Япон сэргэж байна

Япон сэргэж байна

Японы зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлсэн нь өөдрөг төлвийг бий болголоо хэмээн ВВС мэдээлж байна.

Өнгөрсөн 4-6 дугаар сард эдийн засгийн өсөлт 0.9 хувиар нэмэгдэж 3.8 хувьд хүрчээ. Энэ нь өмнөх гурван сарын өсөлтөөс хамаагүй өндөр дүн юм. Дэлхийн гурав дахь том эдийн засгийг эзэгнэж буй самурай нарын хувьд одоо л санхүүгийн нар гийх боломж гарах нь бололтой.

“Бодлого тодорхойлогчдын хандлага илүү өөдрөг, найдвар дүүрэн байна. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, компаниуд ч өөдлөн дэвжих байх” хэмээн Фужицугийн Судалгааны хүрээлэнгийн судлаач Мартин Шулц ВВС-д ярьжээ.

Энэ мэдээ нь наран улсын хөдөлмөрийн зах зээлд томоохон эргэлт авчирна хэмээн шинжээчид найдаж байна. Энэ зуур Японы Засгийн газар худалдааны татварыг нэмэгдүүлэх гэж байна гэсэн мэдээлэл бий.

Одоогоор энэхүү татвар нь таван хувьтай байна. Засгийн газар 2015 он гэхэд энэ татварыг 10 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Наран улсын удирдагчдын одоогийн гол зорилт нь Засгийн газрын өндөр хэмжээнд тулсан өрийг багасгах явдал болоод байна. Тус улсын өр ДНБ-ийнх нь 230 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ бол үйлдвэржсэн орнууд дундаа хамгийн өндөр хэмжээнд тооцогдох дүн билээ.

Түүнчлэн 2060 он гэхэд нийт япончуудын 40 хувь нь тэтгэвэрт гарна гэсэн тооцоо бий. Яг энэ үед татвар өсгөх нь дотоодын эрэлтийг бууруулж, эдийн засгийг “гэмтээх” эрсдэлтэй хэмээн зарим судлаач болгоомжилж байгаа аж.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих