“Хүй долоон худаг” монгол наадмын төв болно

p17s3qjam13de1sp31kdi3mr11kt1Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал 06 сарын 02-ны ням гаригт болж тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын байдалтай танилцлаа. Эдгээрийн урсгал засварт өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил нийт 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийх төсвийн санал иржээ.
Үндэсний сурын холбооныхон талбайгаа томсгох, үзэгчийн суудал шинээр барьж, тасалбар тасалдаг болох хүсэлт ирүүлсэн бол шагайн холбооныхон байрныхаа дээврийг засна гэсэн байна. Төв стадионд ч мөн багагүй засвар хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд засварын ажил ид үргэлжилж байлаа.
Жилийн жилд урсгал засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг ч энэ нь хөрөнгө оруулалт болж чаддаггүйгээс гадна үндэсний их баяр наадмаас бусад өдөрт ашиглагддаггүй. Жил жилд зарцуулсан улсын төсвийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад тооцож тус компанийн 51, нийслэлийн 49 гэсэн хувьд өөрчлөлт оруулах ёстой гэсэн санал энэ үеэр зохион байгуулах хорооны гишүүдээс гарч байлаа.
Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд тэнд хийгдэх болно. Харин төв цэнгэлдэхийг олимпийн цогцолбор байдлаар өвөл, зунгүй ашигладаг болно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12500 суудалтай, үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавина. Энэ орчимд автомашины 3000 зогсоол байгуулж, зогсоолын зөвшөөрөл худалдана. Мишээл EXPO, Дүнжингарав, Нарантуул худалдааны төвд наадамчдын автомашиныг үнэ төлбөргүй байрлуулахаар төлөвлөж байна. Харин эдгээр зогсоолоос Төв цэнгэлдэх хүртэл иргэдэд унаа үйлчлэх бөгөөд мөн үнэ төлбөргүй байх зохицуулалт хийх юм байна.
361-ийн гарамыг Хүй долоон худагтай холбосон 8,5 км замын ажил эхэлжээ
Хүй долоон худагт наадамчдын эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тохижилт бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд 700 мянган эко хавтан тавих, “Гудамж” төслийн хүрээнд 361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл 8,5 зм автозам шинээр тавих юм. Энэ хэсгийн замын ажлын зураг төсөл бүрэн дуусаж өнгөрсөн Пүрэв гаригт зам барих ажил эхэлжээ. Дархан Эрдэнэтийн замыг Хүй долоон худагтай холбосон энэхүү замыг 6 компани барьж байгаа бөгөөд 7 сарын 5-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ тойрог замыг хийснээр Улаанбаатар хотоос ирсэн наадамчид эргээд нар зөв эргэж Дарханы замаар, 22-ийн товчоогоор буцах боломжтой болж байгаа юм. Мөн автозогсоол, эко хавтан бүхий талбайг байгуулахад нийтдээ 8 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссы дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва замын ажлыг хугацаандаа дуусгах тал дээр анхааран ажиллах, ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Төв аймаг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт наадмын бэлтгэл ажил дуустал зам барих талбай, хурдан морь уралдах бүсэд айл буулгахгүй байхад хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Үндэсний их баяр наадмын төсвийг Засгийн газрын ирэх долоо хоногт болох хуралдаанаар батлана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих