Туулын бохирдол туйлдаа хүрлээ

Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан мяралздагсан хэмээн магтан дуулагдаж байсан хатан Туулын усны түвшин сүүлийн жилүүдэд эрс багасч байгааг та бид харсаар байгаа. Олон сөрөг хүчин зүйлийн улмаас голын ус багасч, харин бохирдол ихэссэн. Голын эрэгт элс хайрга олборлодог компаниудын сөрөг үйл ажиллагаа голын ус багасч, бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлсөн байгаа.

Харин саяханТуул голын сав газарт элс хайрга олборлодог тусгай зөвшөөрөлтэй компаниудын эрхийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу Туул голын эрүүл ахуйн бүс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх суурьшлын бүсэд байрлан элс хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуйн нэгжийн элс хайрганы ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт гаргасан байна.

Туул гол хавар хамгийн их бохирддог юм байна. Учир нь үерийн ус зайлуулдаг даланд гэр хорооллын айлууд өвөлжингөө хог угаадсаа асгаж овоолдог. Энэ нь хавар шар усны үерээр гол руу шууд урсдаг байна. Мөн барилга барих гээд бутыг нь тасдаж, хайргыг нь хэрэглэсээр ирсэн.

Улаанбаатарчуудын ундаалдаг Туул гол тун удахгүй урсахгүй болно гэдгийг эрдэмтэд ярьж сануулсаар байгаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гүний ус ашиглаж байгаа нийт 426 уст цэгийн 373 нь хүн амын унд, усан хангамж болон үйлдвэрлэл технологийн зориулалтаар, үлдсэн 53 нь бэлчээр усжуулалт, газар тариалан усалгааны чиглэлээр ашиглагддаг байх юм.

Усны эхийг хамгаалах, гадаргын усны тооллого явуулах зэрэг үйл ажиллагааг нийслэлийн Усны газар явуулахаар болжээ. Тооллогын үйл ажиллагаа энэ тавдугаар сарын дундуур эхлэх бөгөөд усны тооллого явуулахад 800 гаруй үзүүлэлтээр тоолж бүртгэлд оруулдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих