиа, орон нутгаа харамласан эрс тэмцэл л тэр байгалийг аварна. Энэ чинь ганц сумын асуудал биш шүү дээ. Батширээт, Биндэр, Баян-Адарга гэсэн гурван сумын нутаг дамжиж алтны шороо нь урсдаг юм шүү дээ.

-Хэрвээ танай сумынхан, аймгийнхан нутагтаа алт олборлуулахгүй, байгалиа хамгаална гээд тэмцвэл та нэгдэх үү?

-Нэгдэнэ. Хамгийн түрүүнд очно.

-Зөвхөн Батширээт сум ч гэлтгүй орон нутгийн иргэдийг нутгийн удирдлагуудаар нь дарамтлуулах ч юм уу, эсвэл хэдэн төгрөг өгөөд чимээгүй болгодог тухай хүмүүс их ярьдаг л даа?

-Тийм зүйл байдаг гэдэг юм билээ. Нутгийн удирдлагуудад нь хахууль өгөөд л, давхар албан тушаалд ажиллуулаад ирэхээр нөгөөдүүл чинь нутгийн ард иргэдээ ямар нэг байдлаар дуугүй байлгах үүрэг хүлээнэ шүү дээ. Үүнээс нь болоод иргэд, удирдлагуудын хооронд зөрчил үүсч байгаа ч ард түмэн сул дорой байна, зүрх зориг нь мохоо, цөөхүүлээ байна. Үүнээс гадна нэг том зүйл нь монголчууд хамгийн их ашиг олдог салбартаа хэрхэн хандаж байгаа вэ гэдгийг хараад үзье. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд хятад хэлний орчуулагч, тамхины үйлдвэрийн эзэн, бие хамгаалах урлагийн хүн гээд мэргэжлийн биш хүмүүс уул уурхайн салбарыг удирдаад байна. Хамгийн сүүлийнх нь анхандаа овоо дориун байснаа сүүлийн үед их л зөөлөрч байгаа харагдах болж. Миний бодлоор их л дэвтэж байна даа. Нөгөөдүүл нь ч сайн чийглэж, дэвтээж чадаж байна.

Гаднын хөрөнгө оруулагч гэж нарийн технологи оруулж ирдэг, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг хамтрагчийг л хэлдэг

-Та байгаль орчин, ашигт малтмал, уул уурхайг хариуцсан яамдыг яаж ажиллаасай гэж боддог вэ?

-БОАЖЯ нэг хэсэг Гутайн орд газарт алт олборлохыг хориглосон шүү дээ. Мөн хариуцлагагүй уул уурхайн эсрэг багагүй ажил санаачилж, хэрэгжүүлж байсан. Гэтэл одоо буцаад л, бага багаар өмнөх санаачилгуудаа саармагжуулж үгүй хийгээд байгаа нь тоогүй. Энэ бол бас л дэвтэж байгаагийн илрэл. Дэвтэнэ гэдэг чинь юманд уусаж байгааг хэлж байгаа юм шүү дээ.

-Нөхөн сэргээх нөхцөлтэйгээр нөхөрлөл байгуулаад өмнө нь алт ухаж байсан газруудад дахин олборлолт хийж эхлээд байгаа. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Нөхөн сэргээлтийн талаар монголчууд олон жил ярилаа. Жишээлэхэд, Гутайн ордыг ашиглаад, тэр уулыг нурааж, Онон голыг бохирдуулчихаад буцааж нөхөн сэргээнэ гэж байх уу. Үүн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Ер нь шуналыг жаахан хязгаарлахгүй бол болохоо байлаа. Сүүлдээ элдэв хуулийн ийм тийм заалт, зохицуулалтаар өөрсдийнхөө булхайг нууж, зөвтгөх гэж оролддог боллоо. Заамарыг хар л даа. Сүүлийн 30-40 жил ухлаа, нөхөн сэргээж байна гэж цөөнгүй жил ярилаа. Бодит байдал дээрээ улаанаараа эргэсэн шороо, өрөвдмөөр, эмтэрмээр газар нутаг л үлдсэн. Ийм байхад нөхөн сэргээнэ гэсэн нэрийн дор худал хэлж, ард иргэдийг хуурч, эрх мэдэл, хуулиар далайлгаж алт ухаж байгаа нь эмгэнэл. Ер нь тэгээд Монголын төрд эдийн засгийн тогтвортой бодлого байхгүй, гаднаас хэн нэг гуйлгачин ирэхэд л бөхөлзөөд л лиценз өгөөд, газраа ухуулаад байдаг боллоо.

- Та эрх мэдэлтнүүдэд зөвлөж, ямар нэг санал, санаачилга гаргаж болдоггүй юм уу?

- Ер нь аливаа улсын эрдэнэсийн сангийн баялаг хязгаартай, олон үедээ дамжуулж ашиглах зориулалттай юм шүү дээ. Энэ сангийн цоожийг нь бурхан дархалж, түлхүүрийг нь геологичид тааруулдаг юм. Үндэсний геологийн алба байхгүй улс орон хүрз барьсан гуйлгачдад л тонуулаад, зарим нэг зуучлагч нь баяжаад дуусдаг юм шүү дээ. Уул уурхайн салбар бол Монголын эдийн засагт анхны хуримтлал бий болгоход хэрэгтэй. Гэхдээ ийм зарчмаар бид удаан явж болохгүй. Нэг хэсэг монголчууд Голланд өвчин гээд л баахан шуугисан. Одоо өнөөх нь Голланд биш Монгол өвчин болчихлоо шүү дээ. Гаднынхны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заримаас нь би үзсэн. Ер нь алтны салбартаа гаднынхныг оруулдаг улс бараг байдаггүй юм билээ. Өөрсдөө бүтээдэггүй Киргыз, манайх мэтийн улсууд л арчаагүйгээсээ болоод гаднынханд хамгаа өгдөг юм билээ. “Бороо гоулд”-ын алтны уурхайг сана л даа. Гаргаж авсан алтных нь тоог янз янзаар л хэлдэг. Эцсийн дүндээ Монголд юу өгсөн бэ гэдэг нь л чухал шүү дээ. Юу ч үгүй, эвдүүлж, сэндийчүүлсэн талбайтай л хоцорсон. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг бол нарийн технологи оруулж ирдэг, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг хамтрагчдыг хэлдэг. Түүнээс биш дарга нарт хахууль өгдөг, өнөөгийн нийтлэг лицензийн наймаачин гаднынхан биш. Монголын уул уурхай жижиг түшмэдийн лицензийн наймаагаар харийнханд очиж байгаа нь эмгэнэлтэй үнэн. Одоо бид Үндэсний геологийн албаа сэргээх хэрэгтэй. Уул уурхайн аль баялгаа хэзээ, хэрхэн ашиглах тухай хуваариа маш тооцоотой гаргах ёстой юм.

-Ашигт малтмалын тухай хууль манайд бий шүү дээ. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж та бодож байна уу. Яагаад?

-Манай Ашигт малтмалын тухай хууль бол хамгийн дампуу хууль. Монгол Улс 1913 онд анх “Монгол Ар” гэдэг алтны компанийг ажиллуулахдаа дүрэм гаргасан түүхтэй. Үүнээс хойш 1915 онд буюу одоогоос 103 жилийн өмнө Уул уурхайн дүрэм баталсан байдаг. Тэр бол үндэсний эрх ашгаа хамгаалсан хууль байсан. Ингээд хэсэг хугацаанд уул уурхайн тухай хуульгүй явж байгаад 1997 онд Ашигт малтмалын тухай хууль баталсан. Өөрөөр хэлбэл, 1997 оноос эхлээд л будилсан. Сүүлд 2006 онд хэсэг бүлэг хүн Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилсөн. Тэр нь өнөөгийн энэ эмгэнэлт байдлын үүд хаалгыг цэлийтэл нээсэн дээ, харин ч нэг. Үндсэн хуульд “Газар, газрын баялаг бол бүх ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гээд заачихсан байгаа. Гэтэл Ашигт малтмалын хуулиар нөгөө бүх ард түмний мэдэлд байдаг газар, баялгийг маань хэдэн жижиг түшмэл хуваагаад л харийнхантай ханцуйдаа наймаалцаад байж байна шүү дээ. Тиймээс энэ хүчин мөхөс, үндэсний эрх ашгийн эсрэг хуулийг сайжруулах, засах хэрэгтэй. Цаг алдалгүй, маргааш гэж хойш тавилгүй засах ёстой хуулийн нэг яах аргагүй мөн.

Засахаас зайлшгүй өөр нэг жишээ хэлье. Өв баялаг гэдэг бол үнэт зүйл. Үүнийг хэн нэгэнд эзэмшүүлэхдээ худалддаг. Тэр худалдах хэлбэр нь нөөцийн төлбөрөөр хэрэгждэг юм. Гэтэл 1997 оны хуулиар нөөцийн төлбөрөө бүх ашигт малтмалд 2.5 хувиар тогтоосон. Дараа нь 2006 онд үүнийгээ дөнгөж таван хувь болгож өсгөсөн. Ингэж байгаад зарим газар их өндөр байдаг юм байна гэцгээж байгаад 47.4 гэж хавсралт гаргасан. Ийм л байна, манай улстөрчид. Гэтэл хамгийн наад захын Киргызийн Кумторын алтны орд гэхэд нөөцийн төлбөр нь 18.1 хувь байна шүү дээ. Би өмнө нь Богд хаант Монгол Улсын дүрмийн тухай ярьсан даа. Тэнд чинь алтны нөөцийн төлбөрийг 16.7, зэсийнхийг 40 хувь гэж тогтоосон байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялаг тус бүрээр нь нөөцөө тогтоож, хуульд зөвхөн доод хэмжээг нь зааж болно гэх мэт чамбай, холч ухаанаар гаргасан хууль байсныг манайхан хайчилж хаяад өөрсдийнхөө эрх ашгийг шингээсэн гэж болно. Ер нь одоогоор Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг алдагдуулах гоожуурын нүх нь уул уурхайн салбар болчихоод байна. Тийм болохоор уул уурхайтай холбоотой хуулийг цогцоор нь эргэж харах, шийдэх, дэлхийн улс орнуудын жишигт ойртуулах цаг нь болоод байна.

Б.ЭНХМАРТ


URL:

Сэтгэгдэл бичих