Иргэн Т.Нямдаваа төв цэнгэлдэхийн газрыг заржээ
Монголчуудын Үндэсний их баяр наадам тэмдэглэдэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх иргэн хувьчилж авнаас хойш энэ обьект нийслэлийн хяналтаас гарсан. Нэг үгээр хэлбэл бид иргэний өмч дээр баяр наадмаа хийж байна.
Иймээс нийслэлийн удирдлагууд хувьчлалын асуудлаа эргүүлж, нийслэлийн өмч болгохоор хэлэлцэж байгаа аж. Нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээ олон улсын тэмцээн зохион байгуулдаг олимпийн цогцолбор болгох гэсэн боловч хувийн өмчид байгаа болохоор хөрөнгө оруулалт хийж болохгүй байгаа юм байна.
Т.Нямдаваа гэж хэн бэ
Нийслэлийн өмчийг хувьдаа авч чадсан Т.Нямдаваа нь ах н.Нямдаваатайгаа хамт эзэмшдэг юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар ах Нямдаваа нь Төв цэнгэлдэхээс хувь эзэмшдэг. Харин дүү буюу жижиг Нямдаваа нь гүйцэтгэх захирал хийдэг бөгөөд өөрийгөө Жижгээ гэж нэрлэдэг юм билээ.
Т.Нямдаваа Сэлэнгэ аймгийн улаан буудай тариалалтын талыг эзэмшдэг гэсэн. Тэд Төв цэнгэлдэхэд наадам хийхээс гадна өөр арга хэмжээнд түрээслэж, их хэмжээний мөнгө олдог хэрнээ Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьдаа авснаас хойш нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй юм байна.
Жил бүрийн наадмын засварыг улсаас хөрөнгө гаргаж засварладаг. Энэ жилийн хувьд гэхэд улсаас 40 сая төгрөгийн төсөв гаргаж завсарлаж наадмаа хийсэн. Т.Нямдаваа энэ газрыг зөвхөн мөнгө олохын төлөө ашигладаг.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “хумслагчид”
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд багасаж, эргэн тойронд үнэтэй орон сууцууд сүндэрлэж байна. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмчид байхдаа 31 га газартай байсан. Харин Т.Нямдаваа мэдэлд очоод 14 га болтлоо багасжээ. Одоо энэ газар хэд болж багасах нь тодорхой бус байна.
Төв цэнгэлдэхийн зүүн талд хотын дарга асан Ц.Батбаяр газар авч нэлээд том хотхон сүндэрлүүлжээ. Түүнийг залгаад УИХ-ийн гишүүн Чойжилсүрэнгийн “Рапид харш” нэртэй орон сууц боссон байна. Зөвхөн улстөрчид газар эзэмшээд зогсохгүй урлаг, спортынхон ч байдаг аж.
Тухайлбал даян аварга А.Сүхбат 600 ам.метр газрыг эзэмшдэг бөгөөд “Төв цэнгэлдэх”-ийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр газар авч өмчлөх эрхийг Т.Нямдаваагаас авсан байдаг аж.
Тиймээс одоо байгаа “Төв цэнгэлдэх”-ээ нийслэлийн өмчдөө авахгүй бол хэдэн жилийн дараа Монголын ард түмэн улсын баяр наадмаа хийх талбайгүй болохоор байна.
Н.Алтанцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:




