Сэтгүүлч нөхөртөө сэтгэлээсээ тусалцгаая
Дөрөв дэх засаглалын нэгэн тод дуу хоолой болсон бидний мэргэжил нэгт сэтгүүлч Б.Эрдэнэцогт хүнд өвчинд шаналж, хүний орчлонгийн тоотой хоногоос өмнө буцах дээрээ тулж, ард олноосоо тусламж хүсэхээс аргагүйд хүрсэн цаг үед сэтгүүлч нөхөд нь сэтгэлийн дэм хүсч, элэг нэгт монголчууддаа хандаад байгаа билээ.
“Ийгл”, TV9, “Шинэ дэлхий” зэрэг телевизид ажиллаж, аливаа үйл явдлыг цаг алдалгүй мэдээлдэг байсан авьяаслаг сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүн бүр мэдэх биз ээ.
Хийж бүтээх ид үедээ хүнд өвчинд нэрвэгдсэн түүний бие тун муу байгаа бөгөөд эмч нар элгийг нь яаралтай солихгүй бол хоёр сарын нас үлдсэн гэдгийг хэлж байгаа юм. Харин элэг шилжүүлэн суулгахад 100 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Чухамдаа ийм их хэмжээний мөнгө найзынхаа амийг аврахын төлөө бүлээн сэтгэл өвөрлөж буй сэтгүүлч нөхдөд нь байхгүйгээс “Андын минь амь нас, эрүүл мэндийг аврахад туслаач” хэмээн сайхан сэтгэлт Монгол түмэндээ, үзэгч олондоо хандаж байгаа юм. Тэр “Та бүхний буяны цагаан сэтгэл, халуун дулаан үгс, өглөг, хандивын хүчээр сэтгүүлч анд минь хөл дээрээ босч, телевизийн эфиртээ дахин сууж, алтан микрофоноо атгаад олон түмэнтэйгээ мэндлэх цаг холгүй гэдэгт итгэж байна” гэдгээ ч хэлсэн.
Дөнгөж 30 гаруйхан насандаа аюулт өвчинд өртсөн Б.Эрдэнэцогтыг эрүүл саруул болгохын төлөө нэгэн завин дээр хамтран сэлүүрдэж яваа эрхэм журмын нөхдөөс нь эхлээд сэтгүүлч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшсэн олон олон үзэг нэгтнүүд нь эрвийх дэрвийхээрээ хичээж байгааг харах сайхан байна. Түүнд туслах хөдөлгөөн өрнүүлснийг олонд зарласан хэвлэлийн бага хурал дээр МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй.
Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харамсалтай нь, Б.Эрдэнэцогтод маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм. Тийм ээ, сэтгүүлч бид мэргэжил нэгт нөхрөө аврахын тулд нийгэмдээ, нийт олондоо хандаж, сэтгэлийн дэм хүсч байна.
Энэ нь ч биеллээ олж, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа сэтгүүлч Б.Эрдэнэцогтод салбарынхан нь хандив өргөж эхэлсэн бол аж ахуй нэгжүүдийн анхны төлөөлөл болж, үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн”-ий хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивлаад байна. Энэ үеэр түүний ээж Б.Баасанжаргал “Миний хүүг эрүүл болгохын тулд хичээж байгаа залуусын хүчээр би хүүгээ эдгэж чадна гэсэн итгэлтэй боллоо. Хүү бид хоёрт тусалж байгаа хувь хүн байгууллагуудад гүнээ талархаж байна. Ийм олон сайхан хүний итгэл сэтгэлээр миний хүү эдгэрэх болно” хэмээсэн юм.
Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал нь хором бүрээр муудаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтод туслахаар үзэг нэгт нөхөд нь, хэвлэл мэдээллийн байгууллагууд эмчилгээний зардалд нь зориулж нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлж байгааг Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл талархан дэмжиж, мэргэжил нэгтүүдээ уг аянд идэвхтэй оролцохыг уриалж байгаа билээ.
Зарим байгууллагын удирдлагууд ч биечлэн үлгэрлэж байгаа. Тухайлбал, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нар нэг сарынхаа цалинг хандивлаад байна. Ийнхүү сэтгэлийн дэм, итгэлийн өглөг үргэлжилсээр байна.
Хэрвээ Та сайхан сэтгэлийн илч хайрлая гэвэл хаяг нь энэ байна. Эмчилгээний зардалд хандив өргөх хүмүүс Б.Эрдэнэцогтын ээж Бужийн Баасанжаргалын ХААН банкин дахь 5031681805 тоот дансанд хандана уу. Мөн 155889 дугаарт мессеж илгээж болох юм.
Түүнчлэн наймдугаар сарын 3-нд 19.00 цагаас ”UB palace”-т болох хандивын тоглолтыг үзсэнээр та яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд бодит хувь нэмрээ оруулах болно гэдгийг ч дуулгая.
Эцэст хэлэхэд, “Сайхан сэтгэлийн үзүүрт сүү” гэж үг бий. Цөөхөн монголчууд бид бие биедээ дэмтэй, тустай явахад үйл хэрэг минь аяндаа л бүтнэ дээ.
Н.Саранчимэг
НИЙГМИЙН ТОЛЬ
URL:













