Монголд тохирсон музейн маркетингтай болно

Музейн ажилтнуудыг чадавхижуулах “Маркетинг, боловсрол, харилцаа холбоо” сэдэвт сургалт өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.
Уг сургалт ЮНЕСКО-гийн Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 оны хооронд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон холбогдох музей, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд болж буй аж.
Норвеги улсын Осло хотын “Соёлын түүхийн музей”-н Олон нийттэй харилцах албаны дарга Паал Морк удирдан явуулах уг сургалтад музей чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 20 орчим мэргэжилтэн хамрагдаж байгаа юм байна.
Сургалтын гол зорилго нь үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх цаашлаад Үндэсний музейн сургалт арга зүйн төвд ашиглах, Монголын нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөртэй болох, хот, хөдөө орон нутгийн бүх музейн харилцаа холбоо, сүлжээг сайжруулах зорилготой юм байна.
Э.Зулцэцэг

URL:













