Б.Обама, В.В.Путин, Шинзо Абэ болон бусад орны тэргүүд Ерөнхийлөгчид баярын мэндчилгээ илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр
Цагаан Ордон
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Өнгөрсөн Лхагва гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлсэнд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид баяр хүргэе. Ерөнхийлөгч Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтран ажиллах болно.
Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Улаанбаатар хот
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Таны удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг цаашид ч эрчимтэй хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Орос-Монголын харилцаа, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь түншлэл, хамтын ажиллагааг иж бүрэн байдлаар идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Тантай цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Танд эрүүл энх, сайн сайхан, Төрийн тэргүүний үүрэгт ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин
Москва хот, Кремль
2013 оны 6 дугаар сарын 27
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж танаа
2013 оны 6 сарын билэгт сайн өдөр
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Өнгөрсөн гуравдугаар сард миний бие Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотно хүлээн авсанд тань дахин талархал илэрхийлье. Эрхэмсэг ноён Тантай эрх чөлөө ардчилал, энх тайван, харилцан туслалцах хэмээх гурван үзэл санаанд тулгуурлан “Стратегийн түншлэл”-ээ улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ. Цаашид бүс нутаг дахь улс төр, аюулгүй байдлыг хангах салбарт нягт хамтран ажиллах “Эрч инишатив” хэмээх санаачилгыг тууштай хэрэгжүүлснээр эдийн засгийн нягт харилцааг бий болгохын төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай үргэлжлүүлэн идэвхитэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, танай сайхан оронд хөгжил дэвшлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Япон Улсын Ерөнхий сайд
Шинзо Абэ
Чили Улсын Ерөнхийлөгч Себастиан Пиньэра
Сантиаго хот
2013 оны 6 дугаар сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж Танаа
Улаанбаатар хот
Эрхэм Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Манай хоёр орон ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, чөлөөт худалдаа, уул уурхай, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, шинэ утга агуулгаар баяжуулахын төлөө байдаг билээ.
Энэ дашрамд Эрхэм Таны эрүүл мэнд, Ерөнхийлөгчийн чухал албанд тань өндөр амжилт хүсч, гүн хүндэтгэл илэрхийлж буйг хүлээн авна уу.
Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч
Себастиан Пиньэра
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч
28/06/2013
Астана хот. Акорда
Эрхэмсэг Ноён,
Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргье.
Казахстан ба Монгол Улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа, энхийн хөршийн харьцаа ба найрамдалт харилцаа нь жил ирэх тусам улам бэхжиж байгааг баяртайгаар тэмдэглэхэд таатай байна. Хоёр улсын ирээдүй ба хөгжилд чиглэгдсэн дотны харилцаа холбоо цаашид улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ завшааныг ашиглан, Эрхэмсэг Ноён Таныг, болон найрамдалт Монгол Улсын ард түмэнд ирж буй Монгол Улсын үндэсний «Наадмын» баярын мэндийг дэвшүүлье.
Монгол Улсад эв нэгдэл, Таньд эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Гүнээ хүндэтгэсэн,
Нурсултан Назарбаев
Эрхэмсэг Ноён
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж танаа
Улаанбаатар
Б.Соёлмаа
URL:




