Хүн яагаад бөөрний дутагдалд ордог вэ
Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр. 2006 оноос эхлэн дэлхий нийтээр бөөр хамгаалах өдрийг тэмдэглэдэг болжээ. 2013 оны хувьд “Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье. Бөөр амьдралыг тэтгэнэ” уриатай байгаа аж. Манай улсын хувьд 2009 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Бөөр ямар үүрэгтэй вэ? Хүний биеийн таван цул эрхтний нэг бөөр цусан дахь хорт бодисыг шүүн биеэс зайлуулж бусад эд эрхтнийг хордохоос авардаг байна. Өөрөөр хэлбэл шээсийг гадагшлуулдаг эрхтэн юм. Мөн чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлж байдаг аж. Бөөрний цочмог гэмтэл /Бөөрний дутагдал/ гэж юу вэ? Энэ өвчин нь нэлээд түгээмэл. Бөөрийг хурцаар гэмтээдэг, үүсэх олон шалтгаантай байдаг бөгөөд цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол амь насанд аюултай өвчин.

Бөөрний цочмог гэмтэлд хүргэх шалтгаанууд:
- Түлэгдэл–Хүн их, бага хэмээгээр түлэгдсэн л бол эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, бид гараа жижигхэн түлчихвэл эмнэлэгт очоод байдаггүй өөрсдөө л эдгээчихдэг. Ингэх нь буруу.
-Шингэн алдах (Шоконд орох)-Ямар нэг хүнсний зүйлээс болж бид шингэн алддаг. Үүнийг тоохгүй яваад байж болохгүй. Даруй эмчилгээ хийлгэж зогсоох хэрэгтэй.
-Эмийн хордлого–Таарч тохирохгүй эм дур мэдэн хэрэглэснээс болоод хордлогонд ордог. Иймээс эмийг заавал эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй.
-Үжил–Хүний биед үүссэн идээт үрэвсэл
-Гэмтэл, осол- Ахуйн болон үйлдвэрлэлийн гэмтлээс болж
-Суулгалт–Хоногт 3-4 удаа суулгалт өгвөл даруй эмчлүүлэх, удвал шингэний дутагдалд ороод бөөрний цочмог гэмтэл үүсдэг.
-Тодосгогч бодистой аппаратанд зураг авахуулах – Тухайлбал, зүрх, тархины шинжилгээ өгөхөд компьютерийн болон аппаратны тодосгогч бодис бас нөлөөлдөг хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Бямбадаш ярилаа.
Энэ өвчин нь шээс багасах, даралт буурах, хордлогонд орох, хавагнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг тухай мөн хэлсэн юм. Дашрамд дуулгахад, Бөөрний эмгэг судлалын клиникийн нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр 11.00-16.00 цагт үнэ төлбөргүй үзэх юм байна. Мөн тус клиникийн бөөр, шээсний замын эмгэгийн эмч нар сургалтын танхимтай болж байгаа аж. Хүний бөөр маш эмзэг эрхтэн учраас бөөрөө хайрлаж явах нь хамгаас чухал. Иймд өвдчихсөн хойно нь биш өвдөхөөсөө өмнө заавал өөртөө анхаарал тавьж байгаарай.
URL:





