Сурагчид ижил загварын дүрэмт хувцсаар гоёно
ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны жишиг загварыг баталлаа. Ирэх намраас сурагчид бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэх юм.
Сурагчийн дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй гэсэн иж бүрдлээс бүрдэх бөгөөд иж бүрдэл бүр нь үндсэн болон нэмэлт хоёр хэсгээс бүрдэнэ. Бага ангийн хөвгүүд хүрэм, өмд нэмэлт иж бүрдэл нь кардиган, ноосон майк, цамц, зангиа, охид сарафан, цамц, кардиган, зангианаас бүрдэнэ. Дунд ангийн хөвгүүд хүрэм, өмд, нэмэлт иж бүрдэлд ноосон майк, цамц, зангиа багтжээ. Харин охид хүрэм, юбка, ноосон майк, цамц өмсөнө. Ахлах ангийн хөвгүүд хар хөх өнгөтэй пиджак, саарал өмд, майк, цагаан цамц, охид саарал юбка, хар хөх өнгийн пиджак, ноосон майк, зангиагаар ижилсэнэ. Хөвгүүдийн өмдийг хийхдээ агшиж сунадаг резинэн материал ашигласан тул хоёр жилдээ төвөггүй өмсөж болох аж. Сурагчдын дүрэмт хувцас бүрт 2-3 жилийн баталгаа өгч ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэгч байгууллага нь хариуцлага үүрэх юм байна. Сурагчдын дүрэмт хувцсыг гадуур худалдаалахгүй, нэгдсэн журмаар зөвхөн сургууль дээр нь л борлуулах аж. Шинэ дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, анги ахих тусам үнэ нь нэмэгдэх юм.
Ж.Болор
montsame
URL:













