Н.Алтанцэцэг: Хот бондтой болохоор яригдаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас яриагаа эхэлмээр байна. Таны хувьд Баянгол дүүргийг төлөөлж НИТХ-д сонгогдсон шүү дээ?
-Баянгол дүүргээс НИТХ-д Ардчилсан намаас дөрвөн хүн өрсөлдөж 100 хувийн саналаар ялалт байгуулж сонгогдсон. Нийслэлийн ИТХ-д дөрвөн төлөөлөгч байна гэдэг нь баг болж ажиллахад хамгийн том гарц болсон гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийгдсэнийг Баянгол дүүргийн иргэд маш сайн мэдэж байгаа байх. Урьд хожид хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтын ажлууд маш их хийгдэж байна.
Нийслэлийн болон улсын төсвөөс 95 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт манай дүүрэгт хийгдсэн байгаа. Энэ нь урьд жилүүдтэй харьцуулахад 4-5 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал, улсын хэмжээнд 33 замын уулзварыг шинэчлэх засварын ажил хийгдэхээс 17 нь Баянгол дүүрэгт хийгдэж байх жишээтэй. Би дүүргийнхээ долоон хорооноос нэр дэвшсэн. Бид тойрогтоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, зам, гудамжны гэрэлтүүлэг, орчны тохижилт, сургууль, цэцэрлэгийн ажлуудыг хийсэн. Мөн дүүрэгт орон сууцны хороолол байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, хуучин ЗХУ-ын барьж өгсөн хорооллын дээвэрт засварын ажил огт хийгдэж байгаагүй. Орон сууцны дээврийн ажилд л гэхэд 3.2 тэрбум төгрөгийн ажлууд хийгдэхээр болоод байна.
Тендерийн ажлууд нь хийгдээд энэ сардаа засварын ажлууд хийгдэж эхлэнэ. Бид Баянгол дүүрэгт ажил хийж бүтээе гээд төсөвт мөнгө суулгачихаар биднээс хамааралгүй төсөв буцах тохиолдол байна.
Тухайлбал, сургууль, цэцэрлэг барих гээд төсөв, зураг, асуудлыг шийдчихээр газар байхгүйгээс буцах тохиолдол маш их байна. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөх гэхээр иргэд орон сууц барихыг зөвшөөрөхгүй зөвхөн дахин төлөвлөлтөнд орохыг хүсч байна. Боловсролын салбарт нэлээд ажлууд хийхээр төлөвлөж байна. Бага сургуулиудыг барих ажлыг хийх гэхээр манай дүүрэгт үнэхээр газар олдохгүй байна. Тэгэхээр ирэх онд газрыг нөхөн олговроор худалдаж авч сургууль, цэцэрлэг барихаас өөр аргагүй. Мөн 2014 онд орон сууцны дундах замуудыг засах гээд маш олон ажлуудыг төлөвлөөд байна.
-Зарим дүүргүүдэд төсөв нь хүрэлцэхгүй байх тохиолдол байна. Тэгэхээр нийслэл, дүүргийн төсвийн талаар ямар бодолтой байна вэ?
-Төсөв гэж ярихаар манайхан зардлаа бодоод л байдаг. Нийслэлийн ИТХ нь төсөв төлөвлөгөө батладаг. Манайхан ямар эх үүсвэрээр энэ зардлаа гаргадаг асуудлыг орхигдуулаад байдаг. Төсвийг бүрдүүлж байгаа орлогын гол цөм нь татвар шүү дээ. Татварын орлогын бүрдүүлэлтийг барьж чадахгүй бол мянга төсөвлөөд үр дүн үзүүлэхгүй. Улаанбаатар хотын өмнөх жилийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзэхээр энэ жил өсөх хандлагатай байгаа ч зардлын хэмжээ нь илүү их байгаа. Хязгаарлагдмал бололцоогоор хязгааргүй хэрэгцээг хангахыг эрмэлзэж байна. Тиймээс манай татвар төлөгчид хугацаандаа татвараа төлдөг байх хэрэгтэй. Оногдсон татвараа харьяа дүүргүүдийнхээ татварын байгууллагад цагт нь төлж заншвал мэдээж төсөв бүрдэх нь тодорхой. Төсөв гараад ирэхээр хийх ажлууд маань уртаас урт дараалал үүсгээд байж байгаа болохоор болох байх гэж бодож байна.
-Улаанбаатар хот өөрийн бондтой болох тухай яригдаж байсан. Энэ талаар?
-Хот өөрийн гэсэн бондтой болох асуудал яригдаж байгаа. Бонд гаргаад хөрөнгө оруулалтын өгөөж болон мөнгөний урсгалыг бий болгох асуудлыг ярьж байгаа ч гэсэн учир дутагдалтай зүйл ажиглагдаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын гэдэг нэртэй өмчүүд бүгд хувьчлагдсан байх, байгаа хэдэн өмчүүд нь хувь хэмжээ нь маш бага байх жишээтэй. Үүн дээр бодлогын хувьд Улаанбаатар хот өөрөө бонд гаргах эрхийг бий болгох хэрэгтэй.
