Хоёр сургуулийн байрыг чөлөөлж цэцэрлэг болгоно

2f671fa0d55f0aec01f424541d096f71_LОрхон аймагт 2012-2013 оны хичээлийн жилд төрийн болон хувийн 30 цэцэрлэгт 5226 хүүхэд суралцаж, цэцэрлэг хүрэлцээгүйгээс 3000 гаруй хүүхэд гэртээ хүмүүжжээ. Иймд цэцэрлэгийн зориулалттай ч өөр чиглэлээр ашиглаж байсан төрийн өмчит барилгыг чөлөөлж, цэцэрлэг байгуулахаар Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар шийдлээ.

Юуны өмнө “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн VI сургууль, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн IX  бага сургууль, Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн байрыг чөлөөлөх гэнэ. Иймд VI бага сургуульд сурч буй зургаан бүлгийн 210 сурагчийг “Баян-Өндөр” цогцолборын хичээлийн I байр луу шилжүүлэх, XIII  сургуулийг бие даасан ахлах сургууль болгох, тэнд сурч буй 23 бүлгийн 674 сурагчийг “Орхон” цогцолбор руу шилжүүлэх, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн IX бага сургуульд сурч буй 16 бүлгийн 532 сурагчийг XII сургууль руу нүүлгэхээр ярилаа. Хэрэв VI, IX  бага сургуулийг чөлөөлбөл эхний ээлжинд 560 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэсэн үг.  Харин Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн байрыг чөлөөлөх асуудлыг дээд удирдлагад нь уламжилсаны дагуу шийдэхээр боллоо. Гэхдээ эдгээр байруудыг чөлөөлж урсгал засвар хийж, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулахад  урьдчилсан тооцоогоор хоёр тэрбум 385 сая төгрөг шаардагдах юм.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих