Т.Алтангэрэл: Дулаан авах боломжгүй 73 барилга байна

IMG_3219Нийслэлийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг есдүгээр сарын 15-аас өгч эхэлсэн.

Харин албан байгууллага болон худалдаа үйлчилгээний төвүүдийн халаалтыг өчигдрөөс тавьж эхэлсэн байна. Гэвч нийт 73 барилга халаалтаа авч чадаагүй байгаа аж.

Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс тодруулсан юм.

-Өнөөдрийн байдлаар халаалтаа аваагүй орон сууц, цэцэрлэг, сургууль байгаа юу?
-Нийслэлийн засаг даргын захирамж, төвлөрсөн дулаан хангамжийн технологийн дүнгийн шаардлагын дагуу орон сууцны хорооллуудын халаалтыг өнгөрсөн сарын 15-аас халаалтыг олгож өгсөн. Одоогийн байдлаар халаалтаа аваагүй байгаа цөөхөн орон сууц үлдсэн. Эдгээр орон сууц нь төлбөр тооцооны өртэй байгаа учраас халаалтаа хараахан авч чадаагүй байна.

-Тэгвэл албан байгууллага, аж ахуйн нэгжүүд болон шинээр ашиглалтад орсон барилгууд халаалтаа аваагүй гэж байна. Ямар учиртай юм бол?
-Аж ахуйн нэгжийн гэрээ наймдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 25 хүртэл хийгдэж дууссан. Энэ хугацаанд гэрээгээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн  халаалтыг аравдугаар 1-ээс эхлэн гэрээгээ хийсэн аж ахуйн нэгжийн халаалтыг тавьж эхэлсэн.

/Өчигдөр/ өглөөний байдлаар нийтдээ аравдугаар сарын 1-д халаалт тавигдах ёстой гэрээ хийсэн аж, ахуйн нэгжүүдийн 87 хувь нь халаалт тавигдсан байна. Харин тавьсан шаардлагын дагуу засвар үйлчилгээ хийгээгүй, шаардлага хангаагүй, дулааны өр төлбөртэй 100 гаруй аж, ахуйн нэгж байна. Эдгээр 100 гаруй аж, ахуйн нэгж төлбөрөө барагдуулаад шаардлага хангавал аравдугаар сарын 10  хүртэл халаалтаа авах боломжтой.

-Өртэй болон шинээр баригдсан барилгуудын халаалтыг хэзээ тавьж өгөх вэ. Ямар шаардлага хангах ёстой юм бэ?
-Шинээр баригдсан барилгууд дулаанд холбогдох тендерийн нөхцөл авсан байх шаардлагатай. Стандартын дагуу шаардлага хангасан барилгыг л дулаанд холбоно. Энэ жил бэлтгэл хангасан 150-аад жижиг, том барилгуудад аравдугаар сарын 15 хүртэл дулаан тавьж өгнө. Дулаанд холбох шийдэлгүй барилгыг дулаанд холбохгүй. Энэ жил шинээр баригдсан 73 барилга дулаан авах боломжгүй болсон. Яагаад гэвэл зөвшөөрөл аваагүй, мөн шаардлага хангаагүй.

С.Сумхүү


URL:

Сэтгэгдэл бичих