Мотоциклийн “синдром” залуусаас үрийг нь булааж байна гэнэ үү

motorcycle-middleНэгэн цагт хөдөөний айл 3, 4-өөс доош хүүхэдтэй байвал хүмүүсийн нүд орой дээрээ гарах шахдаг байлаа.

Малчид нарийн ухаантай хүмүүс болохоор улс эх орондоо хүн нэмээд зогсохгүй, хурга тугал хариулах, цаашлаад амьдрал ахуйдаа нэмэр болох үүднээс олон хүүхэд төрүүлдэг байсан байх л даа.

Харин сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж, малчид сайндаа л 2-3 хүүхэдтэй болдог болчихож.

Энэ бол хүн амын өсөлтийн гол цөм болж байсан хөдөөд аюул нүүрлэж байгаагийн нэг илрэл. Зарим хүмүүс хэтэрхий сүржигнэлээ гэх л байх. Тэгвэл айл болгон хоёроос хэтрэхгүй хүүхэдтэй байвал Монгол Улсын хүн ам өсөх нь битгий хэл буурах байлгүй.

Хөдөөд төрөлт буурч байгаа нь олон янзын шалтгаантай. Малчдын амьжиргаанаас авахуулаад дурьдаад байвал хэд хэдэн шалтаг гарч ирэх нь мэдээж. Гэхдээ тэр дунд нэг том шалтаг “давхиж” яваа нь мотоцикль.

Өнөөдөр түмний хэлдгээр хужаа мотоцикль авч унаагүй малчин байвал бараг л онигоо болж байгаа. Цөөн малтай, ядруухан малчид мотоцикльгүй морио унаад адуундаа мордож, хониндоо явдаг байж магад. Харин энэ байдал нь ажил хөнгөвчилсөн гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлснийг эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэд хэлж байгаа юм.

Чухам юу болоод байна вэ гэхээр, малчин залуусын түрүү булчирхай хар залуугаасаа өвчилж байна. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр эмнэлэгт түрүү булчирхайн хагалгаанд орох залуусын тоо эрс нэмэгдсэн аж. Бүр дараалал нь дийлдэхгүй дээрээ тулаад байгаа юм байна.

Мэдээж хижээл насныхан, өвгөчүүл их байгаа юм билээ. Гэхдээ л ид насан дээрээ яваа залуучууд багагүй хувийг нь эзэлж байгаа юм. Гэхдээ ихэнх нь хөдөөний малчид гэсэн судалгаа гарчихаж. Жилд яг хэдэн хүн түрүү булчирхайн хагалгаанд орж байгаа, түүний хэд нь залуус, хэдэн нь хувь нь хөдөөний малчин байгаа тухай нарийн тоо гараагүй байна л даа. Ямар ч байсан хөдөөнийхөн дийлэнхийг нь эзэлж байгаа гэсэн баримт, судалгаа гарсан нь үнэн.

Тэгвэл хөдөөний малчин залуус ингэтлээ их түрүү булчирхайн өвчилж, хагалгаанд орох гэж дараалалд зогсч байгаа нь юунаас үүдэлтэй вэ гэдгийг мэргэжилтнүүд багахан судалж. Тэгээд явж явж Хятадаас орж ирж байгаа элдэв нэртэй мотоциклиос болж байгаа гэсэн онош тавьсан байна.

Учир юу гэвээс, эрт дээрээс малчид морио унаж, малаа маллаж ирсэн. Морь унахад дороосоо даарахгүй, дулаан явдаг байсан. Харин мотоцикль унаж давхисанаар доороосоо даарч, түүнээсээ болоод түрүү булчирхай нь өвдөж, цаашлаад үргүй болох нөхцөл бүрдчихээд байгаа гэнэ. Товчоор хэлбэл, ийм гаргалгааг гаргаад байгаа юм байна. Ингээд л дээр дурьдсан шиг хөдөөд хүн амын өсөлт зогсох дээрээ тулчихаад байгаа юм л даа.

Хэн хүнийг мотоцикль унах, унахгүйг заах, хориглох боломж мэдээж байхгүй. Тэгэхээр ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлд санаа тавьж, телевиз радиогоор сурталчилгаа явуулмаар байгаа юм.

Тэгэхгүй бол түрүү булчирхай нь өвчлөөд зогсохгүй, цаашлаад малчин залуус хэдэн арваараа үргүй болчихвол хүн амын өсөлтөд тун ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Монгол Улс 3, 4 цаашлаад таван сая хүнтэй болохоор зүтгэж байгаа. Тодорхой хэмжээнд төсөл хөтөлбөр ч боловсруулж, хүүхдийн мөнгө өгч байна. Гэтэл хятад мотоцикль унаж давхиснаас болж малчин залуус үргүй болоод байвал энэ зорилт юу болох билээ гэдгийг хаа, хаанаа анхаарах хэрэгтэй байжээ.

Н.Пунцагболд

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих