Зөвлөлтийн дайчдын хөшөө

 Зөвлөлтийн дайчдын хөшөө

Зайсан толгойн оройд байх Зөвлөлтийн армийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборыг 1971 онд босгосон юм.

Уран барималч А.Хишигт, Мишиг нарын эх загвараар 498 хавтгай дөрвөлжин метр талбайд бүтээсэн аж. Цогцолборын ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ.

Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ. Талбайн төв дунд гурван метрийн голчтой мөнхийн гал буюу “тулга” байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг.

Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавьяаны одонгуудыг товойлгон сийлж монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн зураглал бий.
Цэрэг эрийн хөшөө 27 метр өндөр, нэг гартаа зэвсгээ бариад, нөгөө гартаа ялалтын тугаа барьсан байдаг. Энэ өндөрлөгөөс Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой юм.

Г.Золбоо Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих