Зая гэгээнтний гүдэн шүтээн болон залагдлаа

Зая гэгээнтний гүдэн шүтээн болон залагдлаа

Халхын зая Бандид Лувсанпэрэнлэй болон VI Зая бандид Лувсанняндаг нарын гүдэн буюу лагшин эдүгээ 360 гаруй жил хадгалагдаж ирсэн байна.

Энэхүү шүтээнүүд нь Буриадын Итгэлт хамбын одоо байгаа лагшинтай адил бөгөөд түүнээс ч илүү тод сайхан хэвээрээ аж. Бурханч лам Г.Пүрэвбат тэргүүтэн лам хуваргууд алтдаж ийн сэргээжээ.

Дээдийн энэ шүтээнийг Улаанбаатар хотод Зая бандид Лувсанданзанп үлжинжигмэдийн буюу Зая гэгээний Гүшиг дацанд сэргээн засварлаж өнгөрсөн сарын 25-нд өөрийн сүм хийдэд нь заллаа. Тус үйл ажиллагаанд Дашчойлин хийдийн тэргүүн Ч.Дамбажав тэргүүтэй лам нар оролцож ном хурж, мөргөл үйлдэв.


Монголын Бурхан шашинтны төв Гандан хийдийн гавж Ц.Отгонбаяр:

-Арван цагаан буян дэлгэрэх нутгийн билэг тэмдэг гэж хадан дээр аринжин ургадаг. Булган уулын өвөрт 10 цагаан буяны билэг төгссөний тэмдэг ургасан. Тэгэхээр нэгдүгээрт, аринжин ургажээ. Хоёрдугаарт, Зүрхэн тушаагаа Жи Ренбүүчи Богд ламын шашин дэлгэрч байна гэсэн билэгдлээр Богд Зонхов бурхныг бүтээн залсан байгаа. Үүний ачаар 370 жилийн түүхийг сөхөж, Лувсанпэрэнлэй гэгээний гүдэн буюу эрдэнэт лагшинг залж байгаад баяртай байна. Гижаалин хийд нь Сундуй хувилгааны дуган байсан юм билээ.

Сундуй хувилгаан дуганы үлдэгдлийг Лувсанпэрэнлэй гэгээний хийд байгуулахаас өмнө Данзан ламтан гэдэг хүн Чонотын хөндий гэдэг газар хамгийн анхны туурийг байгуулсан аж. Хамгийн анхны туурь дээр энэхүү гүдэн залагдаж байгаа нь билэг дэмбэрэлтэй юм. Зая гэгээнтний гүдэнг залах ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Гүдэн залах ёслол нь том хутагт хувилгаадын бие лагшинг шүтээн болгон залахыг хэлдэг.

Тэгэхээр манай ард түмэн, Архангайнхан, Заяын шавь нарт сүсэглэж бишрэх сайхан зүйл нэмэгдлээ гэсэн үг. Нутгийн ард түмэн сайн сүсэглэж, сайн залбирч байгаарай. Ингэснээр залуу хойч үедээ эх орноороо бахархах сэтгэл үлдээх юм. Үүнийг зөвхөн шашин талаас нь биш түүх дурсгал, урлаг талаас нь хүндлэн бишрэх хэрэгтэй гэв. Хэдэн мянганы тэртээгээс зул хүж, номын дуу тасраагүй Заяын хүрээнд Зая гэгээнтний гүдэн шүтээн болж залагдлаа. Энэ үйл явдалтай давхцан мөн Зая гэгээний хүндэтгэлийн цогцолбор нээлтээ хийв. Анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн хүрэл цутгамал хөшөө бүхий энэ цогцолборт усан оргилуур, зүлэг талбай бүгд цогцолжээ. Тус цогцолборын нээлтэд Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав оролцож хурал ном айлдлаа.

Нээлтийн үеэр тус цогцолборыг барьсан “Монгол уран цутгуур” компанийн ажилчдыг шагнаж урамшууллаа. “Монгол уран цутгуур” компанийн захирал Д.Эрдэнэбилэг, -Уугуул нутагтаа ийм сайхан билэг дэмбэрэлтэй Зая гэгээний цогцолборыг бүтээсэндээ баяртай байна. Би Тариат сумын уугуул. 430 сая төгрөгөөр энэхүү цогцолбор баригдлаа. Манай хамт олон төв, орон нутгийнхаа томоохон бүтээн байгуулалтад оролцсон. Тухайлбал, Эрдэнэтийн 23 метр өндөр бурхан багш, Өвөрхангайн өндөр гэгээн Занабазарын 20 метр өндөр сэрэг дүр, Өвөрхангайн Есөн зүйл суманд 21 дарь эх, язгуурын таван бурхадтай нь бүтээсэн.

Улаанбаатарт Чингүнжав, чин ван Ханддорж нарын дүрийг бүтээсэн. Хурдан хөлөг, хүчит бөх, алдарт хүмүүсийн хөшөөг бүтээн үүх түүхээ мөнхлөн яваадаа баяртай байна гэлээ.

С.Бараанасан (Архангай)


URL:

Сэтгэгдэл бичих