Тухайлбал, бидний сайн мэдэх Төв цэнгэлдэх, Хүүхдийн парк зэргийн нийслэлийн эзэмшиж байгаа хувь нь бага ч нөгөө хүмүүс нь нийслэлд оруулж байгаа орлогын хэмжээ нь маш бага. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотоос асар их хэмжээний татварын зардал гаргадаг. Тэр зардлыг яагаад хөрөнгөжүүлэх, бүртгэлийн хувьд нь тооцоолоогүй юм бол гэдгийг гайхаад байдаг.
Нийслэлийн өмчтэй гэсэн мөртлөө санхүү тайлан дээр тусгагдаагүй хөрөнгүүд хүртэл байсан. Бид саяхан нийслэлийн хөрөнгийг тоолоод санхүүгийнхээ тайлан тооцоонд оруулсан ажлууд олон байгаа. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгч гэж бэлэгдлийн чанартай хэдэн хүмүүс байсан. Оны эхэнд төсвөө батлана, төгсгөлд гүйцэтгэлээ хянана. Ердөө хоёр л хуралддаг байсан. Одоо бол cap бүр хуралддаг болсон. Ингэснээр нийслэл, дүүрэгт хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг ярилцдаг, тодорхой үүрэг чиглэл өгдөг.
-Сонгогдсон дүүргийнхээ иргэдтэй хэр уялдаа холбоотой ажиллаж байна. Хамгийн сүүлд иргэдтэйгээ хэзээ уулзав?
-Баянгол дүүрэг 23 хороотой. Би Ардчилсан намын дүүрэг хариуцсан дарга гэж явдаг. 23 хороон дээр “Иргэний танхим”-д иргэд хуралдаад бидэнд юу хэрэгтэй байна гэдэг асуудлаа гаргаад ирдэг болсон. Иргэдийн санал дээр тулгуурлан төсөв баталдаг. Иргэдтэй бол байнга уулзалт хийдэг. Бид 23 хороогоо дөрөв хуваагаад бүс болгосон байгаа. Тухайлбал, миний хувьд дөрөвдүгээр бүсийн даргын хувьд иргэдтэйгээ уулзаж 2014 оны төсөвт юу суулгаж өгөх тухайгаа бодно. Улаанбаатар хотын ихэнх орон сууцнууд Баянгол дүүрэгт байдаг учраас лифтны асуудал маш их гардаг байсан бол харьцангуй бага болсон. Иргэд орчны асуудлыг маш их тавьж байна. Хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудын нарлах газарт байшин барьчихдаг. Үүнийг шийдэж өгөөч гэсэн санал маш их ирж байна. Иргэдийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөөдөр бидэнд юу хэрэгтэй байна гэсэн асуудлыг гаргаж ирж хэлж чаддаг болсон. Өмнөх жилүүдэд маш их газрыг хууль бусаар олгосон. Нийслэлийн хэмжээнд хууль бусаар олгосон 200-гаад газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон байгаа.
-Та саяхан кинонд продюссероор ажилласан байсан. Мэргэжлээс өөр салбарт хүч сорьсон гэсэн үг?
-Улстөрч эмэгтэй хүний хүч хөдөлмөр гаргасан явдал болсон. н.Гансүх гэдэг залуу “Голланд сарнай” гэдэг киноны продюссероор ажиллаач гэсэн санал тавьж зохиолоо уншуулсан. Уг кино маань энгийн нэгэн амьдралыг харуулсан мэт боловч, нийгэмд дунд шатны өрх толгойлсон эмэгтэйчүүд цөөнгүй байгаа. Би НИТХ-ын төлөөлөгч болох гээд судалгаа хийгээд явж байхдаа манай эмэгтэйчүүд ямар дайчин, хөдөлмөрч болохыг мэдэрсэн. Ингээд киноны зохиол таалагдсан учраас хамтарч ажиллахаар болсон юм. Тэгэхдээ энэ кино маань 35-аас дээш насны амьдрал үзсэн хүмүүст зориулагдсан драм талдаа. Мэргэжлийн хүмүүс нь сүүлийн 15жилддрамын кино хийгдээгүй гэж хэлж байсан. Энэ киногоор нийгэмд нэг л зүйлийг ойлгуулахыг хүссэн юм. Хүн бүр залуу насны ааг омгоор гэр бүлээсээ салах, хүүхэд өнчрүүлэх явдал байгаад байгаа. Ер нь уучлал бол сэтгэлийн эм юм шүү л гэж хэлмээр байна. Надтай хамт ажилласан, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид маань намайг маш их дэмжсэн шүү.
М.Янжинлхам /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:




