СХД-т айлын хашаанаас Хүннүгийн үеийн булшууд олдлоо
Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамжнаас эртний Хүннүгийн үеийн 29 булш олдлоо. Эдгээр булшин дээр археологчид судалгаа хийн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хоёр булшин дээр малтлагын ажил хийгдэж байна. Бид ажлын явцтай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн 25-р хороог зорилоо. Малтлагын ажил хэр үр дүнтэй байгаа талаар ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Түүх соёл судлалын профессорын багийн багш, археологич Д.Хатанбаатартай ярилцлаа.
-Хүннүгийн үеийн 29 булш олдлоо гэсэн мэдээллийн дагуу ирлээ. Энэ хэсэгт Хүннүгийн үеийн булш байна гэдгийг анх яаж мэдсэн бэ?
-ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багшанх энэ хавьд Хүннүгийн үеийн булш байж магадгүй байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Түүний дагуу манай археологийн баг 25-р хорооны нутаг дэвсгэрт хайгуул хийж эхэлсэн.Хайгуулын явцад энэ хавийн чулуунууд дээр Хүннүгийн үеийн булшны таних тэмдэг байгааг анзаарсан юм. ИнгээдШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, ССАЖЯ хамтраад Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалыг авран хамгаалах малтлага, судалгааны ажлын эхлэлийг тавиад байгаа нь энэ. Бид 29 булш байгааг тогтоож, эхний хоёр булшин дээр малтлага хийж байна. Үлдсэн 27 булш нь айлуудын хашаа, гудамжинд ямар ч хамгаалалтгүй байгаа учраас хэзээ мөдгүй устаж үгүй болоход бэлэн байна. Эдгээр булшуудыг ч малтах ажил удахгүй эхэлнэ.Үндсэндээ энэ хавийг Хүннүгийн үеийн оршуулгын цогцолбор газар гэж болно.Ямар нэгэн байдлаар булшны гаднах зохион байгуулалт нь хадгалагдаж үлдсэн, танигдах боломжтой дурсгалуудыг бид илрүүлсэн.
-Тэгэхээр гаднах таних тэмдэг нь бүдгэрч, мэдэгдэхгүй болсон өөр булш байж болно гэсэн үг үү?
-Үгүйсгэхгүй байна. Таних тэмдэг нь арилж, гадаад зохион байгуулалт нь эвдэрсэн булшууд дахиад байж магадгүй. Тиймээсбид ШУТИС-ийн Геофизикийн ангийн оюутнуудаар хайгуул хийлгэж байгаа.
-Малтлагын ажил хийж байгаа гэлээ. Булшинд хэзээ хүрэхээр тооцоолж байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар энэ хавийн замыг чөлөөлөөд, хоёр булшны малтлагын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар малтлагын ажил бүрэн дуусаагүй учраас гол үр дүндээ хараахан хүрээгүй байгаа. Одоогоор гурван метр орчим ухсан. Дахиад метр орчим ухахад Хүннүгийн үеийн хүний шарилд хүрэх байх. Яагаад гэвэл хүннүчүүд гурван метр орчим нүх ухаж, хүн оршуулдаг байсан юм.
-Булшнаас гарч ирсэн олдворыг хаана байршуулж, хадгалах вэ?
-Булшнаас олдсон эд зүйлсийг одоогоор тусгай хайрцагт хаягжуулан хийж байна. Малтлагын ажил дуусахаар гарч ирсэн олдворуудыг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Түүх соёл судлалын профессорын багийн археологийн лабораторид байршуулна. Угсаа гарвал, он цагийг тогтоох лабораторийн нарийн шинжилгээ өвөл хийгдэх учиртай. Тодорхой үр дүн гарсны дараа Монгол улсын соёлын өвийн тусгай лабораторид бүх мэдээллүүдтэйгээ хадгалагдана.
-Булшнаас мал, амьтны яс их гарч байна гэсэн. Энэ нь хүннүчүүдийн оршуулах зан үйлтэй холбоотой гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Булшинд цэвэрлэгээ хийх, малтлага судалгааны явцад бугын эвэр, малын яс зэрэг эд зүйл олон гарч ирсэн. Энэ нь эрт дээр үеийн хүннүчүүдийн оршуулгын зан үйлтэй холбоотой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Хүннүгийн үеийн нүүдэлчид хүн оршуулахдаа бугын эвэр дагалдуулах заншил түгээмэл байдаг. Харин малын ясны хувьд хойдын зан үйлд бог болон бод малын ясыг их ашигладаг байсан. Тэгэхээр тийм зориулалттай яснууд гэж ойлгож болно.
-Малтлага хэзээ дуусах вэ?
-Бид энэ сарын 27-ныг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд эдгээр булшны хамаарагдах хугацааг тогтоож, устах аюулаас авран хамгаалах ажил хийгдэж дуусна.
-Улсын хэмжээнд Хүннүгийн үеийн булш, археологийн дурсгал олон байдаг уу?
-Ерөнхийдөө эртний Хүннү буюу МЭӨ III зуунаас МЭ I зууны хооронд оршин тогтнож байсан нүүдэлчдийн анхны төрт улсын үеийн булшийг язгууртны болон жирийн иргэний гэсэн хоёр төрөлд хувааж үздэг. Язгууртны булш бол Монголд хэд хэдэн газар бий. Тухайлбал, Ховд аймгийн Манхан сум, Тахилтын хотгор, Төв аймгийн Бор булаг, Хэнтий аймгийн Дуурьлаг нарс зэрэг газруудад энэ төрлийн булш байдаг. Харин Улаанбаатар хотын ойр орчимд өмнө нь Хүннүгийн үеийн булш олдож байгаагүй. Энэ удаагийн энгийн иргэдийн булш анхных нь юм.
URL:























